Үнэхээр итгэж зориглож чадваас саятан болох гэдэг тийм ч холын мөрөөдөл биш юм. Зорьсон зорилго, тэсвэр тэвчээр саятан болох мөрөөдлийг улам бодит болгоно. Та чадна гэж бодож байвал та чадна.
Гэвч зорилгодоо хүрэхэд хамгийн хэцүү хэсэг нь юу вэ? Энэ бол эхний сая доллараа хуримтлуулах юм гэж Америкийн энтрепренер Жон Рамптон “Саятан болоход гаргадаг 11 алдаа” нийтлэлдээ дурджээ. Түүний олж мэдсэнээр ихэнх хүмүүс эхний сая доллараа хийхдээ доорх нийтлэг алдаануудыг гаргадаг аж.
Зорилгодоо хүрэх зөв замаа буруу тооцоолдог
Бие даан суралцан мэдлэг олж авсан Америкийн зохиолч Наполеон Хиллийн 1937 онд бичсэн “Бод, баяж” хэмээх номондоо чинээлэг хүмүүс энгийн хүмүүсийг бодвол аливаа зүйлийг өөрөөр боддог болохыг дурдсан байдаг. Өөрийн хүч хөдөлмөрөөр баяжсан Стив Зиболд дэлхийн 1200 гаруй чинээлэг хүмүүсийн ярилцлагыг судалжээ.
Судалгааны үр дүн нь зохиолч Хиллийн дүгнэлттэй таарч байсан байна. Тэдгээрээс дурдвал:
– Чинээлэг хүмүүс ядуурал бол бүх муу муухайн урхаг гэдэгт итгэдэг
– Хувиа хичээх бол муу зүйл биш
– Тэдэнд ажил хэрэгч сэтгэхүй давамгайлсан байдаг
– Баячууд тодорхой мэдлэгийг эзэмшсэн
– Тэд үргэлж ирээдүйн талаар боддог
– Тэд өөрсдийн хүсэл сонирхлоо дагадаг
– Тэд сорилт, бэрхшээлд дуртай
– Тэд бусдын баялгийг ашиглаж чаддаг
– Саятнууд хадгалах тухай бус олох талаар боддог
– Тэд хэдийд эрсдэл хийхээ мэддэг гэжээ.
Өөрөөр хэлбэл та хэрэв саятан болохоор шийдсэн бол мөнгө, амжилтын талаарх сэтгэхүйгээ өөрчлөх хэрэгтэй болох нь.
Төгс зүйл рүү тэмүүлэх
Амьдралдаа олж авсан хамгийн үнэт мэдлэг ч төгс байдаггүй гэдгийг мэдсэн явдал юм. Та үүнийг хэдий эрт мэдэж авна нэг байрандаа гацалгүй түргэн урагшилж чадна.
Шинээр бизнес эхлэх үед та өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ төгс болгох гэж төдий чинээ хичээж цаг алдана өрсөлдөгчид таны зах зээлийг эзэлж хэрэглэгчдийг дор нь өөртөө татах болно. Туршиж болох аливаа зүйлийг дор нь эхлүүлж бай. Зах зээлийг нь аль болох хурдан эзэлж ав.
Олж авсан болгоноо үрэн таран хийх
Та зургаан орноор хэмжигдэх чектэй боллоо. Таны толгойд шууд л тансаг үнэтэй машин худалдаж авах бодол орж ирнэ. Харин чинээлэг хүмүүс ийм тохиолдолд хэрхэн зарцуулах, дундаж амьдралын хэв маягаар амьдарч болохыг мэддэг байна. Тухайлбал, Уоррен Баффет гэх мэт олонхи баян эрхмүүд жирийн байшинд амьдарч дундаж үнэтэй машин унадаг.
Бодит байдлаас хол тасархай зорилго тавих
Чинээлэг хүмүүс томоор сэтгэж мөрөөддөг. Гэхдээ тэд бодит байдалд нийцэхүйц зорилго тавьж түүндээ хүрдэг. Унтаад босохын хооронд саятан болохгүйг тэд маш сайн мэднэ. Том зорилгод хүрэхийн тулд тэсвэр тэвчээр, шаргуу хөдөлмөр хэрэгтэй. Тодорхой хэмжээний дасгал сургууль, нөхцөл боломжгүйгээр бүтэн марафоны 42 км замыг туулах ямар ч боломжгүй гэдгийг ямар ч холын зайн гүйгч хэлнэ.
Бусдыг сохроор дагах
Баялаг хөрөнгөтэй хүнээс үг сонсох, сайн зөвлөгчөөс үнэ цэнэтэй сургаал сонсох нь маргаангүй сайн хэрэг. Гэвч тийм хүний төлөө ажиллах нь тэр болгон танд ашиг тустай байхгүй. Одоо цагт Apple юм уу, Microsoft шиг компани нээгээд ашиг олно гэдэг хэцүү. Стив Жобс, Билл Гейтсийн алхам алхмаар амжилтад хүрсэн замнал таны захиалгын хувцас цэвэрлэгээний газар нээх төсөлд тус болохгүй нь мэдээж юм.
