Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын гүйцэтгэх зөвлөл зөвлөлдөж байна

2018-03-28 Мэдээ, мэдээлэл

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага, Катар улсын Дотоод хэргийн яам хамтран Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн 51 дүгээр зөвлөгөөнийг энэ сарын 27-28-ны өдрүүдэд Доха хотноо зохион байгуулж байна. Гүйцэтгэх зөвлөлийн 21 орны төлөөлөл болох 19 улсын төлөөлөгчид оролцож буй тус зөвлөгөөнд Монгол Улсаа төлөөлөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал оролцож байгаа юм.

Тэрбээр, тус зөвлөгөөнд хэлсэн үгэндээ, Монгол Улс Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд анхлан ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, мөн 2010-2014 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдож, тус байгууллагын суурь конвенцийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтаа тууштай хэрэгжүүлж ирснийг онцлон дурьдаад, “Монгол Улсын Засгийн газар Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийг хамгаалахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч байж ирсний хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна” гэлээ.

Түүнчлэн оролцогч орнуудын төлөөллийг монголын сайхан оронд зочлон ирж, “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр-Тогтвортой хөгжлийн ололтыг хамгаалах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-д оролцохыг урилаа.

Энэ удаагийн Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн уулзалт, зөвлөгөөнөөр иргэний хамгаалалтын байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, гишүүн орнуудын нийтлэг зорилго, зорилтуудыг тасралтгүй өргөжүүлэх боломжит арга замуудын талаар хэлэлцэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.