Монгол Улс яагаад “нар” харахаа больчихвоо?

2017-02-14 Нийтлэл

Бид өнөөдөр ямар нийгэмд, яаж амьдраад байна вэ. Гэр хорооллын гудамж тохойд зардаг шуудай нүүрс 2,5 литрийн Cоcа Colа ундаатай өндөр, намаараа эн зэрэгцэв. Алгын чинээ шуудай нүүрс нь ганц хоол цай хийхэд ч багадах болж. Эгэл ард өдрөөс өдөрт л амьдрахад бэрх болсоор. Харин төр засаг улам сульдсаар. Улсын жолоо атгасан хэдэн нөхөр нь дэв дэлхийгээр хэрэн бадар барьж, мөнгө гуйлагчлаад явах болсон нь юутай гутамшигтай. Монгол төрийн нэр хүнд шавар, шавхайд унатлаа  доройтлоо. Төр нь ч, ард түмэн нь ч урд хормойгоороо хойтохоо нөхөөд арай л өлбөрч үхэхгүй шиг амь зогоосоор… Цэнхэр тугийг улаанаар нь ч сэлгэж үзлээ. Өөдийн бараа харахын заяагүй хэдэн жилийг ардаа орхив. Ёстой л өвгөдийн хэлдгээр Монгол Улс яагаад “нар” харахаа больчихвоо гэж. Харин ч татварын хэдэн төгрөг нь МАНАН-ын ээлж дараалан сонгогдсон эрх баригчдын “хоолны мөнгөнд таарах” таарах дэг.

Иргэд нь банкны хүүнд дарлуулж, төр нь өр ширэндээ баригдаад бөмбөрцөг дэлхийд гишгэх газаргүй болох нь. Одоогийн байдлаар улсын хэмжээнд хоолойд тулсан өрний тухайд, Монгол Улсыг хэдэн үеэр нь тэжээж байсан “Эрдэнэт” үйлдвэр Лондонгийн Арбитрын шүүхээс 140 сая ам.доллар төлөх шийдвэр гардчихаад сууж байна. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн 49 хувийг төр авсныхаа шанд дампуурсан “Жаст”-ын 350 тэрбумыг төлнө, мөн үү? За тэгээд ирэх гуравдугаар сард Евро бондын 380 сая ам.долларыг барагдуулах ёстой. Ирэх жил зөвхөн Засгийн газар, Монголбанк нийлээд дөрөв орчим тэрбум ам.долларыг гадаад өрөндөө төлнө. Энэ утгаараа валютын эрэлт огцом ихэсч, төгрөгийн ханшийг барихад хэцүү харагдаж байна. Ийн байдлаар өрийн цуваа тасрахгүй. Харин цаг хугацааны хувьд, энэ тэндэхийн өрийн давхцал бүү гараасай гэж.

Ийнхүү дотоод дахь эдийн засгийн байдлаа бяцхан дүгнэе. Манай улсын санхүүгийн зах зээлийн тухайд, 96 хувь нь 14 арилжааны банкнаас хамааралтай. Эдгээр банкуудаас дөрөв нь нийт зах зээлийнхээ 90 хувийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, манай улсын санхүүгийн зах зээлийн бараг 90 хувь нь арилжааны дөрвөн банкнаас хамаардаг гэсэн үг. Харин үлдсэн хувь нь банк бус санхүүгийн байгууллага (509), хадгаламж зээлийн хоршоо (271), даатгалын компани (86) болон хөрөнгийн зах зээлээс бүрддэг.

Гэвч санхүүгийн зах зээлийг бараг бүхэлд нь атгасан арилжааны банкууд зээлийн хүү өндөр, төв банкны бодлогын хүүгээс хамаарч зах зээлд хэдий хэмжээний мөнгө нийлүүлэх эсэхээ шийддэг тул бизнес эрхлэгчдэд томоохон хүндрэл авчирдаг. Мөн өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд уул уурхай, барилга, худалдааны салбарт хамгийн их зээл гаргаж, эдгээр нь эдийн засгийн хүндрэлийн улмаас зогсонги байдалд орсон тул банк санхүүгийн салбарт хүндрэл учруулж, цаашлаад улс орныг дампуурлын ирмэгт авчрах эрсдэлийг нэмэгдүүлсэн гэхэд болно.

