Д.Амарбаясгалан Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллав

2017-03-27 Нам хөдөлгөөний амьдрал

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан салбарын дэд сайдуудын хамтаар энэ сарын 24-ний өдөр Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллалаа. Д.Амарбаясгалангийн хувьд намынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ард түмэндээ тайлагнах албан томилолтоо эхлүүлснээс хойш арав гаруй аймагт ажиллаад байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сардаа багтаан бүх аймагт ажиллахаар төлөвлөөд байгаа ажээ.

Өнгөрөгч 24-ний өдөр орон нутагт ажиллахаар мордсон ажлын хэсгийнхэн эхлээд Шивээ-Овоогийн уурхайтай танилцсан. Шивээ-Овоогийн уурхай 2002 оноос хойш 11 жил алдагдалтай ажиллаж ирсэн хэдий ч 2016 онд 2.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан талаар уурхайн удирдлагууд хэлж байсан бөгөөд энэ онд багтаан техникийн шинэчлэл хийх шаардлагатай байгаагаа салбарын дэд сайд Т.Гантулгад дуулгаж байсан юм.

Харин аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэд уул уурхайн салбарт баримтлах бодлого, ОУВС-гаас авах хөтөлбөр, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх болсонтой холбоотой олон асуултыг албаныхнаас асууж байв.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ” гэдгийг илэрхийлээд “Хямрал, өрийн энэ ангалаас өөрсдийн чармайлт оролдлогоор гарч, эдийн засгаа эрүүлжүүлэх, улмаар эргүүлэн сэргээхэд ОУВС-гийн дэмжлэг, хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй. Энэ боломж нь юуны түрүүнд ОУВС өөрийнхөө хөтөлбөрөөр Монголд хөрөнгө оруулагчдад баталгаа өгч байгаагаар эхний үр дүнгүүд харагдана. Түүнчлэн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр бол жил бүр тэтгэврийн насыг 0.5 насаар нэмэгдүүлж явах юм. Ингэснээс 2026 он гэхэд эрэгтэй хүн 65, 2036 онд эмэгтэй 65 настайдаа тэтгэвэрт гардаг байхаар зохицуулах юм. Монгол хүний дундаж наслалт 2036 он гэхэд 75 болохоор харагдаж байгаа” хэмээсэн юм.

Мөн иргэд Говьсүмбэр аймгаас сонгогдсон гишүүн Г.Мөнхцэцэг болоод салбарын дэд сайдуудаас аймгийн брэнд болсон каракуль үүлдрийн хонины удмын санг хамгаалах, тал дээр анхаарлаа хандуулахыг хүссэн.

Энэхүү хүсэлтэд Г.Мөнхцэцэг гишүүн “Каракуль үүлдрийн хонины удмын санг хамгаалах тухай хуулийн төсөл өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна. Мөн Чойр хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд цэвэрлэх байгууламж барихаар болсон” тухай хэлсэн.

Түүнчлэн Говьсүмбэр аймгийн иргэдээс “Аймгийн иргэд энэ жилээс эхлэн нүүрсээ хөнгөлттэй үнээр авдаг болсон. Энэ сайн хэрэг. Харин одоо аймгийн төвийн хэмжээнд ус, дулаан түгээдэг төрийн өмчид 3 компанид ч гэсэн хөнгөлттэй үнээр нүүрс өгч болох уу” гэсэн саналыг хэлж байлаа.

Үүнд салбарын дэд сайд “Геологийн шинж чанараас нь шалтгаалаад нүүрсний чанарт асуудал үүсдэг ч, шийдэх боломжтой. Харин үнийн хөнгөлөлтийг хууль баталж байж шийддэг” хэмээн хариулсан юм.

Түүнчлэн “Шивээ-Овоо” ХХК-ийн ажилчид “Уурхайн ажилчдын орон сууцаа хувьчилж авч болох уу” хэмээн салбарын дэд сайдаас тодруулахад “Үүнд болохгүй гэх зүйл байхгүй. Тиймээс уурхайн удирдлагуудтай ярилцаж, шийдвэрлэж өгөх тал дээр хамтарч ажиллая” гэлээ. Ийнхүү МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн иргэдтэй хийх уулзалт өндөрлөж, Дорноговь аймаг уу хөдөлсөн юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дорноговь аймгийн иргэдтэй уулзах үеэрээ намынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “МАН зөвхөн сонгуулийн үеэр орон нутагт ажиллах бус бусад үед ч орон нутагт ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан, санаа бодлыг нь сонсож, намын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалж байх зорилгыг тавьж байгаа. Манай нам УИХ-д олонх болж, Засгийн газраа бүрдүүлээд эдийн засгийг сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн ч гарсан. Бид цаашид МАН-ын мөрийн хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Харин аймгийн иргэдийн зүгээс 30 жил ашиглагдсан халаалтын зуухны асуудал хүндрэлтэй байгааг салбарын дэд сайдад дуулгахад “Танай аймгийнхан халаалт сайжруулах талаар ярьж байна. Гэтэл Монгол Улсын хэмжээнд 10 аймаг огт халаалтгүй байгаа. Тэдгээр аймагт дулааны станц барихаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Дорноговь аймгийн халаалтын зуухны асуудлыг ч гэсэн Засгийн газар, яам хэлтсийн хэмжээнд судалж үзээд хариу тайлбар өгье” гэлээ.

Уулзалтын төгсгөлд иргэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд “Элэгний эм хэрэглэсэн бол нөхөж даатгалаас мөнгө авах боломжтой эсэх, мөн хариуцлага тооцдог механизмыг төлөвшүүлэх хэрэгтэй байгаа”  талаарх санал, бодлоо илэрхийлсэн юм.

Үүнтэй холбогдуулан МАН-ын Генсек “Элэгний эмийн хөнгөлөлтөд хамрагдах боломжийг нэмэгдүүлсэн. Гэхдээ хууль батлагдаж, шийдвэр гарсан хугацаанаас өмнө эм худалдаж авсан бол төлбөрийг эргүүлэн олгох боломжгүй. Эмийг цөөн тоогоор оруулж ирэхэд нэг бүрийн үнэ өндөр өртөгтэйгөөр иргэдийн гар дээр очиж байсан тул “Элэг бүтэн эрүүл хүн” хөтөлбөр хэрэгжүүлээд нийтээр хэрэглэх боломж олгосноор үйлдвэрлэлийн зардал буурч, иргэд арай хямд үнээр авах боломжтой болсон. Харин хариуцлагыг улс төрийн нам тооцдоггүй, Төр хууль хяналтын байгууллага, холбогдох албан тушаалтнууд ажлаа хийж байгаа гэж бодож байна. Мэдээж хүний буруутай үйлдлээс болж Монголын төр, ард түмнийг хохироосон олон зүйл байгаа. Хариуцлагын тогтолцоог сайжруулъя гэдэгтэй хэзээд санал нийлдэг. Тэгж байж төр, ард түмний төлөө ажиллах хүмүүс илүү хариуцлагатай болно гэж үздэг” хэмээн хариуллаа.

О.Шинэтуяа

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.