“Бүрэн цутгамал”компанийн захирал Б.Батдэлгэр Ерөнхийн Сайд У.Хүрэлсүхэд гурван шаардлага тавьж нойтон өлсгөлөн зарлаад байгаа билээ. Тэрбээр энх цагт хэлмэгдүүлэлт байсаар байгааг гэрчилж, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд дөрөв хоног сууж байна. Өчигдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хяналтад орсон бөгөөд одоогоор бие нь суларсан байдалтай байна. Түүнтэй ярилцлаа.
-Ерөнхий Сайдад ямар асуудлаар шаардлага тавьж байна вэ?
-Эхнийх нь Барилгын тухай хуулийн 35.1.6 дугаар заалтыг хэрэгжүүлэх асуудал. Энэ заалтаар Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах эрх бүхий Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын улсын комисс албан тушаалаа урвуулан ашиглаж, ажил үүрэгтээ хайнга гүйцэтгэж, зөвхөн мөнгөтэй захиалагч талд үйлчлэх болсоор удлаа. Улсын комиссын гишүүдийг ажил үүрэгтээ хайнга хандсан гэдгийг Улсын Ерөнхий прокурор тогтоосон. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссыг Барилгын тухай хууль зөрчсөн гэдгийг ч тогтоосон байдаг.
Хоёр дахь шаардлага нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт аудитын шалгалт оруулж, 2012 оноос хойш Улсын комиссын хүлээн авсан барилгуудын гүйцэтгэгч компаниудын бичиг баримтыг шалгуулах юм. Мөн Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарыг ашиг сонирхол нэг учир огцруулах хэрэгтэй.
Гурав дахь нь, Мэргэжлийн хяналтын байцаагчийн эрхтэй орон тооны бус байцаагчдын тусгай эрхийг хураан авах гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад тавьж байна.
– Су.Батболд, Э.Анар нарын ашиг сонирхол яаж нэгдэж байна вэ? Яагаад огцруулна гэж?
-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтэс 2012 оноос хойш улсын комиссыг ахалж ажилладаг болсон. Улсын комисс Ерөнхий гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл дууссан байхад хүртэл орон сууцыг нь хүлээж авч агт гаргасан тохиолдол илэрсээр байна. Барилгыг байнгын ашиглалтад хүлээн авахдаа гүйцэтгэгч ХХК-иас биш захиалагчаас хүлээн авч байна. Нэг ч тоосго өрж, шавар зуураагүй компанийн бичиг баримтаар агт гаргуулж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра Вила хотхоны орон сууцыг 2016.12.23-нд улсын комисс хүлээж авахдаа ерөнхий гүйцэтгэгч компанийн тусгай зөвшөөрөл дууссан байхад хүлээж авсан нь илэрсэн. Мөн Олд констракшны орон сууцны агтыг комисс хуралдсанаас хойш 42 хоногийн дараа гаргаж өгсөн. Гэтэл Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмэнд “Улсын комиссын агт 14 хоногийн дотор гараагүй бол дахин улсын комисс хуралдана” гэсэн заалт байдаг юм билээ.
2016.07.25-нд шүүх хуралдаан дээр Зургаанжин ирж ашиглаж болохгүй чанаргүй барилга болсон гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ өдрөөс зургаан хоногийн дараа Нийслэлийн Хот байгуулалт, Ерөнхий төлөвлөгөөний газарт чанартай сайн барилга болсон гэж мэдэгдээд улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлт явуулсан байсан. Хамгийн инээдтэй нь манай компанийн бичиг баримтаар гүйцэтгэгч талын бүрдүүлэлтийг хийж явуулсан байна лээ.
Мөн “Шинэ Өргөө” хотхоны хүүхдийн тоглоомын талбай дээр үйлчилгээний төв, усан оргилуурын талбай дээр орон сууц барихаар оршин суугчдын зөвшөөрлийг авалгүй ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн байна. Улсын комисстой холбоотой гомдол, маргаан энүүгээр дуусахгүй маш их бий.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017.04.07-нд хэвлэлийн бага хурал зарлаж улсын комисс чанаргүй барилгыг хүлээн авсан тухай жишээ олныг хэлсэн. Мэдээлэл нь нээлттэй бий. Хэн ч гүүглээр үзэж болно. Тиймээс 2012 оноос хойш Улсын комисс хүлээн авсан барилгуудад аудитын шалгалт оруулахыг шаардаж байгаа юм.
-Энэ асуудлыг цэгцлэх талаар Нийслэлийн Засаг даргад хандаж үзсэн үү?
