Бизнес эрхлэгчдийн дуу хоолой, санал санаачилгыг төрийн бодлого боловсруулагчдад хүргэх, оролцоог хангах, асуудлыг хамтарч шийдэх зорилгоор МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Business breakfast” өглөөний уулзалтын 25 дахь зочноор Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболд оролцлоо.
Уулзалтад бизнес эрхлэгчдээс гадна нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар, харьяа агентлагийн удирдлагууд оролцов. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувь, компани, аж ахуй нэгж байгууллагын 70 хувь, хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод ноогддог гэсэн статистик судалгаа бий. Тиймээс энэ удаагийн “Өглөөний цай” арга хэмжээ нийслэлийн хөгжилд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Иргэдийн тоо албан бусаар 1,6 саяд хүрсэн нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжиж тэлэхийн хэрээр иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд багагүй асуудалд тулгарч байгаа бөгөөд эдгээрийг тал бүрээс нь нээлттэй ярилцаж байж шийдэх учиртайг нийслэлийн Засаг дарга уулзалтын эхэнд тэмдэглэв.
Тэрбээр “Улаанбаатар хот өөрөө бизнесийн том боломж. Үүнийг бид зөв харж хөгжүүлэх шаардлагатай, аливаа асуудлыг болохгүй бүтэхгүй талаас нь харж шүүмжлээд өнгөрөх биш, ямар гарц боломж байна гэдгийг харах нь зөв юм” гэв. Мөн хувийн хэвшлийн гүйцэтгэж байгаа, болж бүтэж байгаа ажил руу гар дүрэх биш, харин аль болох дэмжих байр суурь баримталж буйгаа энэ үеэр мэдэгдлээ.
Нийслэлийн зүгээс нийгмийн дэд бүтцийг бий болгох талд илүү анхаарч ажиллаж байгаа бөгөөд авиа компаниудын үйл ажиллагааг олшруулахаар ажиллаж байна. Бүхэл бүтэн улс 4-хэн авиа компанитай харилцдаг, түүндээ сэтгэл ханаж болохгүй учир Зам тээврийн яамтай ярилцан, цаашид агаарын тээврийн глобалчлалыг эхлүүлэхээр болсноо мэдээлэв. Эхний ээлжинд “Asiana” компанитай хамтарч ажиллахаар тохиролцсон байна. Мөн “Торгоны зам”-ын хүрээнд хурдны замын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.
Түүнчлэн, 1950, 1970-аад онд ашиглалтад орсон хотын гүүрнүүдийн шинэчлэлийг энэ жилээс эхлүүлж байгаа бөгөөд Зайсангийн гүүрний өнгө төрхийг сайжруулан хэлбэр загварыг нь хадгалан авч үлдэхээр болжээ.
Саяас дээш хүнтэй метрополис хотууд олон улсын ЭКСПО зохион байгуулах танхимтай байдаг, Улаанбаатарт ийм танхим байгуулж, олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнүүдийг зохион байгуулахад МҮХАҮТ-тай хамтран ажиллах боломжтой гэлээ.
Хот өргөжихийн хэрээр эрхзүйн орчинг сайжруулах шаардлага гарч байгаа тул Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн бариад байгаа аж. Үүнд хотын түгжрэлийг бууруулах, газар төлөвлөлтийг сайжруулах олон заалт оржээ. Газар олгох асуудал үеийн үед хэл ам дагуулж, гар дамжин наймаалцдаг хэрэгсэл мэтээр явж ирснийг болиулах үүднээс газрыг зөвхөн биржээр дамжуулан худалдаалж байхаар болсон байна.
