“Орчин үеийн” хоолонд дургүй болох эмгэг

2018-02-23 Сэтгэл зүйч хариулж байна

Өдөрт 3-4 удаа уураг өөх тос , нүүрс ус, эрдэст бодисын зохистой агууламж бүхий чанартай илчлэг сайтай хоолыг тогтмол цагт идэж, биеийн жин галбиртаа сэтгэл ханамжтай байвал үүнийг хэвийн хооллолт гэнэ.

Ямар нэг өвчин болон сэтгэл зүйн таагүй байдлын улмаас дээрх хүчин зүйлсийг үл ойшоон биеийн жин, галбиртаа хэт анхааран , хоолоо сойх болон өөр бусад жин барих аргуудыг/тураах эм, туулгах эм,шээс хөөх эм/ удаан хугацаагаар хэрэглэх зэрэг нь хооллох хэвийн хандлагыг өөрчилж улмаар эмгэг өөрчлөлт үүсч байна.

Мэдрэлийн гаралтай хоолонд дургүй болох эмгэг

Өвчтөний хоолны дуршил хэвийн байхад өөрөө зориудаар жингээ хасах байдлаар илэрдэг эмгэг юм. Ихэвчлэн өсвөр насны охид ба залуу эмэгтэйчүүд өвчилдөг. Таргалах болон биеийн галбир алдагдахаас айсны улмаас үүсдэг сэтгэцийн өвөрмөц эмгэгтэй холбоотой юм. Идэх хоолны цэс хязгаарлагдах, бөөлжих болон гэдсээ цэвэрлэх , дасгал хэтрүүлэн хийх , шээс хөөх эм уух зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Оношийн шалгуур:

  • Биеийн жин 15 хувиас  илүү хувиар алдах
  • Турах шалтгаан нь өвчтөн өөрөө санаатайгаар хоол идэхгүй байгаатай холбоотой
  • Биеийн галбирын талаар гаж буруу сэтгэгдэлтэй
  • Дотоод шүүрлийн хямрал
  • Шилжилтийн насанд бэлгийн бойжилт удаан явагдах зэрэг шинж илэрнэ.

Мэдрэлийн хомхой

Хэт их идэх болон биеийн жингээ хэт хянах , хэт их идсэний дараагаар харамсах дасгалыг хэтэрхий их хийх, байнга бөөлжих байдлаар илэрдэг хам шинж.

Оношийн шалгуур:

  • Хоол идэх дур хэт ихсэх нь 7 хоногт 2-оос доошгүй удаа 3 сарын хугацаанд илэрсэн
  • Хэтрүүлэн хэрэглэх хүсэл, бөөлжих, туулгах эм, хоолны дуршил бууруулах эм уухад хүргэнэ.
  • Мөн бусдаас нуугдан нууцаар иддэг.

Шалтгаан :

Хоолны дэглэм барихаас түүх эхэлж болох боловч ямар нэгэн таагүй явдал/сэтгэл зүйн гэмтэл/: дотны хүний үхэл, эцэг эхийн салалт, оршин суух газрын өөрчлөлт, сургуулийн маргаантай асуудлуудын дараа хөнгөн сонирхол хүнд өвчний хэлбэрт шилжсэн нь ажиглагддаг. Анорексигээр өвчлөгчдийн ихэнх нь эмзэг мэдрэмтгий, биеэ чагнадаг, их сэжигч, цээрч байдаг бөгөөд бэлгийн бойжилт явагдаж эхлэх үед эдгээр чанарууд бүр ч хурцаддаг. Хоол хүнсэнд хандах бидний хандлага нялх балчирт эх үрийн харьцаан дээр тулгуурлан бүрэлддэг учраас өвчний эхлэл, даамжрах явцад ээжийн үүрэг, ер нь ээж, аав-хүүхдийн харьцааны доголдол онцгой нөлөө үзүүлдэг байна.