– Иргэн Б.Батдэлгэр болон “Бүрэн цутгамал” ХХК-наас зургаан удаа гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргаас нэг ч албан хариу ирээгүй, дандаа хуулийн хэлтэс, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар зэрэг өөр газруудаас ирж байсан.
-Ямар хариу өгсөн юм бэ?
– Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтнуудад гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12.5-д гомдлыг холбогдох этгээдэд шилжүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл Нийслэлийн Засаг даргад өгсөн гомдлыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарт хаягласан гомдлыг Барилга байгууламжийн хяналтын хэлтэс рүүгээ шилжүүлж орхидог. Иймэрхүү байдлаар өгсөн гомдол бүрийг хуулиа зөрчин бие биерүүгээ цохон шилжүүлсээр 4-5 удаа давтагдсан. Энэ байдлаас харахад иргэдийн дуу хоолойг дарах гэсэн, өргөдөл гомдлыг шийдвэрлэж өгөхгүй, өөрсдийн хууль бус үйлдлээ нуун дарагдуулж байгаа юм. Удаа дараа ийм үйлдэл гаргасан болохоор Су.Батболд, Э.Анар нарыг огцруулахыг шаардаж байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтнуудад гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19.3-т Нийслэлийн Засаг дарга гомдлыг өөрөө эцэслэн шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Хуулийн заалт байсаар байтал дээрх үйлдэл нь Э.Анарыг хамгаалах, иргэдийг залхаах оролдлого гэж харж байна.
-Мэргэжлийн хяналтын байцаагчийн эрхтэй орон тооны бус байцаагчийн тусгай эрхийг хураалгах тухай хөндсөн байна. Энэ талаар тайлбарлаж өгөөч?
– Хяналт шалгалт хийж байгаа нэртэй Төрийн хяналт шалгалтын тухай хуулиа огт мөрддөггүй байцаагч хэрэгтэй юү? Монголд. Орон тооны бус байцаагчид эрх мэдлээ ашиглан мөнгөтэй хүмүүсийн талд ажиллаж иргэдийг хохироосоор байна. Энэ байдал надад тохиолдсон. Би одоо хүртэл хэлмэгдэж явна. Энэ асуудал 2013 онд “Бүрэн цутгамал” компани Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байхад үүссэн. Процессыг нэг бүрчлэн тайлбарлаж ярья. Барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байхад ажлын хөлс 500 сая төгрөгийг өгөхгүйн тулд өөр гүйцэтгэгч компани оруулан биднийг барилгын талбайгаас хөөсөн. Ингэхдээ чанаргүй барилга барьсан гэж Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Иргэний хэргийн шүүхэд 500 сая төгрөгөө нэхэмжилж хоёр жил шалгагдсан. Мөн залилангийн хэрэг үүсгэсэн. Дараа нь шалгагдах явцдаа сонинд ярилцлага өгтөл хүний нэр төр гутаасан үндэслэлээр эрүүгийн хэрэг дахин үүсгэж нийт гурван эрүүгийн хэрэг үүсгэсэн этгээд боллоо. Сүүлд нь нэр төр гутаасан болон залилангийн гэсэн хоёр эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон л доо.
– Чанаргүй барилга гэдгийг хэн яаж баталсан юм бэ?
-Сант сургуулийн захирал Д.Зургаанжингийн гуйлтаар Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Даваадорж нарын таван хүний гаргасан албан шаардлага дүгнэлтийг үндэслэж буруутгасан. Энэ үндэслэлээр поркурор намайг 2016.07.25-нд найман жил чанга дэглэмд яллах санал гаргаж байсан.
-Д.Зургаанжингийн гуйлтаар чанаргүй барилга барьсан гэсэн дүгнэлт гаргуулсныг яаж батлах вэ? Та яагаад ингэж хэлэх болов?
-Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас уг дүгнэлтийг хууль бус гэдгийг тогтоосон. 2016.07.25-нд шүүх хуралдаан дээр Зургаанжин ирж ашиглаж болохгүй чанаргүй барилга болсон гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ өдрөөс зургаан хоногийн дараа Нийслэлийн Хот байгуулалт, Ерөнхий төлөвлөгөөний газарт чанартай сайн барилга болсон гэж мэдэгдээд улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлт явуулсан байсан. Хамгийн инээдтэй нь манай компанийн бичиг баримтаар гүйцэтгэгч талын бүрдүүлэлтийг хийж явуулсан байна лээ.
