Танд хэрэг болох ашиглахад хялбар бизнес төлөвлөлтийн хэрэгсэл

2018-09-3 Амрах агшин

Онцлох бизнес

Төлөвлөгөөтэй байна гэдэг ажил хэрэг амжилттай хэрэгжихийн үндэс

Бизнесийн гараагаа эхэлж буй шинэ компани, хувь хүнд сайн боловсруулсан бизнес төлөвлөгөө чухал үүрэгтэй. Өөрийн бизнесээ эхлүүлэхийн тулд боловсруулсан төлөвлөгөөгөө үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай болдог.

Санхүүгээс аваад маркетинг, үйл ажиллагаа, худалдаа гээд бизнесийн бүх хэсэгт төлөвлөгөө чухал. Гэвч бизнесээ эхлүүлэх гэж байгаа хүмүүсийн ихэнх нь төсөл, төлөвлөгөө боловсруулахаас зайлсхийдэг нь ажиглагддаг. Улмаар ямар ч сайхан санаа байгаад бизнесийн үйл ажиллагаа нь ашиг олохгүй бүтэлгүйтэх үндэс болдог. Харин төлөвлөгөөндөө цаг зарцуулсан ямар ч бизнес гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж аливаа саад тотгорыг давах боломжийг ихэсгэнэ.

Сайтар бэлтгэсэн төсөл бүхий бизнес санаа урт удаан настай, амжилтад хүрэх магадлал өндөр байдаг. Бизнесийн төлөвлөгөө гаргана гэдэг амаргүй ажил ялангуяа гараар хийж төлөвлөгөө зурах нь толгой эргүүлсэн ажил болдог ба энэ бүх асуудлуудыг хялбарчлах үүднээс бизнес төлөвлөгөө хийх олон төрлийн хэрэгсэл бий болжээ. Эдгээр нь таны бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна цаг хэмнэх, бага бичих гээд олон давуу талтай. Бизнес төлөвлөгөөг мэргэжлийн түвшинд түргэн шуурхай, хялбар хийхэд туслах доорхи есөн хэрэгслийг танилцуулж байна.

LivePlan

LivePlan нь бизнес эхэлж буй хүмүүст төлөвлөлтийн үе шатнаас эхлээд төсөл хэрэгжиж эхлэх үе хүртэлх бүх алхмуудыг нарийвчлан зааж өгөхөд туслах зорилготой хуудас бөгөөд цахим орчинд өргөн танигдсан.

Бусад үйлчилгээний адилаар LivePlan нь бизнес эрхлэгчдийг төгс гүйцэтгэлтэй форматаар төлөвлөгөө боловсруулах боломж олгодог. Энд бараг бүх салбарыг хамарсан 500 гаруй төлөвлөгөө байгаа аж.

Хүссэн загвараа сонгоод дараа нь өөрийн санаагаа оруулж хөрөнгө оруулагч болох эхний алхамаа хийнэ. Бэлэн болсон төслөө эхлүүлсний дараа санаачилсан бизнесийн орлого, зарлагаа урьдчилсан таамаглалтай харьцуулан шинжлэх боломжтой болно. Энэхүү программыг ашиглахад сард ердөө 20 орчим ам.доллар хангалтай.

$100 Startup

Та магадгүй санаандгүй орж ирсэн бизнесийн санааг амны цаасанд тэмдэглэж аваад түүнийгээ хэрэгжүүлж амжилтад хүрсэн тухай түүхийг дуулсан байх.

$100 Startup ганц хуудсанд багтах бизнес санаа хэмээх хуудас нь үүнтэй төстэй. Гэхдээ арай боловсронгуй хувилбар нь. Төслөө эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж буй хүмүүст цөөн өгүүлбэрээр хэрэгтэй зөвлөмж, хариулт өгөх зэрэг тус нэмэр болох хэрэгсэл юм. Юу худалдах, үйлчлүүлэгч нь хэн байх, учирч болох бэрхшээл, түүнийг шийдвэрлэх, хэрхэн төлөх зэргийг нэг л хуудсанд багтаан төлөвлөнө.

Дашрамд дуулгахад, энэхүү хуудсыг зохион бүтээгч Крис Гуллибоу ном хүртэл бичиж түүнийгээ Амазоноор худалдаж эхэлжээ.

BizPlan

Ухаалаг утас, таблеттай байхад л ямар ч үнэ төлбөргүй бизнес төлөвлөгөө хийх боломжийг BizPlan хуудас олгодог.

Бизнес төлөвлөлтөөс гадна янз бүрийн үнэгүй маркетингийн хэрэгслүүд, сурталчилгаа, сургалт, хамтын ажиллагааны функцэд нэвтрэх боломжтой. Нэмэлт төлбөр төлснөөр илүү олон үйлчилгээнд нэвтрэх боломжтой. Төлбөрийн хувьд нэг сарын хугацаанд 19-49 ам.доллар төлөхөд хангалттай юм байна.

Copyblogger

Бизнес дөнгөж эхлээд л зээлийн шугам, түншлэл, оффисиын талбай гэх мэт асуудалтай тэр болгон тулгараад байдаггүй. Гэхдээ бизнесийг юунаас эхэлвэл зохилтой вэ? Харин эхлүүлсний дараа дээрх асуудлуудыг төлөвлөгөөнд тусгахын ач холбогол нь юундаа байдаг юм бол?