Өнгөрсөн онд банкны салбарынханд амаргүй жил байсан уу гэвэл, тийм. Төв банкны мэдээллээр хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 912.8 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 58.8 тэрбум буюу 6.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.3 хувийг эзэлж байна. Мөн банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн оны эцэст 1082.8 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 213 тэрбум төгрөг буюу 24.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Ингэснээр чанаргүй зээл нийт өрийн үлдэгдлийн 8.7 хувийг эзэлсэн мэдээтэй.

Харин уул уурхайн салбарын хувьд эрдэс бүтээгдэхүүний үнийн уналтаас хамаарч үйл ажиллагаа нь хумигдсан тул чанаргүй,  хугацаа хэтэрсэн зээл өсөхөд хүргэсэн. Түүнчлэн барилгын салбарын тухайд, өнгөрсөн жилүүдэд төв банкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр хэдэн арван их наяд төгрөг цутгасан. Харамсалтай нь хямралаас болж нөгөө талд худалдан авагч, тэднийг дэмжсэн санхүүгийн хэрэгслүүд  (8хувийн зээл) хязгаарлагдсан тул их хэмжээний хөрөнгө уг салбарт түгжигдэж, чанаргүй зээлийг нэмэгдүүлжээ.

Худалдааны салбарын хувьд ч ойлгомжтой.  Өнгөрсөн онд манай улсад инфляци үүссэн нь худалдан авалт хэрхэн буурсныг хэн хүнгүй мэднэ. Энэ мэтчилэн санхүүгийн салбарт нүд сэргээх ганц ч гэрэлтэй мэдээ алга. Үнэндээ бол улс  орон  эдийн засаг, санхүүгийн хямралд  орчихоод  байгаа  нь  төрийн нэр  барьсан  хэнээтэн, цагаан захтнуудын гаргасан бодлогогүй, үндэслэлгүй, судалгаагүй, хэрэгждэггүй хууль, дүрэм журам,  зах замбараагүй  үйл ажиллагаанаас  үүдэлтэй  биш  үү. Улс  орны эд баялаг, ашигт малтмалыг  хэн цөлмөөд, өр төлбөр, ял зэмд  унагаагаад  байна вэ. Энгийн иргэн Дулмаа, Дондог уу. Эсвэл идэш ууш нь дийлддэггүй ард түмэн  үү?  Үгүй бол ачааны  хүндийг  нугалж  яваа  аж  ахуйн нэгж, компаниуд  уу?  Уучлаарай, тийм  биш шүү.

Монгол  шиг талаар дүүрэн малтай, хөндий дүүрэн талбайтай, газрын баялаг арвинтай ийм ард түмнийг  аваад  явчиж  чадах  чадалтай улстөрч  алга. Байсан ч цөөдөн хүчэн мөхөсдөж байна. Тийм учраас л улс төрийн “лангуу” нь тансаг,  удирдах ажилтнууд нь хоолтой яваад буй юм. Уг нь төрийг төрсөн юм шиг удирдаж чадах хүмүүс   байгаа  ч,  төрд  гарах  замыг  нь хаалттай  болгочихсонд  хамаг  учир  бий.  Тэдний оронд  бүхэл бүтэн  банкыг  цөлмөн, мөрийтэй  тоглоод  дуусгачихдаг, татвар төлөгчдийн мөнгөнд амташсан,  үндэснийхээ  компаниудыг  дарамтлан, дээрэмддэг, үнэн худал хууль, дүрэм ярьж түмний толгойг угааж гаршсан нь эзэн сууж буй нь жинхэнэ үндэсний эмгэнэл болоод байна, мөн үү…

О.СЭЛЭНГЭ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.