-2017 оны сүүлээс эдийн засгийн сэргэлт ажиглагдаж эхэллээ. ББСБ-ын салбарын талаар ярилцья?
-Өнөөдрийн байдлаар нийт 535 ББСБ, нэг их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 1.4 сая хэрэглэгч, 100 мянган байнгын зээлдэгчидэд тусгай зөвшөөрлийн хүрээнд 10 төрлийн санхүүгийн үйлчилгээг хүргэж байна. ББСБ-ын салбарын хувьд өнгөрсөн онд нийт өөрийн хөрөнгийн хэмжээ нийт хөрөнгийн 80 хувьд буюу 800 тэрбум төгрөгт хүрч, ББСБ-ууд чадавхжсан, үйл ажиллагааны цар хүрээ, хүртээмж нэмэгдсэн зэрэг эерэг өөрчлөлт ажиглагдлаа. Ялангуяа ББСБ-ууд цаг үетэйгээ зэрэгцэн санхүүгийн үйлчилгээг цахим орчинтой хослуулсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд амжилттай нийлүүлж, цахим орчинд барьцаагүй зээл олгох, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, моргэйжийн зээл, кредит карт гаргах зэрэг шинэ зах зээлийг бий болгон өөрийн хөрөнгөнд тулгуурлан амжилттай нэвтрүүлж байна.
-Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 онд ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр ББСБ-уудад хэрхэн нөлөөлөв?
-СЗХ-оос ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож үе шаттайгаар 2021 он хүртэл 2.5 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ББСБ-ууд дүрмийн сангийн доод хэмжээг 2018 оны 2 дугаар сард 1 тэрбум төгрөгт хүргэх шаардлагатай болоод байна. Одоогоор Улаанбаатар хотод зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй нийт 413 ББСБ байгаагаас 46 хувь нь 1 тэрбумаас дээш төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байна. Харин үлдсэн хэсгээс 120 орчим ББСБ-ууд нийт 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг татах шаардлагатай байна.
Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлснээс хойш нийт санхүүгийн зах зээл дэх ББСБ-ын зээлийн нийлүүлэлтийн хэмжээ 2017 оны жилийн эцсийн байдлаар 33,4 хувиар өсөж 638 тэрбум төгрөгт хүрсэн. ББСБ-ууд чадавхжих, санхүүгийн цогц үйлчилгээг хүргэх, эрүүл өрсөлдөөн бий болох улмаар ББСБ-ын зах зээл дээрх зээлийн нийлүүлэлт өсч хүүгийн түвшин буурах зэрэг эерэг хандлага ажиглагдаж байна. Хүүгийн түвшний хувьд 2016 онд салбарын дундаж зээлийн хүү 4 хувьтай байсан бол 2017 оны жилийн эцсээр 3.4 хувьд хүрч буурсан байгаа. Үүнээс үзэхэд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөсөн нь эдийн засаг дахь санхүүгийн урсгалыг сайжруулж, орлогын зохистой хуваарилалтыг дэмжихэд эерэг нөлөөтэй байгаа юм. Цаашид ч Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тус бодлогын шийдвэр тогтвортой хэрэгжих нь эдийн засагт олон эерэг нөлөөтэй.
Нөгөө талаар 2021 он хүртэл Засгийн газраас ямар нэг валютын зээлийн эргэн төлөлтийн хуваарь байхгүй байгаа, валютын нөөц заавал байх нөөцөөс давсан зэрэг нь төгрөгт итгэх итгэлийг сэргээж, төгрөгийн зээлийн хүү буурахад нөлөөлж, зах зээлийн идэвхжил ажиглагдаж, эерэг хүлээлт бизнес эрхлэгчдэд бий болголоо.
-ББСБ-ууд шинэ зах зээлд нэвтэрч, чадавхжиж байна гэж байна? Та ББСБ-ын салбарын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Банк санхүүгийн системийн нэгэн чухал эд эс нь ББСБ юм. ББСБ нь санхүүгийн зах зээлд тодорхой байр суурьтай, хэрэглэгчтэй цаашид санхүүгийн олон талт үйлчилгээг хөгжүүлэх өргөн боломжтой салбар болсон гэж дүгнэж болно. Улсад чамгүй хэмжээний татвар төлж, санхүүгийн тайлангаа сар бүр гарган, байнга хянуулж, үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өдий хүртэл 15 жилийн хугацаанд хөрөнгийн чадвар, хүний нөөцийн хувьд харьцангуй тогтворжсон нь харагдаж байна. ББСБ-ууд хадгаламж татдаггүй, хувийн хөрөнгөөр санхүүжилт татдагийг бүгд сайн мэдэх байх. Банкуудын өөрийн хөрөнгө гурван их наяд төгрөгт хүрсэн. Тэгвэл ББСБ-уудын өөрийн хөрөнгө үүний 27 хувьтай тэнцэж байгаа нь томоохон санхүүгийн салбар болсны нотолгоо юм.
Ямар ч санхүүгийн байгууллагад хөшүүрэг маш чухал. Гэтэл ББСБ-ууд өөрийн хөрөнгийн асар өндөр чадавхитай хэдий ч өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээс өөр боломж байхгүй, хөшүүрэг ашиглах, бусдаас хөрөнгө, санхүүжилт татан төвлөрүүлэх боломж сул байна. Томоохон ББСБ-уудын хувьд гаднаас санхүүжилт татаж байгаа ч макро эдийн засгийн орчин, татварын орчин, төгрөгийн ханшийн тогтвортой байдал зэрэг олон хүчин зүйлсээс болоод тун хязгаарлагдмал байна.