Таны эхлүүлэх бизнест чухам юу тохирох, ямар аргаар хөгжүүлэхээ сайн төлөвлөх хэрэгтэй.
Зээлийн картын хэрэглээ
Үр ашигтай замыг мэдэж байгаа бол зээлийн картыг бизнесээ босгож хөгжүүлэхэд тийм ч муу зүйл биш. Одоо цагт зээлийн карттай болох нь хамаагүй амар болсон. Өөрөөр хэлбэл, бизнестээ ухаалаг хөрөнгө оруулалт хийх юм уу бизнестээ зориулж мөнгө босгохын оронд өндөр хүүтэй кредит картын төлбөр төлөх сонголтыг нээж өгч байгаа юм.
Удаан хугацааны төлөвлөгөө
Чинээлэг хүмүүс ирээдүйд юу болох, түүнд хүрэх тооцоолох чадварт суралцсан байдаг. Хаашаа явахыг хүсэж, амжилтад хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйг тэд мэддэг. Энэ нь тэдэнд ямар нэгэн саад тотгор учруулахаас урьдчилан сэргийлж, эдгээр сорилтуудыг даван туулах урьдчилсан бэлтгэлтэй байх боломж олгодог.
Хэрэв та бизнесээ эхлэх гэж байгаа бол үйлчлүүлэгч, үйлчлүүлэгчдийг хэрхэн татах, хадгалж хамгаалах талаар урт хугацааны төлөвлөгөөтэй байх ёстой бөгөөд таны бүтээгдэхүүн, үйлчилгээ бусдаас ямар онцлог, давуу талтайг өрсөлдөгчдөө харуулах хэрэгтэй.
Буруу хүмүүстэй хамтрах
Буруу хүмүүстэй нийлж үнэт цагаа үрэн таран хийх нь баялагт хүрсэн хүмүүсийн үйлдэл биш. Таныг зорьсондоо хүрч чадахгүй гэж басамжилдаг, эсвэл таны амжилтыг өөрийнхөө давуу тал болгож ашигладаг хүмүүс байдгийг анхаарах нь зүйтэй. Мөрөөдлөөр дүүрэн ирээдүйгээ гайхамшгаар төсөөлдөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж тэдэнтэй хамтрах нь баялагт хүрсэн хүний зуршил билээ. Тэд үргэлж өөрсдийн гэсэн имижээ бүрдүүлж байдаг.
Бүгдийг өөрөө хийх гэж зүтгэх
Хэчнээн олон малгай давхарлаж өмсөөд бүгдийг чаддаг байгаад та бүгдийг өөрөө хийнэ гэдэг боломжгүй зүйл. Тиймээс сэдсэн зүйлээ даруй эхлэх нь чухал. Таны давуу талыг өргөж сул талыг тань нөхөх авьяаслаг хүмүүсийг хөлслөх хэрэгтэй. Даалгавруудыг бусдаар гүйцэтгүүлэх гэх мэт таны урьд өмнө туршиж үзэж байгаагүй чадваруудыг эзэмших нь зүйтэй. Анх эзэмшиж авахад хэцүү хэдий ч энэ бол амжилтад хүрсэн хүмүүсийн танд хэлдэггүй нууцын нэг юм.
Зөв газраа зөв цагтаа
Хөрөнгө оруулсан ч бай, шинэ бизнес эхэлсэн бай аль үед цаг хугацаа, байршил зайлшгүй чухал. Такси үйлчилгээний “Uber” компанийн анхны ажилтан болж байсан Райан Грейвс тус компанид ажилд орж байхдаа ердөө л “Намайг ажиллуулаач” хэмээн жиргэж байжээ. Одоо тэрбээр “Uber” компанийн салбарын захирал болтлоо дэвшиж компанийн 1.4 тэрбум доллартай тэнцэх хувь эзэмшиж байна.
Товчхон хэлбэл мөрөөдөж суухын оронд өмнөө өнгөрөх боломжуудыг шүүрч ав.
Өөртөө итгэдэггүй
Таныг амжилтад хүрэхэд хойш татдаг хамгийн том зүйл юу вэ? Магадгүй энэ бол та өөртөө итгэдэггүй явдал юм. Өөр хүн хийчих байх гэж хүлээхийн оронд хүслээ дагаад зорьсондоо хүр.
“Идэвхгүй байдал эргэлзээ, айдсыг бий болгодог. Харин үйлдэл таныг өөртөө итгэлтэй, зоригтой болгодог” гэж Дейл Карнеги номондоо бичсэн байдаг. Хэрэв та айдсаа ялан дийлэхийг хүсэж байвал гэртээ хүлээж суулгүй мөрөөдлийнхөө төлөө бодож эхэл. Дараа нь хий.
Эх сурвалж: Business Insider
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.