Санаандгүй хийсэн алдааныхаа тухай…

2017-12-1 Нийтлэл

Сэтгүүлчдийн шилдэг бүтээлийн уралдаанд веб сайтын төрөлд тэргүүн байр эзэлсэн сэтгүүлч С.Лхагвасүрэнгийн бүтээлийг танилцуулж байна.

Өнөө цагт хүмүүс бие биедээ чин сэтгэлээсээ захидал бичихээ больжээ. Гэхдээ би танд, магадгүй танд ч бас, магадгүй захидал хүлээсэн хэн нэгэнд захидал бичихээр шийдлээ.

№1. Би цэцгэнд дуртай. Намайг анх эхээс мэндлэхэд аав минь ээж бид хоёрыг гал улаан сарнайн баглаа авчирч бэлэглэж байсан гэдэг. Тийм ч учраас надад Сарнай гэдэг нэрийг хайрласан бизээ. Миний амьдралын бүхий л цаг үед миний орчин тойронд, надтай ярилцахын хүсдэг, надад дурласан надад дэндүү татагддаг байсан тэр л хүмүүс сарнай цэцэг бэлэглэдэг байлаа. Зарим сарнай маш гоё анхилам сэтгэл татам үнэртэй олон ч хоног шинэхэн хэвээрээ миний хажууд байдаг байсан, харин зарим нь төд удалгүй унжийж бүр арчлах тусам гундаж хатдаг. Миний хажууд байгаа энэ сарнайтай хамт та нартаа захидал бичиж байна. Хүний амьдрах итгэл үнэмшил үнэ цэнэ энэ сарнайн адил дэлгэрч эсвэл гундаж бүр хатаж үгүй болдог.
Дэлхий дээр олон төрөл зүйлийн амьтад орших эс оршихуйн дайнд ач тач тэмцэлдэн бүр шахцалдан амьдарч байна. Хүний амь гэдэг миний харж буй энэ бяцхан шоргоолжнуудын адил өөр өөрийн гэсэн хугацаатай. Гишгүүлчихгүй л бол энэ шоргоолжнууд өөр өөрсдийн орон зайндаа амьдарсаар л байна. Тасалчихгүй л бол цэцэгc байгалийн жамаараа ургаж дэлбээлдэг. Үүнтэй адил хүн алдчихгүй л бол өөрсдийн хүссэнээрээ урт удаан амьдрах бололцоотой. Тэгвэл алдаа гэж юу вэ? Миний захидлын гол утга эндээс эхтэй.
АЛДАА энэ бол хийхгүй байж болох ч санаатай болон санамсаргүйгээр үйлдэгддэг зан үйлийн нэг хэлбэр. Өнөөдөр би та нартаа санаандгүй хийсэн алдааныхаа тухай бичиж сууна. Тийм ээ бичих ёстой, бичихгүй ч байж чадашгүй нь… Бичихгүй бол бүр болохгүй тийм алдаа учраас бичихыг хүссэн минь магадгүй таны төлөө миний хийж чадах ганцхан зүйл ч байж мэднэ. Бичсэн захиаг минь дуустал нь бас тэвчээртэйгээр эргэцүүлэн өөртөө тунгааж уншаарай. Хожмын нэг өдөр энэ захиаг уншаагүйдээ харамсахгүйн тулд та яг одоо энэ захиаг унш… Бүү залхуур…
25 хан настай хонгорхон бүсгүй байхдаа би айлын бэр болж аз жаргалдаа умбан сайхан амьдарна гэж бодож хүсч мөрөөддөг байсан. Аав ээждээ үнсүүлж алсын замд гарахдаа хүний сайнтай учирч хүсэл мөрөөдлөө биелүүлнэ гэж итгэсэн. Миний анхны эр хүн бол эгэл жирийн нэгэн сайхан Монгол залуу байсан юм. Одоо хир нь би түүнийхээ сайхан инээмсэглэл намайг гал шиг төөнөн ширтэх нүд, надад хэлдэг үгс, намайг тэврэх тэр халуухан тэврэлт, надруу яарах тэр хэмнэлийг мартаж чадахгүй байна. Би дурласан бүр түүнд галзууртлаа дурласан байлаа. Би түүнийгээ маш их санаж бас ганцаардаж байна. Энэ сайхан дурлалынхаа тухай ярихын өмнө хариуцлага гэдэг үгний учрыг холбон тайлбарлах хэрэгтэй байх. Бидний дандаа ярьдаг дотно сонсогддог тэрхүү хариуцлага гэдэг үг уг чанартаа ямар утгыг агуулдаг вэ? Танаас асууя….? Та хир хариуцлагатай хүн бэ? Энэ асуултанд хүн бүр л би хариуцлагтай л гэж хэлэх байх…


