Хуулийн засаглалгүйгээс төрийн болон эдийн засгийн тогтолцоо гажуудсан

2017-02-15 Эдийн засаг

Энэ удаагийнхаа зочноор Монголын эдийн засгийн форумын захирал Б.Лагшмиг урьж, өнөөгийн эдийн засгийн хуулийн орчны талаар ярилцлаа.

-Бидний өнөөдрийн эдийн засгийн орчинд амсаад байгаа хүндрэлүүд чухам хаанаас эхтэй юм бол. Гол шалтгааныг нь та юу гэж харж байна?

-Манай улсын хувьд тогтвортой урт хугацааны эдийн засгийн өсөлтийг авч үзэж байгаа хэлбэр нь мөнгөний ханш, инфляци гэх мэтээр хязгаарлагдаж байна. Гэвч эдийн засагчдын олон улсын стандартад нийцэж байгаа хэлбэрийг судлаад ажиглаад байхад хуулийнхаа засаглалыг бий болгож, түүнийгээ тогтвортой, урт хугацаанд даган мөрдөж байж эдийн засгийн орчин нөхцөл сайжирдаг юм байна гэж харагдаад байгаа юм.

-Хуулийн засаглал гэж юуг хэлээд байна вэ?

-Хуулийн засаглал гэдэг нь яагаад ч өөрчилж болохгүйгээр эдийн засгийн бүх орчинд хамаарч байдаг. Тодруулбал, эрх тэгш, шударга ёсоор эдийн засгийн бүхий л харилцааг зохицуулахыг хэлж байна. Манай Монгол Улсын хувьд эргээд харахаар хуулийн засаглал гээчээ тогтоож чадахгүй байгаа болохоор аж ахуй нэгжүүд маань томорч чадахгүй байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх орчин нь бий болохгүй байна. Нөгөө талаасаа яг нэг чиглэлээрээ мэргэших боломж байхгүй байна. Ажиглаад байхад, манай салбарт зах зээл алга гэсэн шалтгаанаар салбар бүхэн рүү үйл ажиллагааныхаа чиглэлийг хандуулдаг байдалтай л байна. Ингэх нь мэдээж нэг чиглэлээрээ дагнах, хөгжих, томрох боломжгүй болдгодог. Үйл ажиллагаа, бодлого, цаашлаад хөрөнгө санхүүгийн хувьд сарних, хуваагдах, хүчгүй болох эрсдлийг дагуулж байдаг.

Европын холбооны томхоон 13 орны 40 бизнесийн компаниудын дунд хийсэн судалгаа байдаг. Тэр судалгаа нь хуулийн засаглалыг бизнесийнх нь үйл ажиллагаатай хэрхэн уях вэ гэсэн асуумж бүхий судалгаа юм. Судалгааны дүн юуг харуулж байна гэхээр хуулийн засаглалынх нь орчин сайн, хөгжсөн оронд бизнес хийх, томрох нөхцөл нь бүрдсэн байна гэдгийг харуулдаг.

-Хуулийн засаглал яагаад эдийн засагт ийм их хамааралтай юм бэ?

-Зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг бий болгодог. Манайх жишээ нь үл хөдлөхийн зах зээлээ аваад үзье. Бид энэ зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг бий болгож чадаагүй. Энэ нь юугаар батлагдаж байна гэхээр сая арилжааны банкууд зээлээ зогсоож байгаагаас харж болно. Чөлөөт өрсөлдөөний онцлог нь ерөөсөө л эрэлт нийлүүлэлт. Тулгамдсан асуудлаа үүгээрээ л зохицуулж шийдэж байдаг. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд төрийн оролцоо маш их байгаа учраас эрүүл хөгжиж чадахгүй байна. Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа жишээг дурьдахад л, найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл байна. Мэдээж иргэдээ хямд үнэтэй, бага хүүтэй орон сууцны зээлд хамруулж байгаа нь сайн ч нөгөө талаас нь харах юм бол төр нь бизнесийнхэнтэйгээ өрсөлдөөд өөрсдийн давуу байдлаараа энэ салбарт ялалт байгуулж байна. ТӨСК гэх байгууллага байгуулчихлаа. Энэ байгууллага нь хямд үнэтэй орон сууц бариад иргэдэд нийлүүлж байна. Гэтэл өнөөх бизнесийнхэн нь газраа өндөр үнээр авч байна, түүхий эд, тоног төхөөрөмж, ажилчдын цалин хөлс гэх мэтээ өөрсдийн олсон зээл, мөнгө санхүүгийн эх үүсвэрээрээ хангадаг. Иймээс эргээд өртөг шингэсэн үнэтэй барилга орон сууцууд хувиараа бизнес хийж байгаа барилгын компаниудаас зах зээлд нийлүүлэгддэг. Төрийн оролцоотой ТӨСК-ийн хуьд газар нь үнэгүй, дэд бүтцийг нь төрөөс шийдээд тавьж өгч байна. Санхүүгийн хүндрэлтэй тулгарахгүй. Үүнээс харахад ийм хоёр хүч тэнцвэргүй өрсөлдөөнд мэдээж төр ялах нь ойлгомжтой.

