О.Баасанхүү: Бүртгэхээс татгалзсан гэдэг нь огт бүртгэхгүй гэсэн үг биш

2018-01-19 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын Их хурал зохион байгуулж, өөрийгөө намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр болж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын даргаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр  “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Бүртгэхээс татгалзсан гэдэг нь огт бүртгэхгүй гэсэн үг биш. Юу ч гэсэн шүүхийн шийдвэрийг бичгээр аваад Хууль журмын дагуу дахин холбогдох байгууллагуудад хандах болно. Намын гишүүдийн өгсөн итгэл найдварыг баталгаажуулах болно” гэжээ.

 

Харин МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Зарим улс төрийн хүчний захиалгаар МАХН-д байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хууль бус Бага хурал, Их чуулган зохион байгуулсан гэж Улсын Дээд шүүх үзлээ. О.Баасанхүүгийн зохион байгуулсан хуралд намын гишүүн бус хүмүүс оролцсон. Мөн намын зарим гишүүдэд худал мэдээлэл өгч, хуралд оролцуулсныг Улсын дээд шүүх тогтоосон учраас ийм шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр дан ганц МАХН-д биш Монголын улс төрийн намуудын хувьд чухал шийдвэр байсан. Хэсэг бүлэг хүн нийлж, элдэв хурал зохион байгуулах нэрээр нам хулгайлах, луйвардах гэсэн оролдлого гаргадгийг болиулахад чухал шийдвэр гэж харж байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас болон ард түмнээс уучлалт гуйх ёстой. Тэр хүн хурал зохион байгуулахдаа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Тамга хулгайлсан, бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн гэх мэт хэргээр нь бид АТГ, цагдаа болон холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар хандана.  Эдгээр үйлдэлдээ хариуцлага хүлээх байх.” хэмээн тодрууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.