Гэхдээ ХАРИУЦЛАГА гэдэг үнэн хэрэгтээ шал өөр зүйл… Юу гээч? Өөрөө өөртөө үнэнч, туйлбартай, тэвчээртэй, нягт нямбай, эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, хүнлэг энэрэнгүй, өр зөөлөн, өвчин зовлонгүй, өөртөө итгэлтэй байхын утгыг бүгдийг нь цогцоор агуулдаг. Тэгэхээр та хариуцлагатай хүн мөн үү…? Алдаа эндээс эхэлсэн…
Би … би бол хариуцлагагүйгээсээ болж алдаа гаргасан эмэгтэй, бас хохирогч, магадгүй та ч надтай нэгэн адил бие сэтгэлдээ шархтай бүр эдгэшгүй гүн гүнзгий шархтэй суугаа нэгэн ч байж болно… хамт байгаарай… бас захидлыг минь заавал уншиж дуусгаарай.
Бид өнөөдөр өөрсдөөсөө шалгаалан хариуцлагагүй болоод бодлогогүй үйлдлээсээ болж алдаа гаргаж өөрсдийгөө болоод өрөөлийг хохироодог. Хүн бүр амьд явах эрхтэй, хүн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй гээд бидэнд маш олон эрхүүд бий. Үндсэн хуулиар олгогдсон тэрхүү эрхүүдийг бичээд байвал маш олон. Тэгвэл өөрийнхөө өмнө бусдын өмнө ямар үүрэг хүлээх ёстойгоо хүн бүр умартах ёсгүй.
***Алс холын Англи улсад хөл тавьж сайн сайхан амьдралаа эхлүүлнэ, хайртай залуутайгаа нутагтаа буцаж очиж сайхан амьдарна гэсэн хүсэл мөрөөдөл минь намайг харийн нутаг рүү хөтлөсөн түүхээс эхэлье.
Хотын төвөөс холгүйхэн нэгэн бяцхан тосгонд би очих визтэй байлаа. Онгоцноос буухад нэгэн сайхан эелдэг эмэгтэй тосч авсан нь зуучлалын байгууллагаар дамжин ирсний минь шан гэж ойлгогдохоор байлаа. Ганц ч хүн танихгүй газарт бусдын адил хөлөө олж амьдарна гэдэг тийм ч амаргүй даваа гэдгийг би онгоцноос буугаад л мэдэрсэн. Өөрийгөө Чулуунаа гэж танилцуулсан тэр эмэгтэй намайг дагуулан машинаар 100 гаруй майлийн зайд байрлах нэгэн жижигхэн тосгонд хуучирч муудаж чийг үнэртсэн жижиг сажиг ялаа шумуул шавьж хорхойтой жижигхэн байшинд төвхнүүллээ. Би жаахан айж балмагдсан ч гэсэн Монгол хүний нэрэлхүү зангаар хэсэг дуугүй суугаад би энэ байшинд хэнтэй амьдрах вэ? гэж өөрийн мэдэлгүй асууж орхив.
Чулуунаа: -Өө санаа зоволтгүй хотын төвд олуулаа шопрот-лож байхаар энд байрны хөлс хямд бас чамтай энэ байшинд амьдрах хүн бол их найрсаг хүн байгаа юм. Чи удахгүй танилцаад мэдэрнээ гэв.
-Чамд өөрийн гэсэн өрөө байна. Тэд одоогоор ажилдаа явцгаасан намайг чамайг тосохоор явсныг тэд мэдэж байгаа болоод л түлхүүрээ үлдээсэн хэрэг. Би тэднийг иртэл чамайг энэ бяцхан хоттой танилцуулна. Хоёулаа зугаатай бас хөгжилтэй байна шүү гээд өөриймсөг гэгч нь инээвхийлэв.
