Японы зах зээлд хэрхэн нэвтрэх вэ

2018-01-16 Нийтлэл

“СУДАЛГАА – СУРТАЛЧИЛГАА – ТУУШТАЙ БАЙДАЛ: ТАНЫ БИЗНЕСИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ”

Японы зах зээлд нэвтэрч, аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй нь бизнесийн холбоо харилцаа тогтоохыг хүсдэггүй бизнес эрхлэгч ховор биз ээ. Гэхдээ тэндхийн шалгуур, стандартыг хангана гэдэг тийм ч амар биш. Тухайн улсынхаа бизнес, татвар, хөрөнгө оруулалт, зах зээлийн орчны талаар хангалттай мэдлэг туршлагагүйгээр бараа бүтээгдэхүүн гаргана гэдэг сэлүүргүй завьтай далайд гарахтай ижил юм. Япон бол аль хэдийнэ аж үйлдвэржсэн, тэр бүү хэл Азийг аж үйлдвэржүүлж буй орон. Солонгос, Тайвань, Хятад, Филиппин, Индонез, Мьянмар гээд олон улс Японыг дагаж аж үйлдвэржсэн байдаг аж. Өнөөдөр эдийн засаг нь дэлхийд 10 дугаарт бичигдэх том зах зээл. Энэ том зах зээлд бид 5700 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх эрх зүйн үндэс тавигдаад жил гаруй болж байна.

Тус улстай байгуулсан Чөлөөт худалдаа хэлэлцээрээр олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй оруулж гаргахаар харилцан тохиролцсон ч бодит байдал дээр үр дүн багатай байгаа юм.

Үүнд төр засгийн болоод салбар хоорондын зохицуулалт, зохион байгуулалтын маш олон асуудал нөлөөлж байгаа ч бизнес эрхлэгчдэд Японы зах зээлийн талаарх мэдлэг ойлголт өгөх хэрэгцээ шаардлага хэзээ ч илүүдэхгүй юм.

МОНГОЛЧУУДАД ХАМГИЙН ДУТАГДДАГ ЧАНАР-ТУУШТАЙ БАЙДАЛ

МҮХАҮТ-аас гадаад худалдаа экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл” болон Монгол, Японы Төвтэй хамтран “Япон улсын зах зээлд нэвтрэх боломж” сургалтыг зохион байгууллаа. Сургалт нь Монгол Улсын бизнес эрхлэгчдийг Япон улсын зах зээлд нэвтрэх, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн мэдээллээр хангах зорилготой байв. Сургалтаар Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн тухай болон тухайн хэлэлцээрийн Гарал үүслийн дүрмийн тухай танилцуулга, гарал үүслийн гэрчилгээ хэрхэн авах зэрэг илүү бизнес эрхлэгчид рүү хандсан мэдээлэл өглөө. Мэдээллийг худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийн судалгаагаар мэргэшсэн япон зөвлөхүүд өгсөн юм. Монгол МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы бизнес зөвлөл, Монгол-Япон төв, Экспортыг дэмжих зөвлөл зэргээс мэдээлэл хийсэн юм. Японд бизнес эрхлэхийн тулд япон хvнтэй адил сэтгэж сурах нь чухал гэж Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн ЖАЙКА-гийн мэргэжилтэн Накумура Ко онцоллоо.

Монгол хүн аливаа ажлыг эхлэхдээ маш дайчин, эрч хүчтэй байдаг ч хэсэг хугацааны дараа эрч нь суларчихдаг. Бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, сурталчилж, захиалга авсан даруйдаа чанартай сайн үйлдвэрлэдэг ч явцын дунд бүтээгдэхүүний чанар муудаад ирдэг. Энэ нь аливааг урт хугацаанд төлөвлөж, тогтвортой ажилладаг япон хүмүүст таалагддаггүй. Тиймээс бүтээгдэхүүнээ Япон руу гаргахыг зорьсон л бол эргэж буцах замгүй тууштай байхыг хичээх нь чухал гэлээ.

Түүнчлэн япон хүмүүс аливаад шийдвэр гаргахдаа маш судалж, бодож гаргадаг учир тэднээс нааштай хариу сонсохын тулд тэвчээртэй байдал чухал гэнэ. Учир нь тэд энэ хугацаанд таныг бүх талаас чинь шинжиж, үнэлж байж “үнэхээр итгэл даах хүн мөн юм” хэмээн танисныхаа дараа л түншлэдэг байна. Монголчууд хурдан хугацаанд үр дүн хүлээж, асуудлыг тэр дор нь шийдэхээр нь яардаг нь алдаа болдог хэмээн онцлов. Түүнээс гадна япончууд танд бүрэн итгэхийн тулд хүссэн бүхнээ асууна. Харин танд тэр бүх асуултын хариулт байх хэрэгтэй. Тухайлбал монголчууд хоёр том зах зээлтэй тийм ойрхон атал яагаад заавал япон гэж гэх мэт… Гэхдээ асуулт бүхэн хариулттай, учир шалтгаантай гэдгийг санах ёстой аж. Тиймээс япончуудтай түншлэхийн тулд эхлээд өөрийгөө сайн түнш гэж нотлох хэрэгтэй, харин нэг итгэлийг нь олоод авсан байхад танд насан туршдаа итгэж ч чадах улс аж.

ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ ЗОРИЛГОО ЗӨВ ТОДОРХОЙЛООРОЙ

Харин дээрх зөвлөгөөг ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан, МҮХАҮТ-ын зөвлөх Масүда Такүми бизнес эрхлэгчдэд өгч байна. Тэрбээр, бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд, тэр дундаа Японы зах зээлд гаргахын тулд үзэсгэлэн ЭКСПО-д тогтмол оролцох нь ач холбогдолтой гэсэн юм. Гэхдээ үүн дээр монгол япон хүмүүст ойлголтын зөрүү байдаг бөгөөд монголчууд үзэсгэлэнг борлуулалт, худалдаа гэж хардаг бол япончууд бизнес уулзалт, түншлэлийн талбар гэж хардаг байна. Тиймээс борлуултаас илүү түншлэлийг чухалчилж, зах зээл, өрсөлдөх чадвараа судлахад илүү анхаарахыг зөвлөлөө. Тэгж гэмээ нь борлуулалтын суваг нэмэгдэх гарц олдох буй аж.

Гадаадад бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд:

  • Өөрийн үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн нь экспортлох боломжтой эсэх
  • Экспортлох гэж байгаа бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ
  • Тээврийн зардал, бусад зардал зэргийг заавал судалсан байх ёстой.

Харин үзэсгэлэнд оролцох булангаа бэлдэхдээ:

  • Хэн ч харсан ойлгомжтой байх
  • Адил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг бусад компаниас ялгаатай
  • Ороход хялбар найрсаг байлгах зэрэгт анхаарах хэрэгтэй аж.

“Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг” гэхчлэн бараа бүтээгдэхүүнээ танилцуулах тухайн орон зайг хэдийчинээ өөриймсөг ашиглах, бараа бол нэг удаад хэрэглэж үзэх тест, хүнс бол амталгаа, жижиг гарын бэлэгтэй байлгах зэрэг нь таны бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн сэтгэл хоногшуулахад ашиг тустай юм. Чухамдаа үзэсгэлэн худалдаанд гарах зардлыг хойшид гарч болох рекламсурталчилгаа зэрэг бусад зардлыг хэмнэх, борлуулалтыг нэмэх хөшүүрэг хэмээн үнэлэх нь зүйтэй аж.

АЖИЛЛАХ ХҮЧ ЯВУУЛСНААР ТУРШЛАГА ИМПОРТЛОНО

Япончуудтай түншлэхэд хэцүү мэт боловч өнөөдөр сайн түншийн харилцаа тогтоож хэдийнээ зах зээлд нь нэвтэрчихсэн туршлага цөөнгүй байна. Жишээ нь “Санко Соолар Монголиа” ХХК нарны зайн дэлгэц үйлдвэрлэж “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор Япон Улсад нийлүүлдэг байна. Өнөөдөр энэ компани бүтээгдэхүүнээ “Чоно” гэж нэрлэн тус улсад есөн МВт хүчин чадал бүхий дэлгэц экспортлосон төдийгүй, Японд хоёр МВт хүчин чадалтай станц байгуулжээ.Мөн “МонШибасаки” компани үйлдвэрлэлийн аутсорсинг чиглэлээр үйлчилгээ явуулдаг бөгөөд японы томоохон автомашины үйлдвэрүүд болох “Тоёота”, “Хонда”, “Исүзү” зэрэг компанид жижиг эд анги үйлдвэрлэж нийлүүлдэг байна. Энэ хоёр компанийн удирдлага анх Японд дадлагажигчаар туршлага судалж байгаад Монголд үйлдвэр байгуулах саналаа түншүүддээ илэрхийлж байжээ. Өнөөдөр япончууд монгол хүнийг зөвхөн сумо барилдахаас гадна өөр олон зүйл, тэр тусмаа мэдээлэл технологийн салбарт өндөр чадвартайг мэддэг, үнэлдэг болсон аж.

Японд ажиллах хүч дутагдалтай тухай олон эх сурвалжийн мэдээлэл бий.

Япон улс нь 127сая хүн амтай гэдэг ч хүн ам нь жил ирэх тусам багасаж байгаа тоон үзүүлэлт харагддаг. Нөгөө талаар хүн амын 20-23 хувийг 65-аас дээш насныхан эзэлдэг бөгөөд хөгшрөлт нь давамгайлж төрөлт цөөрсөн гэдэг мэдээлэл байдаг. Одоо Японы хүнс болон жижиг дунд үйлдвэрүүдийн ажилчдын 60-70 хувийг гадаад ажилчид эзэлж байгаа. Зам барилга болон хүнд машин механизмын чиглэлд байнгын ажиллах хүч дутагдалтай, ер нь л олон салбарт ажиллах хүчээр цангаж байдаг байна. Тиймээс Японд тодорхой хугацаанд хөдөлмөр эрхэлж үзэх, эсвэл хүмүүсээ дадлага туршлага хийлгэх нь таны цаашдын бизнест, тус улсын хөдөлмөр зах зээлийн орчин, япон хүмүүсийн хандлагыг ойлгоход ба нэг гарц болох талтай аж.

Э.Адъяа

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.