Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо

2 цагийн өмнө Банк, санхүү

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Бүгд Найрамдах Латви Улсын нийслэл Рига хотноо өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо.

Энэ удаагийн жилийн уулзалт нь “Хувьсамтгай байдлаас уян хатан байдал руу” (From Volatile to Versatile) сэдвийн дор болж, дэлхийн эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн сорилт, боломжууд, тогтвортой хөгжлийн асуудлуудыг хэлэлцлээ. Уулзалт, форумын үеэр Монголбанкны төлөөлөгчид олон улсын санхүүгийн байгууллагууд, Төв банкнууд болон тэргүүлэх арилжааны банкны удирдлагуудтай хоёр талын уулзалтууд хийж, Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийнхээ талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Олон улсын банк санхүүгийн томоохон байгууллагуудтай хийсэн дээрх уулзалтуудын үр дүнд Монголбанкнаас гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэд хэдэн боломжит чиглэлийг тодорхойллоо.

Тухайлбал, гадаадын банкнуудтай харилцах дансны хамтын ажиллагааг өргөжүүлэх, ICBC Standard Bank-тай репо хэлцлийн чиглэлээр хамтран ажиллах, Frontclear байгууллагатай деривативын нэтингийн зохицуулалт болон валютын эрсдэлийг хеджлэх боломжийг судлах, мөн Голланд улсын TCX сантай своп хэлцлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар нарийвчилсан хэлэлцээ өрнүүлэхээр тохиролцсон зэрэг нь чухал үр дүнтэй ажил болов.

ЕСБХБ-ны жилийн уулзалт нь гишүүн орнуудынхаа Төв банкнуудаас гадна олон улсын банк, санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүдийг нэгтгэж, бодлогын чиглэлээр санал солилцох, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх улмаар хөрөнгө оруулалт татах зэрэг өргөн боломжийг нээж өгдөг томоохон уулзалт бөгөөд Монголбанк энэ уулзалтад оролцсоноор бодлого, үйл ажиллагаагаа танилцуулснаас гадна санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, эрсдэлийн удирдлагын орчин үеийн арга хэрэгслийг нэвтрүүлэх чиглэлээр шинэ боломжуудыг нээснээрээ чухал ач холбогдолтой байлаа.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.