Би: -За одоо ямар буцаад явнаа гэлтэй биш хувь тавилантайгаа эвлэрээд бусдын адил амьдраад байж дээ гэсэн бодол зурсхийн орж ирэв. Ингээд бүхэл өдөржин бид ойр зуурын дэлгүүр хоршоо автобус метроны буудалтай танилцлаа. Англи хэл мэдэхгүй болохоор яанаа гэсэн бодол эргэлдсээр л байлаа.
***Гэнэт хаалга онгойн нэгэн хууз сахалтай гадаад эр гаднаас инээмсэглэн орж ирлээ. Чулуунаа эгч түүнтэй чигтэйхэн инээд алдаад л юм яриад л намайг ирснийг хэлж байгаа бололтой тэр хүн надруу инээмсэглэн харав. Бид хамтдаа кофе ууж хэсэг суусны эцэст Чулуунаа эгч ч явахаар завдав. Ингээд тэр эртэй би хамт үлдлээ. Чулуунаа эгчийг үдэж өгчөөд би өрөөндөө орж Монголоос авчирсан жаахан идэх зүйл ааруул сэлтээ ширээн дээрээ задлан тавилаа. Авчирсан номоо дэлгэн хэсэг уншиж хэвтэв. Нилээд олон хүний гар дамжсан олон ч хүний худал үнэн түүхийн гэрч болсон шинжтэй үйлээ үзсэн ор бололтой хөдлөх тоолонд чихрах дуу нь түвэгтэй бас хөөрхийлөлтэй санагдав. Гэтэл өнөөх залуу хаалга тогшиж оройн хоол хамт идэх талаар санал тавилаа. Урьд нь би өндөр зэрэглэлийн ресторанд ажиллаж байсан болохоор хоол ундтай холбоотой ярианы англи хэлний багахан мэдлэг надад байсан юм. Тэгээд түүнтэй хамт хоол идэхээр гарлаа. Бид хэл усаа мэдэхгүй ч бие биендээ хань болж байгаагаа мэдэрч байлаа. Тэр надад муу залуу шиг огт санагдаагүй учраас зөн совиндоо итгээд өөрийгөө тайвшруулсан. Өглөө хэлний хичээлд суугаад үдээс хойш хийх ажил тэр бүр олдохгүй хэлээ маш хурдан сайжруулах л хэрэгцээ миний хувьд №1 хэрэгцээ байлаа. Өдөр бүр тэр надад цаг гаргаж бид ярилцаж заримдаа дохио зангаагаар ойлголцдог байлаа. Хоног хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрч нэг л мэдэхэд бид 1 сар хамт амьдарсан байсан . Миний англи хэлний мэдлэг ч дээрдэж бид ч бие биедээ дассан байлаа. Түүнтэй тоглож, хамт хооллож, бас дэлгүүр хэсч хааяа хамт зугаалсаар бид ойр дотно найзууд болсон юм. Түүнтэй байхад надад таатай зугаатай байдаг гэдгийг би мэдэрсэн. Тэр нэг өдөр надад хамт байхыг хүсч байгаагаа маш тодорхой илэрхийлсэн. Би ч түүнийг маш сайн ойлгож байлаа. Ингээд л бүх зүйл тэр нэгэн орой эхэлсэн дээ.
***Бидний харилцаа маш дотно нандин санагдана. Тэр надад үргэлж бэлэг авчирч өгнө. Шинэ гоёмсог хувцас сэлт худалдан авч өгнө. Хоол хийж өгнө. Ер нь Монгол хүүхнүүд ийм л нөхрийг хүсдэг байх гэмээр тийм л халамжтай хүн байсан. Би түүнээс авч болох бүхий л таашаал мэдрэмжийг авдаг байлаа. Бид нэг хүн шиг л тийм дотно болсон байлаа. Монголд байгаа найз залуугаа хааяа санан дурсдаг ч энэ орон зайндаа амьдраад бараг дасчихсан юм шиг санагдах үе надад байсан. Би нисэж яваа мэт амьдарсан. Харин нэг жилийн дараа бүх зүйл өөрчлөгдсөн.