Уулзалтын үеэр компани, аж ахуй нэгж байгууллагын захирлууд Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлэх төсөл, шинэ санал санаачлагынхаа талаар хөндөн ярилцлаа. Аялал жуулчлалын салбарт мэргэжлийн холбоод хамтран ажиллаж, хотын даргын дэргэд “Эвэнтийн зөвлөл” байгуулах, мөн хотын төв цэг буюу Төв шуудангийн орчмын замын тэмдэг, тэмдэглээг шинэчилж, орчин үеийн технологи бүхий “JOBI” будгаар будах, Улаанбаатар хотын аплейкэшнийг жуулчдад ойлгомжтой газрын зураг бүхий дүрслэл, тэмдэглэгээтэй хийх, барилгын салбар, гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого төлөвлөлтөд хамтран ажиллах зэрэг санал дэвшүүлж харилцан ярилцлаа.
Хотын дарга бизнесийн байгууллагуудын шинэ санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлж, дээрх саналуудыг ажил хэрэг болгох үүрэг даалгаврыг холбогдох агентлагийн удирдлагуудад өглөө.
Мөн Улаанбаатар хотоо эко болгох зорилт тавьж байна. Үрээр суулгац бэлддэг аж ахуйн үйл ажиллагаатай удахгүй очиж танилцана гэдгээ ч илэрхийллээ. Хотын таксинаас өгсүүлээд барилга байгууламж, дэд бүтэц, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, боловсрол гээд бүхий л салбарт хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана гэв.
Мөн бизнес эрхлэгчдэд хандан, Улаанбаатар хот өнөөдөр 15000 хүний суудалтай цэнгэлдэхэд багтан ядан баяр наадмаа тэмдэглэж байна. Жуулчид хангалттай үйлчлүүлж чадахгүй, иргэд ч суудалгүй байх тохиолдол байна хэмээгээд, газрын асуудлаа бид шийдье, хотдоо 45000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихад хувийн хэвшлийнхэн Та бүхэн дэмжээч хэмээн хүслээ.
Уулзалтаар бизнес эрхлэгчдийн тавьсан хэд хэдэн тодорхой саналд газар дээр нь хариу өгч шийдэхээр боллоо. Тухайлбал, Засгийн газрын 330 дугаар тогтоолд үндэслэн Нийслэлд мөрдөх журам гарах бөгөөд үүгээр дамжуулан үйлдвэрлэгч нарт давуу тал олгон бүтээгдэхүүнийг нь худалдан авах хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх аж. Ингэхдээ эмэгтэй бизнес эрхлэгчдийг түлхүү дэмжин, нийслэлийн худалдан авалтад тодорхой хувиар квот олгох юм байна. Түүнчлэн нийслэл “Бизон” хэмээх апп үйлдвэрлэгч компанитай хот хамтарч такси үйлчилгээг шинэ шатанд гаргахаа мэдэгдэв. Мөн нийслэлийн замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулахад “Жоби” компанитай хамтран ажиллах, Аялал жуулчлалын холбооныхны хүсэлтээр наадам үзэх жуулчдын суудлын тоог нэмэгдүүлж, үзвэр үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаар боллоо.
МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа уулзалтын төгсгөлд “Өнөөдрийн уулзалт тодорхой үр дүнтэй боллоо гэж бодож байна. Үүнд нэгдүгээрт, нийслэл өөрийн үйл ажиллагаандаа хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг баримтлах, хоёрдугаарт, хүнд суртлын аливаа бүх хэлбэрүүдийг таслан зогсоох, үгүй хийхэд ил тод, шударга бизнесийн орчныг бий болгохын төлөө ажиллах юм байна гэж ойлголоо. Гуравдугаарт, нийгмийн дэд бүтцүүд, ялангуяа олон улсын байгууллагуудаас хэрэгжиж байгаа нийт 12 төсөл байна, эдгээрийн дүнд бизнес эрхлэх үйл ажиллагаа өргөжин тэлж эерэг нөлөө үзүүлэх юм байна. Дөрөвдүгээрт, худалдан авалттай холбоотой, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэгч нарт давуу эрх олгосон тодорхой зохицуулалтуудыг бий болгох, нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах хамтарсан компаниуд байгуулах чиглэлээр тодорхой ажлуудыг хувийн хэвшилтэйгээ хамтран хийхээр боллоо” хэмээн дүгнэв.
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30399
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.