Орь ганцаар 440 хоног (II хэсэг)

2017-10-5 Амрах агшин

Хосе Альваренга, Эсекьель Кордоба нар 2012 оны 11-р сарын 17-нд Мексикийн өмнөд хэсэг дэхь Пихихьяпан хотын ойролцоох Коста-Асуль тосгоноос далайд загасчилахаар гарсан. Нэг хоногийн дараа тэдний завьны хөдөлгүүр эвдэрсэн бөгөөд тэд далайн шуургатай дайралдсан. Луужин байгаагүйн улмаас тэд зүг чигээ тодорхойлох ямарч боломжгүй болжээ. Тэд Хойд Экваторын урсгалд орсноор тэдний завь хоногт 12 миль хурдтайгаар сэлсэн байх магадлалтай. 2014 оны 1-р сарын 30-нд Хосег олсон ба Коста-Асуль тосгон, Маршаллын арлуудын хоорондох зай ойролцоогоор 10 000 километр байдаг. Тооцоолж үзвэл уг хурдаар загасчин далайд 450-470 хоног завиар сэлэх боломжтой ба Хосе 440 хоногийн дараа эрэгт хүрсэн нь түүний үг үнэн болохыг батлаж байна.

НУУЦ ЗАДАРСАН НЬ: ТҮҮНЭЭС ГЭР БҮЛИЙНХЭН НЬ СУРАГ ТАСРААД НАЙМАН ЖИЛ БОЛСОН

Хэд хоногийн дараа нутгийн удирдлагуудын дэргэд утсаар ярихыг зөвшөөрчээ. Гайхалтай нь тэрээр Мексик рүү биш Сальвадор луу залгасан байна. Ингэж загасчин эр Сальвадор гаралтай нь тогтоогджээ. Энэ тухай яагаад Хосе яриагүй байсан нь магадгүй тэрээр зарим ой санамжаа алдсантай холбож болох юм. Эмч нар түүнийг зарим зүйлээ санахгүй байгаагаас гадна юу ярьж, бодож байгаагаа ч сайн мэдэхгүй байгаа гэж оношилсон байна.
— Хосе бараг 15 жилийн өмнө гэрээсээ явсан. Анхандаа ойр ойрхон залган, зургаа илгээдэг байсан бол яваандаа холбоо барих нь багассан. Хамгийн сүүлд бид түүнтэй 8 жилийн өмнө ярьсан. Тэгээд л сураг тасарсан даа. Бидэнд түүнийг эрж хайх мөнгө байгаагүй. Тэгээд ч хаанаас ч хайхаа мэдэхгүй байсан болохоор бүгд түүнийг нас барсан гэдэг байлаа. Харин би хүүгээ амьд байгаа гэдэгт үргэлж итгэдэг байсан шүү гэж түүний ээж Мария Альваренги хэлжээ.
Альваренгийн гэр бүлийнхэн амьдардаг Гарита-Пальмера хотод сэтгүүлчид очин тэдний зургийн цомгоос Хосегийн зургийг олж үзсэнээр түүний түүх үнэн байх магадлалтай анхны нотолгоо болсон юм.
Сальвадорд Хосег эцэг эхээс нь гадна 14 настай охин Фатима нь хүлээж байлаа. Түүнийг төрөхөөс өмнө Хосе мөнгө олохоор Мексик рүү явсан аж.
— Би хэзээ ч аавтайгаа уулзаж байгаагүй, зөвхөн утсаар л ярьж байсан. Би түүнд тэврүүлмээр байна. Түүнийг маш их санадаг гэж охин нь ярьлаа.
Хосег Мексикт байсныг эцэг эх нь баталснаар Маршаловын арлуудын удирдлага дахин лавлагаа Мексик улсаас хүсчээ. Харин энэ удаа 2012 оны 11-р сарын 17-нд Чьяпас мужийн Коста-Асуль тосгоноос хоёр загасчин сураггүй алга болсон тухай хариу иржээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан эрлийг 2 хоногийн дараанаас нь зогсоосон байв. Цагдаагийн газрын тодорхойлолтонд алга болсон загасчдын нэрийг Эсекьель Кордоба болон …Сирило Варгас гэсэн байжээ. Хожим нь Хосе хуурамч нэрээр хууль бус оршин суудаг байсан нь тогтоогдсон.
— Бид Сирилог (Хосегийн Мексик нэр) сахал, үсээ зассаных нь дараа зурагтаар хараад таньсан шүү. Тэрээр нэлээн турсан байсан ч нүүрээрээ бага зэрэг л турсан байсан тул амархан танигдсан. Бид түүнийг эрүүл саруул байгаад маш их баяртай байгаа. Түүнийг буцаж ирэхийг тэсэн ядан хүлээж байна гэж Хосегийн дарга байсан загасчин Беллармино Солис хэлжээ.
Хосег олон жил Мексикийн нутаг дэвсгэр дээр хууль бусаар амьдарч байсан тул дахин тус улсын хилийг давахыг хориглосон байна.