Тэр хааяа их оройтож ирдэг байлаа. Сүүлдээ гэртээ ч ирж хонохоо болилоо. Маргааш өглөө нь заримдаа бүр өдөр ирэхээрээ усанд ороод л нэг л сайхан зантай хүн унтаад өгдөг болсон. Би тэр болгонд гомдоллоод асууж шалаад байдаггүй учир нь эрчүүд тийм эмэгтэйд дургүй гэдгийг мэддэг болохоор түүнд итгэх хэрэгтэй гэсэн бодлоор өөрийгөө хуурч явсан. Гэтэл тэр оройтох бүртээ өөр нэгэн залуугийнд очиж хамт хар тамхи татаж, ор хөнжлийн ажил хийдэг байсныг би хожим нь мэдсэн юм. Яагаад гэдэг асуултыг би өөрөөсөө дахин дахин асууж хариултыг хайх гээд олдоогүй. Ёстой галзуурах дөхсөн. Гэнэт би эрүүл байна уу? Энэ яг юу болоод явнаа? Би ямар намагт шигдсэн бэ? Гэдгээ мэдэхийг маш их хүсч зүрх минь дэлбэрэх шахам дэлсэж амьсгаагаа чөлөөтэй ч авах аргагүй боогдох шиг болж гар минь салганан чичирч байв.
Маргааш нь би Лондонд 10 жил амьдарч буй Нараа найзынхаа зааж өгсөн эмнэлэгт очиж шинжилгээ өглөө. Нараатай төөрч яваад таарсан хөгтэй дурсамж бидэнд бий л дээ.
Шинжилгээний хариу ч дороо гардаг юм байна. Өндөр хөгжилтэй оронд ямар ч шинжилгээ өгсөн тэр дороо л гардаг юм билээ. Хариугаа авахад миний шинжилгээ муу гарсан гэдгийг би + тэмдэг хараад л түгшиж гар салганан толгой эргэж хөл дээрээ ч зогсож чадахгүй боллоо. Гэнэт юу болсоныг бүү мэд би нүдээ нээгээд хартал эмнэлгийн орон дээр хэвтэж байв. Миний хажууд хэн ч байсангүй. Орчин тойрноо ажиглан харлаа. Яахын аргагүй би эмнэлэгт байгаагаа мэдрэв. Хөл гар нүүр гээд гар хаана хүрч болох бүхий л газраа тэмтрэн үзлээ. Бүрэн бүтэн харин миний гаранд уян зүү суулгасан байв. Гаднаас хэн нэгэн намайг чиглэн ирж байгаа чимээ гарав. Тэр зүгрүү хартал Нараа маань зогсож байв. Би түүнийг тэврээд учиргүй их уйлж сэтгэлээ жаахан тайвшруулав. Гэтэл эмнэлгийн хувцастай нүдэнд дулаахан хүн намайг тосон ирж явав. Гартаа шинжилгээний бичгийг маань барьжээ. Нарааг миний хажуугаас битгий холдооч гэж гуйсанд тэр ч зөвшөөрөв. Ингээд шинжилгээний талаар тэр 2 баахан ярилцав. Нараагийн нүдрүү харахад тэр нилээд санааширсан бас их түгшсэн байдалтай харагдав. Тэгээд тэр 2 надад ойртон ирээд хамт суугаад та ХДХВ-ийн халдвар авсан байна гэж хэллээ. Энэ үг надад тэнгэр ниргэхтэй адилхан санагдаж би дахин ухаан алдаж унасан байв. Дахин сэрлээ… Тэд миний хажууд байв.
-Та тайван байгаарай. Халдвар авсан бүхэн муугаар төгсөхгүй байгаасай гэж би хүсдэг. Би ч бас эмнэлгийн нөхцөлд халдвар авсан. Одоо би ажлаа хийгээд л эмчилгээгээ хийлгээд 8 жил болж байна. Аливаа өвчнийг даван туулахад хувь хүний сэтгэлийн хат болон нийгэм хүмүүсийн хандлага маш чухал. Хэрвээ биднийг гадуурхаад эхэлвэл бид чинь яаж энэ хорвоод мөрөө гаргаж оршин тогтнох билээ. Өнөөдөр та маргааш таны ойр дотны хэн нэгэн нөгөөдөр магадгүй таны хүүхэд ч энэ халдварыг авч болно. Бид ийм л эрсдэлтэй нийгэмд амьдарч байна. Яг над шиг, тань шиг хүн дэлхий дээр хэд сая байгааг мэдэх үү? Бараг 40 сая хүн гэж хэлэхэд би ёстой шоконд орсноо нуугаад яах вэ…
–Та их сайхан нэртэй юм. Rose бол цэцгийн хаан шүү дээ хэмээн инээмсэглэв. Би яг юу ярих, яах ёстойгоо мэдэхээ байлаа. John хэмээх тэр эрийг бушуухан олж алах юмсан гэсэн бодол, хүсэл судсаар минь гүйх цустай хамт булгилан буцалж байлаа.