-Хэдийгээр найман хувийн гэгдэж байгаа орон сууцууд баригдаж байгаа ч эрэлт хангалттай байж гэмээнэ барилгын зах зээл хөгжинө. Орон сууц худалдан авах чадвартай иргэд хангалттай байна уу?

-Хангалттай биш байна. Үүнийг дагаад юу харагдаж байна гэхээр энэ зах зээл дээр шударга өрсөлдөөн алга. Найман хувийн ипотекийн зээл олгож эхэлнэ гэх сурагаар үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн. Улаанбаатарын хувьд авч үзвэл орон сууцны үнэлгээ зах зээлээсээ хэт давчихсан байна. Үүн дээр олон улсын үнэлгээ, стандартыг хийх нь зөв гэж би хардаг. Тэгж байж арай эрүүл голдиролд орно. Тэгэхгүй бол бараг л зарим газар байршлаасаа хамаараад тэрбум төгрөгийн өртөгтэй байрууд байх жишээтэй.  Гэтэл олон улсын стандартаар үнэлвэл энэ ханш бодитой юу гэсэн асуулт гарч ирнэ л дээ. Үүнд дахиад л өнөөх хуулийн зохицуулалт нөлөөлж байна. Учир нь хөрөнгө оруулалт гэдэг энэ салбарт маш чухал байдаг учраас хөрөнгө оруулалтын хуулийн нөхцлөө ярихгүйгээр барилгын салбар, үл хөдлөхийн салбар хөгжихгүй.

-Хөрөнгө оруулагчдын гол онцолж хардаг орчин нь юу юм бол?

-Эрх ашгийг нь хамгаалсан, үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин нь тогтвортой байдаг. Хууль нь хатуу байж болно. Гол нь ойлгомжтой, урт хугацаандаа тогтвортой байх ёстой. Жишээ нь, гадаад хөрөнгө оруулалтын хуулийг авч үзэхэд, хоёр жил тутамд л өөрчлөгдөж байдаг хуулиудтай болчихлоо. Мэдээж хөрөнгө оруулагчид ямар эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулах гэж байна вэ гэдгээ урьдчилаад тооцдог. Эрсдлүүдээ тооцоолж харах боломж нь ойлгомжтой байвал амар байдаг. Тэгж байж мөнгөө оруулах үгүйгээ шийднэ. Татварынх нь хууль ч жил болгон өөрчлөгдөөд, гадаадын хөрөнгө оруулалтынх нь хууль ч өөрчлөгдөөд байдаг байдал нь бизнесийн орчинд сөргөөр нөлөөлөөд байна.

-Бизнесийн зээлд ч нөлөөлж байгаа нь ажиглагдаад байна. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү?

-Манай улсын хувьд цөөхөн хэмжээний санхүүгийн зээл авах боломжит зах зээлтэй.  Иргэд аж ахуйн нэгжийн зээлжих байдлыг хараад байхад 96 хувь нь арилжааны банкнаас хараат байгаад байна. Бусад дөрвөн хувьд нь хөрөнгө оруулалтын сан, ББСБ гэх мэт газрууд байна. Энэ нь юуг хэлээд байна гэхээр, бизнесийн зээлийн хөгжил хязгаарлагдмал, олон их үүсвэрээс авах боломжгүй байгааг батлаад байна.