ХАЛУУН ДУЛААН УУЛЗАЛТ: ТЭД НУЛИМС ДУСЛУУЛАН ЧИМЭЭГҮЙ ТЭВРЭЛДЭНЭ

Хосе Альваренгаг 2-р сарын 15-нд Комалапа хотод буухад түүнийг Сальвадор улсын гадаад хэргийн сайд Хайме Миранда угтан авчээ.VIP танхимд олны өмнө Миранда сайд Хосед микрофон өгөхөд тэрээр нүүрээ даран ярьж чадахгүй байв.
— Хосе маш их догдолсон байна. Тэр удахгүй өөрийн төрсөн Гарита-Пальмер хотдоо эргэн очих болно. Гэхдээ юуны түрүүнд эмнэлгийн байгууллагад шаардлагатай эмчилгээг хийх болно гэж сайд сэтгүүлчдэд ярив.
Хосе Альваренгаг Сан-Рафаэль хотын төв эмнэлэгт очиход ээж нь хүлээж байлаа.
Ээж хүү хоёр уулзан нэг ч үг дуугаралгүй хэсэг зуур баярын нулимс унаган тэврэлдэн зогссон гэнэ. Дараа долоо хоногт нь Хосе нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн юм. Түүнд амин дэмтэй дусал залгаж, ходоодыг нь угаан, өдөр бүр бүтэн биений үзлэгт хамруулж байлаа. Түүний бие хурдан сайжирсан тул эмч нар түүнийг гэртээ харихыг зөвшөөрчээ.
— Хосег хот тэр аяараа угтан авсан. Тэдний дундаас хамгийн ихээр охин Фатима нь баярлаж байлаа. Охин аавдаа зориулан өнгө өнгийн бөмбөлөг үлээн, самбар дээр мэндчилгээ бичин хүлээж байсан юм гэж Хосе Альваренгагийн эцэг РикардоОрельяна хэлжээ.
Хэдийгээр ингэж их баярлаж байсан ч Хосе өөртэй нь цуг далайд гарсан залуу Эсекьелийн гэр бүлтэй холбоо тогтоож чадахгүй байгаа нь зовоож байсан юм.
Харин энэ тухай Эсекьелийн эцэг Николас Кордоба дурсахдаа:
— Бид ч бас Хосетэй холбогдохыг их хүссэн ч хаашаа хандахаа мэдэхгүй байсан. Тэгтэл тэр өөрөө бидэнтэй утсаар холбогдон нилээн удаан ярилцсан. Бидний хүү өөрийгөө удахгүй үхнэ гэдгээ мэдээд бидэнд хэр их хайртайгаа бас бидний төлөө байнга залбирах болно гэж дамжуулсан гэнэ.
Николас мөн Хосе тэдний хүүг нас барсан даруйд нь ус руу шидээгүй байсан гэдгийг хэлсэн. Хосе тэднийг хэн нэг нь удахгүй олж Эсекьелийг газарт оршуулахыг хүсч байжээ. Түүнтэй утсаар ярьсны дараа эхнэр бид хоёр хүүгийн минь амьдралын сүүлчийн мөчүүдэд хамтдаа байсан залуутай уулзахыг ихэд хүсэх болсон. Хосе Мексикт дахин ирэх боломжгүй болохоор бид түүнтэй очиж уулзахаар зэхэж байгаа. Түүнийг амьд гарсанд би маш их баяртай байгаа. Түүний ачаар л би өнөөдөр хүүгийнхээ эцсийн үгсийг сонсож чадлаа.
—Хоёр дахь загасчны талаар олон янзын таамаглал дэвшүүлж байгаа. Хамгийн их хүмүүсийн анхаарал татсан нь Хосе амь үрэгдсэн залуугаар хооллосон уу үгүй юу гэдэг. Гэхдээ энэ тухай таамаглал дэвшүүлэхээс өөр ямар ч батлах нотолгоо хэзээ ч олдохгүй. Магадгүй завинд цусны үл мөр үлдсэн байлаа ч энэ их хугацааны дараа арилсан байх магадлал өндөр.
***
—Хосе ирээдүйд юу хийх тухайгаа одоогоор төлөвлөөгүй байгаа. Гэхдээ тэр үлдсэн амьдралаа төрлөх Гарита-Пальмер хотноо өнгөрүүлж, дахиж хэзээ ч далайд гарахгүй гэдэгт итгэл төгс байгаа аж.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.