Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны эзэмшлийн байранд казино илэрсэн, эсэх асуудлаар мэдээлэл хийлээ. Эл үеэр зарим зүйлийг тодруулсан юм.
-ОХУ-ын нэлээд хэдэн сайт дээр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны эзэмшлийн байранд казино ажиллуулсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулна уу?
-ОХУ-д Монгол Улсын эзэмшлийн гурван объект байдаг. Нэг дэх нь, Монгол Улсын Элчин сайдын яамны байр бөгөөд уг байранд казиногийн үйл ажиллагаа явуулсан зүйл огт байхгүй. Хоёр дахь байр нь худалдааны төлөөлөгчийн газар байдаг. Тодруулбал, 1964 онд ЗХУ болон манай улсын хооронд байгуулсан протоколын дагуу Элчин сайдын яамны ажилчдын орон сууц, техникийн ажилдчын орон сууц, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах зорилгоор тус газрыг манай тал авч, объектыг 1965 онд ашиглалтад оруулсан байдаг. Уг байрыг 1965 оноос хойш худалдааны төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамны ажилчдын орон сууцны зорилгоор ашиглаж байсан юм билээ. Харин ОХУ-ын сайтуудын мэдээлсэн казино байгуулсан гэх газар нь 1965 онд ашиглалтад оруулсан худалдааны төлөөлөгчийн байр л даа.
-Энэхүү худалдааны төлөөлөгчийн байрыг одоо ямар газар ашиглаж байгаа вэ?
-Энэ байрыг 1965-2007 он хүртэл буюу 42 жилийн хугацаанд монголчууд өөрсдөө ашиглаж байсан гэдэг. Харин 2007 оноос хойш тус байрыг Монголын тал ОХУ-ын “Центр Регион Стиль” компанид түрээслүүлсэн. Учир нь Москва хотын захиргаанаас худалдааны төлөөлөгчийн байрны насжилт дуусч, ашиглах боломжгүй болсон учраас засч сайжруулах дүгнэлтийг өгсөн байдаг. Энэ дүгнэлтийн дагуу 2007 оноос Элчин сайдын яамны ажилчид уг байрнаас нүүж Монгол Улсын гуравдугаар обьект болох 105 дугаар байр руу шилжсэн.
-Танай яамнаас тус улсад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаатай холбогдож энэ асуудлаар ямар нэгэн тайлбар авсан уу?
-Тэгэлгүй яахав. Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын эзэмшлийн хоёрдугаар объект болох худалдааны төлөөлөгчийн байрыг түрээслэгч ОХУ-ын “Центр Регион Стиль” компанийн төлөөллүүдтэй уулзаж асуудлыг тодруулсан юм билээ. Түрээслэгч талаас казино байгуулсан эсэхийг торуулахад, “огт тийм зүйл байхгүй, ташаа мэдээлэл” гэсэн хариултыг өгсөн байна. Түүнчлэн, Элчин сайдын яамны ажилтнууд уг байрыг шалгахад цагдаа хууль, хяналтын байгууллагаас битүүмжилсэн зүйл үгүй, хаалга үүд нь хаалттай байсан гэсэн тайлбар өгсөн. Гэхдээ Гадаад харилцааны яамнаас энэхүү үүсээд буй асуудлыг сайтар нягтлах үүргийг Элчин сайд Б.Дэлгэрмаад өгсөн байгаа.
-Энэхүү асуудалтай холбогдуулан ОХУ-ын талаас ямар нэгэн тайлбар хийсэн үү?
-Ямартай ч дипломат статустай, дипломат төлөөлөгчийн газар харьяалагддаг байрууд нь тусгай хамгаалалтад байдаг. Үүнтэй холбоотой гарсан бүх гомдол маргааныг ОХУ-ын Гадаад хэргийн яам болон Дипломат байгууллагын үйлчилгээ удирдах газраас албан ёсны тайлбарыг Монгол Улсын Гадаад харилцааны яаманд ирүүлэх ёстой ч одоогоор ОХУ-ын талаас ямар ч тайлбар ирүүлээгүй байгаа. Тиймээс ОХУ-д суугаа Элчин сайдын яамны байрнаас казино илэрсэн гэдэг мэдээлэл нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй болохыг албан ёсоор хэлж байна.
С.Гэрэлсүх