-Танай компани өмнө нь бичиг баримтаа хүлээлгэж өгч байсан юм уу?
-Үгүй. Сант сургуулиас 500 сая төгрөгөө авахаар нэхэмжилж гаргасан баримтан дундаас шүүгчийн туслахтай хувилдаж аваад улсын комисст өгсөн байсан. Биднийг энэ талаар хэлэхэд ажлын хариуцлага алдсан туслахыг ажлаас халсан гэж мэдэгдээд л хаагдсан.
Асуудал явсаар 2017.03-р сард прокуророос намайг 5.5 жилээр яллах санал гаргатал шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад дахин буцаасан. Энэ үед Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг аль хэдийнэ улсын комисс хүлээж авсан байсан. Үүнээс дөрвөн сарын дараа “Чанаргүй барилгын” Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн тогтоол гарсан. Хуулиндаа хэрэгсэхгүй болгосон гэсэн тогтоолоо Эрүүгийн хэргийн шүүхээр цагаатгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргаж болно гэсэн заалт байдаг юи билээ. Үүний дагуу гомдлоо гаргатал “…хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн тогтоолыг маань хүчингүй болгоод буцаагаад мөрдөн байцаалтад шилжүүлчихсэн.
-Сайн ойлгосонгүй. Поркурор өмнөх тогтоолыг хүчингүй болгоод дахин яллах дүгнэлт бичиж болдог юм уу?
-Мэдэхгүй л дээ. УИХ-ын гишүүдийг Эрүүгийн тухай хуулийн 32.7-р зүйлийн 2 дахь заалтыг тайлбарлаж өгөхийг шаардаж байна. Хоёр жил гаруй хугацаанд хэлмэгдэж явчихаад “…хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн тогтоолоо бариад очиход яагаад цагаатгуулах эрх байхгүй юм бэ? надад.
-Танай компани өмнө нь бичиг баримтаа хүлээлгэж өгч байсан юм уу?
-Үгүй. Сант сургуулиас 500 сая төгрөгөө авахаар нэхэмжилж гаргасан баримтан дундаас шүүгчийн туслахтай хувилдаж аваад улсын комисст өгсөн байсан. Биднийг энэ талаар хэлэхэд ажлын хариуцлага алдсан туслахыг ажлаас халсан гэж мэдэгдээд л хаагдсан.
Эрүүгийн тухай хуулийн 32.7-р зүйлийн 2 дахь заалт яаж хэрэгжихийг прокуророос асуухад “Та өөрөө шүүхээр шийдүүлнэ гэсэн учир таныг буруугүй байсан ч мөрдөгч буруутай гэж тогтоогоод прокурор яллах дүгнэлт бичиж өгнө. Үүний дараа шүүхээр цагаатгуулна” гэж хариулж байна. Ийм хачин юм байж болох уу?
Эцэст нь, худалдагдсан орон тооны бус хяналтын байцаагч нарын хууль бус дүгнэлтээс болж би хохирч үлдлээ.
-Хууль бус гэхээр юу гэсэн үг вэ?
-Тухайн үеийн хуулиараа орон тооны бус Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргах эрхгүй байсан юм билээ. Орон тооны бус байцаагчид хуульд захирагдахгүй, танил тал, мөнгөөр дүгнэлт гаргаж, эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдлууд ганц хоёроор дуусахгүй, илэрсээр байна. Үүний золиос нь жирийн иргэд юм. Орон тооны бус байцаагчдын энэ асуудлыг МХЕГ-т тавихаар “Ер нь орон тооны бус байцаагчид хуулиа баримтлахгүй байна” гэж яриад сууж байна. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаггүй орон тооны бус байцаагчдын эрхийг хурааж өгөхийг шаардаж байгаа юм.
-Өлсгөлөнгөө ямар хугацаанд үргэлжлүүлэх вэ?
-Нойтон өлсгөлөнг хугацаагүйгээр зарлаад байна. Өнөөдөр ерөнхийлөгч болон ерөнхий сайд, улсын их хурлын дарга дэд дарга нар луу шуудангаар шаардлага хүргүүлээд байна.
-Та өөрийн тавьсан шаардлагын дагуу С.Батболд, Э.Анар нарыг огцортол өлсгөлөнгөө үргэлжлүүлэх үү?
-Тэгнэ. Би монгол улсын хуулийн дагуу жагсаал цуглаан өлсгөлөн зарлах журам зөвшөөрлийн дагуу өнөөдөр өлсөж байна.
Б.СҮРЭН
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.