Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг хууль зөрчиж олон хүнийг ажлаас халсан нь шүүхийн эцсийн шийдвэрээр нотлогдсон, хууль зөрчиж 2 орлогчтой болсон, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, ашиг сонирхлын зөрчилд автагдсан зэрэг үндэслэлээр түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг аймгийн ИТХ –ын 16 төлөөлөгч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанд уламжилснаар тус аймагт улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал үүсэж, өнөөдөр төсвөө ч баталж чадаагүй байна.
Аймгийн ИТХ-ын ээлжит хурлыг 2017 оны 12-р сарын 4-ний өдөр хуралдуулахаар зарласан ч хурлын дарга нь ирцээ бүрдүүлж чадаагүй байна. Харин 12-р сарын 6-ны өдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхи нь өөрсдөө хуралдаж ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нарыг огцруулсан байна. Үүнээс өмнө аймгийн ИТХ-ын 38 төлөөлөгчийн 55,3 хувь нь буюу 21 төлөөлөгч оролцсон ээлжит бус хуралдаан 2 удаа болж, Засаг дарга А.Гылымханыг огцруулсан ч ИТХ-ын дарга Д.Бауыржан уг хуралд оролцолгүй зугтааж, хурлын шийдвэрт гарын үсэг зуран тамга дарж албажуулагүй байна. Тэрээр энэ удаагийн ээлжит хуралдааны шийдвэрийг мөн л албажуулахгүй өөрийн ойрын хамаатан болох А.Гылымханыг хууль зөрчин хамгаалж байсан ч сүүлд ийнхүү өөрөө огцорчээ.
Одоо Баян-Өлгий аймгийн хувьд 2018 оны төсөв нь батлагдаагүй, шинээр сонгогдсон Т.Серикжаныг Ерөнхий сайд томилоогүй, ИТХ-ын даргад сонгогдсон Х.Бердимурат ажлаа хүлээж аваагүй, аймаг эзгүйрч төрийн ажил туйлдаа хүртэл цалгардсан байдалтай байна.
Чоно борооноор гэгчээр ард түмний анхаарал улс төрд төвлөрснийг ашиглахыг санаархсан Засаг дарга А.Гылымхан хууль зөрчин байгуулсан аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар ахлуулсан Төрийн албаны түр салбар зөвлөлөөрөө дамжуулан өдий хүртэл түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа өөрийн хамаатан садан, тойрон хүрээлэгчдээс бүрдсэн хэлтэс, агентлаг, байгууллагын дарга, бусад албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолтыг тухайн хүнд тохируулан зарлаж, шалгалт явуулж, тэднийг жинхлэх ажилд ханцуй чамлан орсон байна.
Аймгийн ИТХ-ын хуралдаанаар гурван удаа огцруулсан ч тахимаа өгөхгүй, төрийн албыг төрлийн алба болгон завхруулж байгаа А.Гылымханы хууль бус, дураараа дургисан, шударга ёсыг уландаа гишгэсэн үйлдэлд нь Баян-Өлгий аймгийн ард иргэд маш их дургүйцэж, бухимдаж байгаа сурагтай.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30415
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.