Нөгөө талаас ББСБ бол цомхон бүтэцтэй, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх боломжтой, харилцагчид хамгийн ойр үйлчилж байгаа институци төдийгүй өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, бизнесийн үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж буй барьцаа хөрөнгийн дутагдалтай, зээлийн түүхгүй, үйл ажиллагаа нь харьцангуй тогтворжиж эхлээгүй байгаа бичил, жижиг бизнес эрхлэгчдэд хамгийн анхны санхүүгийн үйлчилгээг хүргэдгээрээ онцлогтой. Иймээс энэхүү институцийг ашиглаад санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, тэдгээр бизнес эрхлэгч, иргэдэд санхүүгийн боловсролыг олгох, зээлийн талаарх ойлголт, зөв төлөвшилийг суулгах зэрэгт голлон ашиглах боломжтой гэж харж байна.
Мөн ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бичил жижиг бизнесийг дэмжих бага хүүтэй, зорилтот Төрийн төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй, хурдан шуурхай хүргэх зэрэгт ББСБ-ын нөөц боломжийг дайчлах хэрэгтэй байна.
-Бодлогын түвшинд ямар шинэчлэлтүүд хийгдэх шаардлагатай вэ?
-Дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлэх шаардлагатай холбогдуулан ББСБ-уудыг бусдын хөрөнгийг татан төвлөрүүлэх, Төрийн төсөл хөтөлбөрүүдэд хамруулах, бизнесийн орчныг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх зэрэгт хууль эрхзүйн орчины хүрээнд шинэчлэлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль” анх 2002 онд, “Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хууль” 2005 онд батлагдсан бөгөөд эдгээр хуулиудыг шинэчлэх, эрх зүйн орчиныг сайжруулах хэрэгтэй. Ялангуяа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, төлбөр тооцооны шинэ хэрэгсэл гаргах, финтект суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.
Одоогоор Монголын ББСБ-уудын холбоо, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад шинэ хуулийн төсөл дээр ажиллаж ББСБ-уудын үйл ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг судалж, бичил санхүүжилтийн хүртээмжтэй байдал, үр нөлөөг дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн санал болгохоор зорьж байна. Нөгөө талаар төрийн хяналт, зохицуулалтыг улам чамбайруулах, мөн зохицуулах хорооны чиг үүргийг зохицуулалтад нь байгаа байгууллагуудын зах зээлийг хөгжүүлэх тал руу нь хандуулах хэрэгтэй байна.
-2018 онд Холбооны зүгээс ББСБ-ын салбарт бодлогын ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Холбооны бүх гишүүдийн хурлаа бид саяхан зохион байгуулсан. 2017 оны ажлаа дүгнэж, 2018 оны төлөвлөгөө, төсвөө хэлэлцэж, энэ жил хийгдэх ажлуудаа төлөвлөсөн байгаа. Холбооны зүгээс ББСБ-уудаа чадавхжуулах, санхүүгийн зах зээлд эзлэх байр суурь, санхүүгийн үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлж, ББСБ-уудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд голлон ажиллахаар тогтлоо.
Хурлын үеэр Монголын ББСБ-уудын Холбооноос гишүүн 230 гаруй ББСБ-уудаа Smartcampaign буюу харилцагчдын эрх ашгийг хамгаалах Олон улсын хөдөлгөөнд гишүүнээр элсэн орж, тус хөдөлгөөнөөс дэвшүүлэн хэрэгжүүлж буй 7 зарчмыг ББСБ-ын бүхий л үйл ажиллагаанд хэрэгжүүлэн, хэвшүүлж ажиллахыг уриалж, гишүүд маань дэмжин ажиллахаар болсон.
Энэхүү үзэл санаанд нэгдсэнээр санхүүгийн салбарын харилцагчид тэр дундаа бичил санхүүгийн харилцагчдад санхүүгийн үйлчилгээг жигд тогтвортой хүргэх, харилцагчаа хамгаалах, харилцагчидтайгаа хамтдаа хөгжих зарчмуудыг баримтлан харилцагчийг хамгаалах, хэт өрийн дарамтад оруулахгүй байх, бодит орлогод нь нийцсэн хариуцлагатай зээл олгох зэрэг олон улсын Смарткомпанийн үзэл санааг өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх юм. Холбооны зүгээс цаашид энэхүү үзэл санаанд нэгдэн орсон ББСБ-уудыг бодлогоор дэмжих механизмыг хэрэгжүүлж, нэгдэн орохгүй нийгмийн хариуцлагагүй санхүүгийн үйлчилгээг хүргэж буй байгууллагуудад үе шаттай уриалга мэдэгдэл хүргүүлэх зэргээр ажиллана.
Мөн олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд Дэлхийн бичил санхүүгийн төвтэй хамтран ажиллаж энэ онд тус төвийн удирдлагын багт орох, үзэл санаа, бодлого чиглэлийг банк бус санхүүгийн салбарт нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.