Хэвлэлийн бага хурал
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус байнгын хорооны гишүүн Х.Нямбаатар, Ж.Ганбаатар нар өнөөдөр /2017.02.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Танай байнгын хороо УИХ-ын намрын чуулганы хугацаанд хэдэн хууль болон тогтоол дээр ажилласан бэ?
-Манай байнгын хороо намрын чуулганы хугацаанд нэлээд үр дүнтэй ажилласан. Тодруулбал, бие даасан найман хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 72, УИХ-ын 13 тогтоолыг хэлэлцэн, батлуулжээ. Үүнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулсан нь манай байнгын хорооны онцлох ажлуудын нэг болсон гэж үзэж байна. Мөн Цагдаагийн албаны тухай болон Дотоодын цэргийн тухай хуулийг батлуулсан. Түүнчлэн Арбитрын тухай хуулийг шинэчлэн батлуулснаас гадна Авилгатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлуулсан. Эдгээр хууль, тогтоолуудыг боловсруулахын тулд 12 ажлын хэсэг байгуулж, 66 удаа хуралдсан байна. Харин Байнгын хороо энэ хугацаанд 49 цаг хуралдсан.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой шалгалтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хийж үүнийг үндэслэн УИХ-ын тогтоол гарсан. Одоо “Эрдэнэт” үйлдвэр дээр дахиад шалгалт орсон байгаа. Энэ танай Байнгын хороотой холбоотой юу?
-“Эрдэнэт”-ийн асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Сангийн яам, татварын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ шалгалт 20-иод хоногийн хугацаанд үргэлжилнэ. Үр дүн нь цагаан сарын өмнө гарах байх. Энэ шалгалтыг бид анхааралтай ажиглаж байгаа.
-“Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудлаар Байнгын хороонд ямар мэдээлэл байна. Ирэх гуравдугаар сарын 20-нд шүүх хурал болно гэсэн. Энэ хуралд Монголын талаас ямар хүмүүс оролцох вэ?
-Гуравдугаар сарын 20-ны шүүх хурлын талаар мэдэхгүй байна. 49 хувийг эзэмшиж байгаа хүмүүс шүүх, хяналтын бүх газраар явах байлгүй. Түүнд эргэлзэхгүй байгаа. Явах эрх нь тэдэнд байгаа. Явах эрхийг хэн ч хааж чадахгүй. Өнөөдөр хуулиар ямар боломж бололцоо байна. Ерөнхийлөгч хориг тавьж болно, Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын тогтоолыг өгч болно. Бүх эрх нь нээлттэй. Эрхээ хэрэгжүүлэх боломжийг хэн нэг албан тушаалтан хаах эрхгүй. Бид хараад сууж байна.
Нэгдүгээрт, Төрийн өмчийн хороо, Сангийн яам, Татварын газрын шалгалтын дүн гарахыг харж байна. Үүний дараа хэрхэн яаж ажиллах вэ гэдэг илүү тодорхой болно. УИХ-ын тогтоол бол гүйцэтгэтгэх засаглалтай хамтарч хий гэдэг тогтоол гарсан. Шалгалтын дүн гараад ирэг, ямархуу хэлбэртэй явах вэ гэдэг юм яригдана.
-УИХ-аас баталсан тогтоолд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахдаа Монголбанк, Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон зээл, бонд зэргээс суутган тооцохоор заасан. Гэтэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Эрдэнэт”-ийн 49 хувийг суутган тооцох боломжгүй. Харин ч Засгийн газар Худалдаа хөгжлийн банкинд 1 их наяд төгрөгийн өглөгтэй. Юун суутган тооцох, юун авах гэдэг асуудлыг хөндөөд байгаа. Ажлын хэсэгт Сангийн яам, Монголбанкнаас төлөөлөл оролцсон уу, Худалдаа хөгжлийн банкнаас авах авцаа байхгүй байхад нь суутган тооцох шийдвэр гаргачихсан юм биш үү?
-Манай ажлын хэсэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Хяналтын шалгалтын газрын дарга нь, Сангийн яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга орсон. Энэ бүрэлдэхүүн тодорхой удирдамжийн дагуу өөр, өөрсдийнхөө чиглэлийн дагуу ажиллаж гаргаж ирсэн мэдээллийн дагуу “Монголын зэс” компанийн эзэмшиж буй 49 хувийг суутган тооцох хэлбэрээр төрд авах шийдвэр гаргасан.
-“Эрдэнэт” үйлдвэр ард түмэнд хамаагүй, хэсэг бүлэг улстөрчдийн саалийн үнээ гэж яригдаад байна. Байнгын хороо хувьчлалын хүрээнд шалгалт хийлээ. Цаашдаа “Эрдэнэт”-д шахаа хийсэн улстөрчдийг нэрлэх боломж байгаа юу. Ажлын хэсэгт гишүүнээр орсон Ц.Нямдорж гишүүний хүү 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэж яригдаж байна?