***Хэсэгхэн хугацаанд тайвширч жаахан амсхийсний дараа би түүн рүүгээ утасдлаа. Түүний утас хаалттай. Харин надад дуут мэссеж үлдээсэн байв. Хонгор минь хайрт Rose минь. Яг одоо чи намайг үзэн ядаж байж болох юм. Би өөрийгөө халдвартай болсон гэдгээ 1 сарын өмнө мэдсэн ч чамдаа хэлж зүрхлээгүй юм шүү. Би 3 сарын өмнө гэнэтийн ослоор цус алдаж байсан найздаа туслаж шархыг нь боож өгөх гэж байгаад машины цонхны шилэнд гараа зүссэн. Ингэж би халдвар авсан байсан. Түүнийг халдвар тээгч болсон гэдгийг ч мэдээгүй учраас энэ бол маш санаандгүй төдийгүй хүнлэг сэтгэлийн төлөөс болно ч гэж бодсонгүй явлаа. Надад чамайг харах, чамтай ярих ч эрх байхгүй учраас эндээс бүр мөсөн явахаар шийдлээ. Намайг мартаарай. Бас үзэн ядаарай… гэсэн байв.
**Одоо би яах вэ? Хаашаа харж үхнээ л гэж бодохоос өөр бодол толгойд орж ирэхгүй байлаа. Тэр оронд харин над шиг ийм асуудалтай хүнд тусладаг эмнэлэг, эмч, сэтгэл зүйч, халдвартай бас өвчтэй хүмүүсийн уулздаг клуб хүртэл байдаг юм билээ. Бас нийгэм нь халдвартай хүмүүстэйгээ алагчилж харьцдаггүй гэдгийг би өмнө нь сонсож байсан юм. Хүсээгүй үхлйг хүн өөрөөсөө болж сонгоно гэдэг аймаар санагдаж байв. Үхлээс өөр надад юу ч бодогдохгүй байлаа. Эндээ үүрд үлдэх үү? Эсвэл нутаг буцах уу? Гэсэн бодол ээлжлэн эргэлдэж би яг хаашаа явахаа мэдэхгүй байлаа.
** Манай улсад над шиг ийм асуудалтай хүмүүс хир олон байдаг бол? Намайг Монголын нийгэм яаж хүлээж авах бол гээд л түмэн бодол эргэлдэж нэгэн сайт руу орж мэдээлэл авахыг хүслээ. Энэ сайтны нэр нь “Улаан тууз” гэх юм билээ. Монголдоо ганц байдаг энэ төвөөр олон хүн үйлчлүүлдэг бололтой. Гэхдээ хувь хүний мэдээлэл огт байхгүй нууцалдаг бололтой. Харин халдвартай болон энэ өвчнөөр өвдсөн хүний тоог тодорхой тавьсан байв. Та ч үүнийг сайн харах хэрэгтэй.
2017 оны 11 сарын 21-ны өдрийн байдлаар Монгол улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 2017 онд нас баралтын 5 тохиолдол бүртгэгдээд байна.

1995 оноос хойш өнөөг хүртэл байнга тасралтгүй өссөн үзүүлэлттэй харагдах энэ судалгааны дүнг харахаар өөрийн эрхгүй шүүрс алдаж харамсан халаглалаа.
Гэтэл АНУ гэх зэрэг өндөр хөгжилтэй орнуудад дээрх өвчний шинэ тохиолдол бүртгэгдэхээ больсон гэсэн мэдээлэл ч харагдав. Улс орнууд энэ асуудалд маш нухацтай хандаж сургуулийн хүүхдүүдэд хичээлийн программд нь хүртэл суулгаж өгснөөр ирээдүйгээ аварч эхлэж байгаа бололтой. Манай улсын сургалтын хөтөлбөрт ялангуяа өсвөр насныханд энэ тухай мэдээлэл хир өгөгддөг юм бол? Бэлгийн цөөнхийн асуудлыг яагаад хаалттай сэдэв гэж үздэг юм бол? Хүний ёсноос гаж зүйл хийдэг этгээдүүд хэмээн хүлээж авдаг нийгмийн чиг хандлагыг хэрхэн өөрчлөх вэ? гээд маш олон асуудлууд байдаг юм байна.
