ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т Засгийн газрын 01 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын биелэлтийг шалгаж нэгдсэн дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэв.
Шалгалтаар иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлт хангалтгүй, албан хаагчдын цаг ашиглалтыг сайжруулах шаардлагатай, зарим яамдад батлагдсан орон тооноос давсан ажилтан цалинжуулдаг, үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгчид олноор ажиллуулж байгаа, газар хэлтсийн дарга нарын гадаад, дотоод томилолтын тайлан, илтгэх хуудас бичигдээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Мөн ТТХГ-аас 18 төрийн байгууллагын тусгай хамгаалалттай байрны 830 өрөөнд хийсэн үзлэгээр 100 гаруй ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн хадгалж байсан нь тогтоогдсон байна.
Иймд төрийн албанд “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах” албан даалгаврын биелэлт хангалтгүй байна хэмээн дүгнэж, цаашид авах арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Тогтоолыг хэрэгжүүлснээр төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлагыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байна. Мөн төрийн алба сахилга, хариуцлагатай, албан хаагчид ёс зүйтэй байж, ард иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх үүргээ чанд биелүүлэхэд болон алдаа дутагдал гаргасан тохиолдолд хариуцлага тооцоход баримтлах эрхзүйн акт болох юм.
Тогтоолд ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэх, хадгалахыг хориглож, хэрэглэсэн албан хаагчийг ажлаас нь халах арга хэмжээ авах тухай, албан хаагчдын цаг бүртгэлийн системийг нэвтрүүлж, тусгай хамгаалалттай төрийн байгууллагын барилгуудад сүүлийн үеийн чанар стандарт хангасан камерын систем суурилуулах, шалган нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, ажилчдын цагийг хурууны хээ, нүүр царай таних программаар бүртгэж байхыг тусгажээ. Засгийн газрын албан даалгаврыг биелүүлж ажиллах төлөвлөгөө гаргаж мөрдөх, түр орлон гүйцэтгэгч, гэрээт ажилчдыг болиулж, ТАЗ-д захиалга өгч жинхэнэ албан хаагчдын батлагдсан орон тооны дагуу сонгон шалгаруулж ажилуулахыг үүрэг болгожээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.