Зам тээврийн яамны удирдах албан тушаалтнууд нэгнийхээ аминд хүрсэн, галт тэрэг осолдсон гээд эл салбар барцад ихтэй байгаа. Үүссэн хэрэг явдалтай холбоотойгоор тус яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн.
Гэхдээ сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх шийдвэрлэх юм. Харин дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх эрх хуулиараа Засгийн газарт хадгалагддаг байна.
Ийнхүү эзэнгүй болсон эл салбарыг тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнд түр хариуцуулахаар болжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Зам, тээврийн хөгжлийн яам гэлтгүй төрийн бүх байгууллагад архидалт, хувь хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцаа, бие биенээ үл хүндэтгэх, зөрчилдөх зэрэг дутагдал байх ёсгүй. Мөн цаашид боловсон хүчний сонголт, томилгоо зэрэгт зайлшгүй анхаарах шаардлага гарч байна. Зам, тээврийн хөгжлийн яамны хувьд энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, ирэх оны төсвийн төсөл, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын барилгын ажил, Өмнөговь аймагт барьж байгаа Тээвэр, ложистикийн төв, Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замын шинэчлэл, бусад зам, гүүрийн засвар, өвөлжилтийн бэлтгэл зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэдгийг дээрх шийдвэрийн талаар зарлахдаа олон нийтэд мэдээлсэн.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.