Монголбанк жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ

2017-12-22 Банк, санхүү

Монголбанкнаас  Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийн өнөөгийн  хөгжил, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл болон санхүүгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор түүвэр судалдгааг жил бүр, Улаанбаатар хот болон 21 аймаг дахь бизнес эрхлэгч нарын дунд явуулжээ. 6 дахь жилдээ хийж уг судалгаанд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1970 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдаад байна.

Хэлэлцүүлэгт бизнесийн салбарынхан болон судалгааны байгууллагууд өргөнөөр оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ оролцож, судалгааны үр дүнгүүд нь жижиг, дунд үйлдвэрлэлийг санхүүгийн хувьд дэмжих шаардлагатайг харуулж байгааг онцолж, “Шинэ хөдөө” хөтөлбөрийг санаачилж байгааг дуулгаж, төлөөлөгчдийг санал бодлоо илэрхийлэхийг уриаллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос тавьж буй нийтлэг асуудал нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн асуудлыг судалсан сүүлийн жилүүдийн судалгааны үр дүнгүүд ерөнхийдөө адил хүндрэл бэрхшээлийг нэрлэж байна. Энэ нь нэг талаас эдгээр хүндрэл, бэршээлийг шийдвэрлэхэд бодлогын хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байна.  Тиймээс үүсч буй бэрхшээл, шийдвэрлэвэл зохих арга хэмжээг судалгааны түвшинд дүгнэлт гаргаад орхих бус бодлогын баримт бичигт тусгаж, шийдвэрлүүлэх нь тулгамдаж буй гол асуудал болохыг хөндөж байв.

Монголбанк энэхүү хэлэлцүүлэг дээр гарсан санал, зөвлөмж, шаардлагыг төрийн бодлогод тусгуулах, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, зээлийн нөхцөлийг эрэлт хэрэгцээнд нийцтэй болгох бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам болон бусад байгууллагуудтай хамтран боловсруулж буй “Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-т холбогдох зүйл заалтыг тусган УИХ-аар батлуулахаар ажиллах юм.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.