“Пибоди гээд Тавантолгой дээр орж ирсэн компани хоёр ч удаа ажил хийх эрхээ авч ялчихаад байхад үйл ажиллагаагаа явуулж чадаагүй нутаг буцсан байх жишээтэй. Бас нэг анзаарагддаг дутагдал гэвэл бусад том жижиг гадны компаниудтай санхүүгийн болоод хөрөнгө оруулалтын гэрээд нь маргаан үүслээ гэхэд дотоодынхоо хууль шүүхээр шийдвэрлэж чаддаггүй. Байнга л гадны томоохон хуулийн хүчийг ашигладаг. Энэ нь бизнесийн орчинд ихээхэн хохирол авчирдгаас гадна монголын талаарх ойлголтыг харлуулдаг…

Уг нь бол эдийн засгийн өсөлт өндөр байх үед гадны хөрөнгө оруулагчид манайхыг сонирхдог, тавьж байгаа бизнесийн саналуудыг таатай хүлээж авдаг байсан. Энэ үед байрны түрээсээс манайх чамгүй орлого олдог байлаа. Түрээсийн зах зээлд ч эерэг нөлөө үзүүлж байсан. Энэ орлого ч мөн хуулийнх нь хүрээлэл урт хугацаандаа тогтвортой байгаагүйгээс болоод уначихсан. Тэгэхээр манай эдийн засгийн хүндрэл нь хуулийнхаа орчинтой салшгүй холбоотой байна гэж хэлье.

-Сая Оюутолгойн санхүүжилт шийдэгдчихлээ. Манай эдийн засагт ч үүнийг дагасан сэргэлт ирнэ гэсэн хүлээлт үүсчихлээ. Энэ байдалд ч мөн таны хэлээд байгаа гэрээний болоод хуулийн эрхзүйн тогтвортой байдал их чухал?

-Ер нь бол Оюутолгой ч гэлтгүй Тавантолгойн хувьд ч бид хэчнээн удаа гэрээнээсээ буцаж тендер зарлав. Маш их нааш цааш нь ярьсан, түлхсэн. Пибоди гээд Тавантолгой дээр орж ирсэн компани хоёр ч удаа ажил хийх эрхээ авч ялчихаад байхад үйл ажиллагаагаа явуулж чадаагүй нутаг буцсан байх жишээтэй. Бас нэг анзаарагддаг дутагдал гэвэл бусад том жижиг гадны компаниудтай санхүүгийн болоод хөрөнгө оруулалтын гэрээд нь маргаан үүслээ гэхэд дотоодынхоо хууль шүүхээр шийдвэрлэж чаддаггүй. Байнга л гадны томоохон хуулийн хүчийг ашигладаг. Энэ нь бизнесийн орчинд ихээхэн хохирол авчирдгаас гадна монголын талаарх ойлголтыг харлуулдаг. Хууль шүүх нь шударгаар гэрээний маргаанд дүгнэлт гаргадаг бол манай хуулийн салбар чинь өөрөө их хэмжээний орлого олох боломжтой салбар.

-Тэгэхээр дан ганц аж үйлдвэрийн салбар, аялал жуулчлалын салбараа хөгжүүлнэ гэхээсээ илүү хуульчид, шүүгчдээ мэргэшүүлж чадавхжуулбал мөнгө олох боломжтой гэж хэлээд байна уу?

-Хуулийн салбар өөрөө боловсон хүчнээрээ дамжуулаад шударга байж чадвал мөнгө олох боломжтой салбар. Нэг хэсэг бол гадаадын хөрөнгө оруулагчдыг хорьж цагдахтай холбоотой монголын нэр хүнд ихээхэн унасан. Ийм байдлаас болж гадны хөрөнгө оруулагчид үргэдэг.

-Сэдвээсээ жаахан хазайя. Байсгээд л манай сайдууд, гишүүд, татвар, гаалийнхан, төмөр замын гэх мэт өндөр албан тушаалтнууд ихээхэн хэмжээний бохир мөнгөтэй нэр нь холбогдчих юм аа. Үүнд төрийн хүнийг хянаж байх хуулийн тогтолцоо гажуудалтай байна гэж бодож сууна. Таны хувьд үүнийг юу гэж тайлбарлах вэ?

-Төрийн засаглалын хариуцлага алга. Зайлшгүй чухал байна. Тэгэхээр дахиад л өнөөх хуулийн засаглал сул дорой байгаа нь нийгмийг ялзруулахад нөлөө үзүүлж байна. Бизнесийн зах зээл ч тэр, улс орны бүхий л системийг эвдэж байна. Баригдмал, хэвшмэл байдлаар хуулиа тогтоодог байдалтай холбоотой гэж бодож байна.

-Хуулиуд учир дутагдалтай “төрөөд” байгаа нь хэнд ашигтай юм бэ?