Copyblogger-ийн хялбар ашиглахуйц бизнесийн төлөвлөгөө боловсруулах хуудас нь дээрхээс өөр загвараар ажилладаг. Энэ нь төлөвлөгөө тус бүрт хамгийн тохирсон хувилбарыг санал болгодог загвар юм. Ихэнх бизнесийн санаа, төлөвлөгөө нэгэн хэвийн байдаг бол Copyblogger бизнесмен тус бүрт тохирсон, хамгийн онцгой загвар боловсруулахад тусалдаг хэрэгсэл юм. Бүтээгдэхүүний оролт гаралт, сурталчилгаа, танилцуулах үйл явц, ашиг олох арга зэрэг бүх аргыг багтаасан бөгөөд Copyblogger Media компанийг хамтран байгуулагч Сония Симоны бэлтгэсэн загваруудыг бэлнээр нь ашиглахаар хийсэн нь бүр хялбар болгож өгчээ.

Платформ төлөвлөгч

Таны бизнесийн санаа визуал хэлбэрийнх бол Анжела Брауны нэг хуудсанд Багтах Визуал бизнес төлөвлөгөөний программ гарцаагүй хэрэг болно.

Business Generation Model Strategyzer-ийн аппликешний зарчимд суурилсан бүтээсэн эл загвар нь “хайрцагнаас гадуур” хамгийн шинэлэг бизнес төлөвлөгөө боловсруулахад хөтөч нь болж чадна. Төлөвлөгөөгөө боловсруулахдаа компанийн мэдээлэл, үнийн санал, хэрэглэгчийн сегмент зэрэгт хувааж баганад оруулаад нэг хуудсанд багтааж хийнэ. Наалтан шар цаасанд санаагаа буулгаад харгалзах багананд тогтооно. Илүү эмх цэгцтэй болгохын тулд хэд хэдэн өнгөөр ялгасан наалтын цаас ашиглаж болно. Ингэснээр оруулсан төлөвлөгөөгөө янз бүрээр өөрчилж өөр шинэ санаа төрсөн үед дахин нэмэж оруулж болох юм.

Enloop

Бизнесийн гараагаа эхлүүлж байгаа хүмүүст санхүүгийн тайлан тооцоо хийх нь хамгийн ярвигтай толгой эргүүлсэн ажил байдаг.

2011 онд байгуулагдсан Enloop бизнес төлөвлөгөө бүтээх салбарт хамгийн үр ашигтай, шинэлэг хэрэгсэлд тооцогдсоор иржээ. Бусад төстэй хэрэгслүүдийн адил Enloop нь таны бизнес төлөвлөгөөг автоматжуулах онлайн интерфэйсийг ашигладаг. Программыг ашиглахын тулд эхлээд эхлүүлэх гэж буй бизнесийн талаарх мэдээллийг оруулна.

Хэрэглэгчдэд санал болгох бүтээгдэхүүн үйлчилгээний талаар бага сага мэдээлэл зэргийг багтаасан ч болно. Мэдээллийг оруулсны дараа программ компанийн санхүүгийн гүйцэтгэлийг тооцоолж бусад төстэй салбарт байх компаниудын мэдээлэлтэй харьцуулалт хийж өгнө.

Enloop-ийн CEO Синтиа МкКаон хэлэхдээ энэхүү программын зорилго бол мэдээллийн хангамжийг сайжруулж бизнес эрхлэгчдэд хамгийн зөв шийдвэр гаргахад туслахад оршино. Анхлан хэрэглэгчдэд үнэ төлбөргүй. Цаашлаад нарийн тооцоололой болоод ирэхээр төлбөртэй аж.

Нэг хуудсанд багтах бизнес төлөвлөлтийн компани

Ийм нэртэй компанийн үүсгэн бий болгосон энэхүү загвар нь бизнес эхлүүлэхэд шаардлагатай чухал мэдээллийн оруулна.

Алсын хараа, бизнесийн зорилго, амжилтын стратеги болон хийх гэж буй ажлын төлөвлөгөө гэх мэт зүйлсийг эмхлэн хураангуйлдаг хэрэгсэл юм. Ойлгоход хүндрэлтэй янз бүрийн текст үсэг бага байдгаараа бусад бизнесийн төлөвлөгөөнөөс онцлог аж.

Wise Bread

Wise Bread гэдэг санхүүгийн нэгдлийн хамтран байгуулагч Грег Гөү бизнесийн гараагаа эхлэгсэд заавал урт ярвигтай төлөвлөгөө боловсруулаад байх шаардлагагүй гэжээ.

Гагцхүү дотоод ажлын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх нь чухал гэж тэрбээр хэлжээ. Эл төлөвлөгөө нь доорхи хэдэн энгийн асуултад хариулсан байх учиртай:

-Таны компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ юу вэ?
-Хэрэглэгчид нь хэн байх вэ?
-Хэдийд бэлэн болох вэ?
– Төлбөрийн хугацаа болон хэзээ төлөх вэ? Эдгээр энгийн асуултыг хариулснаар Грег Гөү өөрийн блогтоо тухай бүрт тохирсон хариултыг бичиж өгөх аж.

АНУ-ын Жижиг Бизнесийг Дэмжих Газар – Бизнес Төлөвлөлт

АНУ-ын Жижиг Бизнесийг Дэмжих Газар (SBA) нь бизнесийн гараагаа эхлүүлж буй хүмүүст интернетээр болон мэргэжлийн зөвлөхөөр дамжуулан төлөвлөгөө боловсруулах, санхүүжилт болон бусад хэрэгтэй зөвлөгөөгөөр хангах сан бүхий байгууллага юм.

Энэхүү байгууллагын бизнес төлөвлөгөө боловсруулах онлайн талбар нь хэрэглэгч болсон хэн ч болов вэб интерфейсийн мэдээлэл авах боломжтой. Үйлчилгээ авахад ямар нэг төлбөргүй.

Орчуулсан Б.Хүдэр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.