*** Би чинь залуу хүн шүү дээ эмэгтэй хүнийхээ хувьд би хүүхэд тээж түүнийгээ төрүүлэх хувь тавилангүй гэж үү гэж бодохоор уйлаад уйлаад сүүлдээ нулимс ч гарахгүй болох үе хүнд ирдэг юм билээ. Харин Нараа эгч хэлэхдээ эмчилгээгээ сайн хийлгээд бие ээ сайн тордож эсэргүүцлээ онц байлгаж чадвал эрүүл хүүхэд ч гаргах боломжтой шүү дээ гэж эмч нар ярьж байгаа тухай надад дуулгасан нь миний урьд хожид дуулдаж байгаагүй хамгийн гэрэл гэгээтэй сайхан мэдээ боллоо. Ийм хүсэлтэй ээжүүд хүүхдээ хэрхэн олдог хэрхэн тээдэг талаар надад төрсөн таамаглал, сонирхол миний хүслийг уншиж судлах үйл ажиллагаанд өөрийн эрхгүй хөтлөсөн юм. Монголд халдвартай 13 эхээс 19 эрүүл хүүхэд мэндэлжээ. 5 ээж давтан төрөлт хийсэн байна. Хүүхдүүд бүгдээрээ эрүүл төржээ гэх мэдээллийг уншаад надад амьдрах, амьд явах хязгааргүй урам зориг эрч хүчийг өгсөн юм. Халдвар авсан нийт хүмүүсийн 81 хувийг эрчүүд буюу тэр дундаа ижил хүйстэн эрчүүд зонхилж байв. Энэ их содон санагдав. Монголд төдийгүй дэлхийн бүхий л улс орнуудад бэлгийн цөөнх байдаг ч халдвартай эрсдэлтэй харьцаа хийсээр байгаа нь сэтгэлийг минь маш их эмзэглүүлэв. Насны хувьд 39,6%-ийг 23-34 насныхан эзлэж байв. Хайран залуу нас гэж хэлэхээс өөр ч үг олдохгүй байснаа нуух юун. Гэхдээ эмэгтэйчүүд ямар замаар халдвар авсан тухай дурьдагдаагүй байх юм. Халдвартай эх эрүүл хүнтэй бэлгийн харьцаанд орж болохгүй тэгэхээр яаж ямар аргаар жирэмслээд байгаа талаар мэдээлэл харагдахгүй байв. Энэ тухай мэдээлэл надад амьдралд итгэх, амьдралд дурлах тэрхүү хүч, эрчим энергийг өгөх байлаа.
Би маш их бодсоны эцэст эх орондоо ирж ретровирусын эсрэг эмчилгээндээ цаг алдалгүй орсон. Ингэснээрээ би өнөөдрийг хүртэл бусдын л адил тэврэх үртэй бүр хүү охин хоёртой болж сайхан амьдарч байна. Миний хүүхдүүд нарийн мэргэжлийн эмч нарын хяналтанд байж эмчилгээгээ хийлгэж байсны хүчинд эрүүл саруул төрцгөөсөн. Энэ бүхний эцэст би хариуцлагатай байх, алдаа хийхгүй байхын учир утгыг та бүхэндээ ойлгуулах гэж өөрийн бяцхан түүхээсээ хуваалцлаа. Энэ бүхний эцэст танд гэж хэлэхэд аюулгүй бэлгийн харилцаа, эрүүл мэнддээ анхаарал тавих хувь хүний хариуцлага, эрүүл уур амьсгалтай нийгэм хамт олон, ялангуяа өсвөр насныханд чиглэсэн боловсролын тогтолцоон дахь эрүүл мэндийн хичээлүүдэд ойлгомжтой хүртээмжтэй сургалтуудыг зохион байгуулна гэмээнэ энэ халдварыг зогсоох цорын ганц арга зам нь юм байна гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Би дахин уйлахгүй бас гутрахгүй амьдралаас сайн сайхан бүхнийг мэдэрч, сэтгэл өөдрөг ирээдүйдээ итгэлтэй амьдрахаар шийдсэн. Та өнөөдөр эрүүл амьдарч байгаа бол бурханд таларх бас өөртөө хариуцлагатай бай. Хэн ч таны өмнөөс өвдөхгүй гэдгийг санагтун…

Та бүхнийг хүндэтгэсэн:
Нийтэлсэн Сэтгүүлч С.Лхагвасүрэн

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.