-Хэн нэгэнд ашигтай гэхээсээ илүү бизнес эрхлэгчдэд өсөх боломжгүй таагүй орчныг үүсгээд байна.  Нөгөө талдаа манай гишүүд сонгогдоод ажиллаж байгаа дөрвөн жилийн хугацаандаа маш их ажил хийсэн юм шиг харагдах гээд байна. Би ийм хууль санаачиллаа гээд байх юм. Тэгэхгүйгээр дутуу дулимаг алсын хараагүй хуулиуд хийчихээд түүнийгээ хоёр жил тутамд өөрчилдөг байдлаа болих хэрэгтэй. 2012 оны сонгууулийн өмнө тавдугаар сард батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль бас л маш богино хугацаанд хэрэгжиж түүнийх нь нөлөөгөөр гадаад хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн. Тэгэхээр сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа учраас тогтвортой хэрэгжээд явахгүй байна. Тухайн хуулийнх нь “тархи” нь муу байгаа учраас хэрэгжилтийн шатандаа маргаан дагуулаад шүүхдэлцээд байна.

**Урьдчилаад торгуулийн төсөвтэй болох гэж зүтгэмээргүй байна. Торгоно, шийтгэнэ гэчихээр л хувь хүнээс ч тэр, аж ахуйн нэгж байгууллага, компаниудаас ямар нэгэн өө хайх гэж л явна. Энэ чиглэлээр моодонд орчихсон хэд хэдэн хуулиуд байна. Татварын тухай, гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад их хэмжээний өөрчлөлтүүд орсон байдаг.

-Манайд мөрдөгдөж байгаа хуулиуд хэрэгжилтийн шатандаа очихоороо хуулиа хэрэглэж байгаа иргэндээ илүү халтай, магадгүй бүр харгис юм болов уу?

-Харгис гэхээсээ илүүтэй захиргаадалтын хэлбэрээсээ бид гарахгүй байна гэж харж байна. Ялангуяа, татвар, гааль, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналтын байцаагч нарын эрх мэдэл хуулиараа хэтэрхий давамгай байдалтай байдаг. Шууд дансыг нь хаадаг, торгууль ногдуулдаг, бизнесийн үйл ажиллагааг нь хязгаарладаг, бизнес хийх эрхийг нь цуцалдаг, тусгай зөвшөөрлийг нь хураах гэх мэт. Захиргаадаж болох бүх хатуу эрх мэдэл нь хуулийг хэрэгжүүлэх түвшинд байна. Гэтэл бизнес эрхлэгчид ялангуяа энэ эдийн засаг, хөрөнгө оруулалтын хүнд үеийг давах хүсэлтэй, хүмүүсийнхээ ажлын байрыг хадгалах зорилготой байдаг.  Зүй нь бол үе шаттайгаар явмаар байгаа юм. Зөвлөгөө өгдөг, сануулдаг арай хүмүүнлэг, иргэнлэг хэлбэрүүд байж болно шүү дээ.

-Бид бас захиргаадалтаар төсвөө бүрдүүлээд байх шиг санагдлаа. Торгууль, шийтгэлээр иргэдээсээ татаас авч орлогоо бүрдүүлээд байна?

-Урьдчилаад торгуулийн төсөвтэй болох гэж зүтгэмээргүй байна. Торгоно, шийтгэнэ гэчихээр л хувь хүнээс ч тэр, аж ахуйн нэгж байгууллага, компаниудаас ямар нэгэн өө хайх гэж л явна. Энэ чиглэлээр моодонд орчихсон хэд хэдэн хуулиуд байна. Татварын тухай, гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад их хэмжээний өөрчлөлтүүд орсон байдаг.

 -Бидний мөнгө хардаг гол салбар уул уурхай. Нүүрсний салбар цаашдаа өгөөжөө өгөх болов уу?

-Төмөр замтай байсан бол бид нүүрсний үнийн өсөлт хамгийн өндөр байсан цаг үед нүүрсээ ахиу гаргах боломж байсан. Харамсалтай нь бид тийм боломжгүй байлаа. Одоо бол нүүрсний цикл үе өнгөрчихлөө. Дэлхий нүүрсний хэрэглээнээс татгалзаад эхэллээ. Австриалийн нүүрсний уурхайд бий болсон үерийн ачаар бид хятад руу нүүрсээ гаргасан. Харамсалтай нь нүүрснээс олсон орлогоо зөв ашиглаагүй. Үргэлж л ийм ашигтай, орлоготой байх юм шиг аашилсан. Хуримтлал үүсгээгүй. Хөөрөгдөлд автаад өрхийн болон төрийн төсвөө тэлчихсэн.

-Ер нь бид хямарсан уу, ядуурсан уу?