Мөн дараах хүчин зүйлс уг эмгэгийг үүсэхэд нөлөөлдөг:

Нийгэм соёлын нөлөө: Мэдээллийн хэт туйлшрал, туранхай байхыг сурталчлах

Танин мэдэхүй-төрх үйлийн: Хооллох хандлага төрх үйлийн талаарх буруу ойлголт

Биохимийн: Хоол идэх дурын эмгэг нь сэтгэл гутралын эмгэгтэй өвчтөнүүдэд нилээд элбэг буюу 50 хувь  ба түүнээс дээш тохиолддог. Нейромедиаторуудын өөрчлөлт.

Эмчилгээ:

Анхан шатны тусламж буюу нэгдүгээр шатлалын эмчилгээ:

  • Хэвийн хэмжээний тэжээллэг, илчлэгтэй өдрийн хоолны дэглэмийг зохиох
  • Хооллох хэвийн зуршлыг бий болгох
  • Биеийн жин, хэлбэр, хооллолтын талаар бодит ойлголтыг өвчтөнд өгөх
  • Мэдрэлийн хомхойтой өвчтөн ямар үед их иддэгийг тогтоож, энэ байдлаас
    зайлсхийх, даван туулах тусгай төлөвлөгөө боловсруулах зэргээр тусламж
    үзүүлэх
  • Сэтгэл заслын эмчилгээнүүдийг хийдэг.

Хэрвээ өвчтөнд эмийн эмчилгээ хийж байгаа боловч үр дүнгүй байгаа, өвчтөн өөрийгөө өвчтэй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үед 2 дугаар шатлалын эмчилгээг хийдэг. Харин бие махбодийн талаас амь насанд аюултай шинжүүд илэрсэн буюу тураалд
орсон, Биеийн жин 15 хувиас дээш алдсан тохиолдолд болон тусгай сэтгэл засал, цахилгаанаар таталт үүсгэх эмчилгээ зэрэг сэтгэц эмгэгийн өвөрмөц эмчилгээ шаардлагатай үед мэргэжлийн эмчид илгээн хэвтүүлэн эмчилнэ.

Эцэг эхчүүдэд анхааруулах нь:

Хэрвээ Таны хүүхэд бие махбодийн хувьд ердийн буюу хэт тарган биш боловч өөрийгөө тарган байна хэмээн өөрийгөө үнэлэх, хооллох дур ихтэй, их иддэг боловч таргалахаас айн янз бүрийн аргаар турах оролдлого хийх зэрэг хэвийн биш зан үйл гаргадаг бол энэхүү эмгэг үүсэхээс сэргийлэн арга хэмжээ аваарай!

Тэгвэл ямар арга хэмжээ авах вэ?

  • Хоол их идэх зуршилтай, жингээ багасгах хүсэлтэй хүмүүст эрүүл мэндийн талаар зөв ойлголттой болоход туслах;
  • Хоол их идэх болон биеийн галбираа буруугаар үнэлж буй хүмүүст сэтгэлзүйн ямар нэгэн тааламжгүй байдал байдаг тул энэ байдлаа гадагш илэрхийлж бусадтай санал бодлоо хуваалцахад нь туслах;
  • Хоолны эмчээс зөвлөгөө авах;
  • Биеийн жин, биеийн хэлбэр, галбир, зөв хооллолтын тухай ойлгуулах;
  • Хүний биеийн хэлбэр янз бүр байж болно гэж ойлгуулах;
  • Туулга хэрэглэх, бөөлжих, хоол сойх нь биеийн жинг бууруулах сайн арга биш гэдгийг ярилцаж ойлгуулах;
  • Эрүүл зөв хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөөр турах нь хамгийн зөв гэдгийг ойлгуулах;
  • Зарим тохиолдолд амь насанд ч аюул учруулж болзошгүй гэдгийг ойлгуулах;
  • Эмчид хандаж эмчийн заавраар хоолны дэглэмийг зөв барихад сургах хэрэгтэй.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.