-Сангийн яам, Төрийн өмчийн хорооны шалгалтын дараа энэ бүхэн ил тод болох байх. Худалдан авах ажиллагаа, аливаа компанийн үйл ажиллагаа нээлттэй байж, цаана нь муу муухай зүйл нуугдахгүй.
Засгийн газрын 30 дугаар тогтоол нууц л байсан. Үүнтэй ижилхэн арга хэлбэрээр бүх зүйл хийгдсэн. Тийм учраас бид хуулийн хэрэгжилт, бусад асуудлыг ил тод болгох ёстой гэж үзэж байгаа. Компаниудын тайланг ил тод зарлах хэрэгтэй. “Эрдэнэт” ч биш бусад төрийн өмчит компаниудыг мэдээллийг ил болгох нь Төрийн өмчийн хорооны бодлого байх ёстой гэж үзэж байгаа.
Архангай аймагт “Гудамж” төслийн хүрээнд нэг км замыг таван тэрбум төгрөгөөр барьж байна гээд бод доо. Төсөвт өртөг нь 1.2 тэрбум төгрөгийн стандарттай байсан.
-“Эрдэнэт”-ийн 51 хувь барьцаанд байгаад Лондонгий шүүх дээр эхний шатанд ялагдчихсан гэдэг асуудлыг нөгөө тал ярьж байгаа. Энэ талаар танд мэдээлэл бий юу?
-“Эрдэнэт”-ийн захирлаас асуухад нийт найман сая ам.долларын асуудал Арбитрийн шүүх дээр яригдаж байгаа гэсэн. Харин “49” хувьтай хийсэн уулзалтаар 100 сая орчим ам.долларын шийдвэр хийгдсэн гэж байсан. Үүнээс илүү мэдээлэл надад алга байна. Шалгалтын дүнгээр асуудал гарч ирэх байх.
-Төрийн өмчит компаниуд ашигтай ажилладаг байсан. Сүүлийн хэдэн жил 10-аад их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн. Хариуцлага тооцох уу?
-Төрийн өмчит компаниуд олноор байгуулсан. Өөрсдөд нь хэрэггүй зүйл худалдаж авсан, ашиггүй зүйл хийдэг асуудал төрд тогтчихоод байна. Үүнийг болих хэрэгтэй. Байнгын хорооноос чиглэл өгсөн. Манай Говь-Алтай аймагт 8:12 хэмжээтэй ус савладаг үйлдвэрийг 1.9 тэрбум төгрөгөөр баригдсан байна. Орон нутгийн өмчит компани байгуулчихсан. Иймэрхүү жишээ олон байгаа. Төр өөрөө бизнес хийх гэж оролдсон. Ингэхдээ өөрсдөө идэхийн тулд их хэмжээний мөнгөөр хийсэн байна. Хариуцлага тооцох нь гарцаагүй. Одоо цэвэрлээд явахгүй бол ирээдүйд эвгүй байдал руу орно.
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд аваад Хятадад хоёр тэрбумын зээлийн барьцаанд тавьж байгаа гэж О.Баасанхүү гишүүн ярилцлага өгсөн байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Тэр О.Баасанхүүгийн л яриа.
-“Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлыг ярихад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга “гуравдугаар сарын 20-нд болох бүх мэдээллийг Хууль зүйн байнгын хороонд өгч байгаа” гэж мэдээлсэн. Таны зүгээс тодорхой мэдээлэл байхгүй гэх юм?
-Хууль зүйн байнгын хороонд албан ёсны мэдээлэл алга. Татварын ерөнхий газраас шалгалт очиход 109 сая ам.долларын асуудал байгаагүй. 109 сая ам.долларыг тухайн үед авсан Хадгаламж банкны нөхөд өөрсдөө төлж барагдуулаад явж байгаа гэдгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Ц.Ням-Осор дарга хэлсэн.
-Хөгжлийн банкнаас Говь-Алтай аймагт хөрөнгө тавин зам барихаар болсон ч зам ч олддоггүй, мөнгө нь ч хайгаад гарч ирэхгүй байгаа талаар та өмнө нь хөндсөн. Учир нь олдсон уу?
-Яах аргагүй 30 гаруй тэрбум төгрөгийг зам тавина гээд аваад явчихсан байгаа юм чинь яах юм. 2008-2012 онд Говь-Алтай аймгаас Дэлгэр сум хүртэл 100 км хүртэл зам орсон. Энэ бол төсвөөс тендэр зарлаж барьсан зам. 2012 оноос хойш 100 км байтугай 6 км зам ч тавиагүй. Аймгаараа бид замаа хайгаад олохгүй байгаа. Хувь хүмүүс иргэдэд багагүй хэмжээний зээл өгсөн юм билээ, гэтэл үйлдвэр ч байхгүй. Ер нь бол Хөгжлийн банкнаас гишүүд бүрт тойрогт нь ямар ажил хийсэн юм бэ гэдгийг гаргаж өгсөн гэлээ.
С.Гэрэлсүх
87350
30344
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.