-Бид сэтгэлгээний хувьд маш их хямралтай, ядмаг байна л гэж харж байна. Юм бүхнээс өөг нь олж харж байна. Төгс юм гэж байхгүй. Ямар ч хөгжилтэй, баян улсад ядуурал тодорхой хэмжээнд байдаг. Бидний хувьд хэт их туйлшрамтгай хүмүүс л дээ. Сэтгэхүйн хувьд баян байсан улс л богино хугацаанд хөгждөг юм болов уу гэж хардаг. Япон, Солонгосыг харъя л даа. Бид энэ хоёр улсын ард түмний амссан өлсөглөн гуйланчлал, зовлон зүдгүүрийг мэдрээгүй ард түмэн. Бидний цаг үеийн түүхэнд тэгтлээ ядарсан туйлдсан түүх бий юу. Би л хувьдаа байхгүй гэж хэлнэ. Картын барааны үе яг үнэндээ тийм ч хэцүүд тооцогдохгүй байх гэж би бодож байна. Одоо ч аав ээжийнхээ хайраар 30-40 хүрчихээд ч амьдраад явж байгаа гэр бүл, залуучууд зөндөө бий.  Тэгэхээр бид одоо амьдралыг харах өнцгөө өөрчлөх, шинийг сэтгэх цаг үе ирчихлээ гэж бодож байна.

-Та хүүхдийн мөнгө авдаг уу. Хүүхдийн мөнгийг олгох болсон шаардлагыг зөв гэж хардаг уу?

-Манай улсын тухайд хүн амын өсөлт ямар үед илүү их байсан бэ гэхээр эдийн засаг сайжирсан байх он жилүүдэд төрөлт ихэссэн байдаг. Төр бол хүн амаа өсгөхийн тулд хүүхдийн мөнгийг өгөх хэрэгтэй. Ингэж байж төрөлтийн давтамжийг нэмэгдүүлэх юм. ҮСХ-ноос гаргасан хүн ам зүйн өсөлт бууралтын судалгааг үзвэл 2040 он хүртэл өсөлтөө хадгална түүнээс цааш эрчимтэй буурна гэсэн байдаг. Манайх шиг хүн ам цөөхөн улс төрөөс эх үрсийг халамжилдаг бодлогоо үргэлжлүүлж төрөлтийг өдөөх нь их чухал. Эхчүүд хүүхэд гаргаснаараа улсаас ямар давуу эрх эдлэх юм бэ гэдэг нь тодорхой байх ёстой. Одоогоор бол ямар ч тийм хөнгөлөлт, давуу эрх байхгүй. Дөрвөн хүүхэдтэй эх, огт хүүхэдгүй бүсгүй хоёр хөдөлмөр эрхэллээ гэхэд яг адилхан хэмжээний татвар төлж байгаа. Үүнийг би шударга бус байна гэж үздэг. Дөрвөн буюу ганц хүүхэдтэй айлын өрхийн орлого нь яг адилхан байлаа гэж бодоход, цалингаасаа төлж байгаа хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалд төлж байгаа татварын хэмжээ яг адилхан байна. Тэгтэл дөрвөн хүүхэдтэй айлын зардал хэд байх уу. Ганц хүүхэдтэй айлын зардал хэд гарах вэ гэдэг талаас нь авч үздэг баймаар. Үнэхээр хүүхдийн мөнгийг нь хүүхдэд нь өгдөггүй юм гэхэд ХАОАТ, НД-ын татварт нь уян хатан бодлого барих хэрэгтэй. Жишээ нь, хүүхдийн тоо олон байх тусам нийгэмд гүйцэтгэх үүргээ биелүүлж байна гээд дээрх татваруудыг нь багасгах. Магадгүй хүүхэдгүй хүмүүс нь өндөр татвар төлдөг байхаар зохицуулбал хүн амын өсөлтөө ч дэмжих таатай бодлого болно.  Яагаад гэвэл төрөлт их байж тэтгэврийн санд тэр хэмжээгээр мөнгө хуримтлагддаг. Хойч үеэ тэтгэвртэй байлгая гэж байгаа бол төрөлтийг бүх хэлбэрээр дэмжих нь зайлшгүй байх ёстой. Төрөлт зогсоод өндөр настнуудын тоо олширвол ийм халамжийн сангуудад мөнгө хуримтлагдахгүй. Аль болох олон хүүхэд төрж нийгэмд залуу боловсон хүчнүүдийн тоо их байж гэмээнэ нийгмийн даатгалын сандаа эерэг нөлөө үзүүлдэг.

Н.Мөнхтунгалаг

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.