Уншдаг хүн танигддаг, ухаж судалдаг хүн ч танигддаг, задаргаа анализ хийж, логик хөөж, баримт түшин өөрийн дүгнэлтийг гаргадаг хүн ч их ухааны ертөнцөд их өөр мөртэй явдаг. Ерөнхий сайд Занданшатар энэ тал дээр боловсорсон харагддаг, доорх шалтгаануудыг хүргүүлье.
1. Хурдны зам гэгдээд байгаа Туул голын татам дотор 11км үргэлжлэх уг 32км зам их хотын бөглөрөлд гаргасан зардалтайгаа дүйх хэмжээний өөрчлөлт авчрахгүй. Орц, гарцыг нь хараарай. Алдарт Баянзүрхийн 26 дугаар хорооны иргэн Баянзүрхийн товчоогоор тойроод, арай гэж Туул гол дагуух энэ зам дээр гараад, хоёр хааз гишгээд л Мишээлийн огтлолцол дээр өдөржин гацна. Хамгийн түгжрэл ихтэй, хүн ам төвлөрсөн, олон цаг бөглөрдөг уулзваруудаас шууд орохоор тооцоолж болоогүй юм уу?
2. Ривер гарден, Хан хиллс орчмын дөрвөн хотхоныхон л эсэргүүцээд байгаа юм шиг олны давалгааг сарниулах гэж үзэж байна. Тэр хэдэн хотхон хэнд хамаатай юм бэ, байрных нь үнэ, тохь тух алдагдлаа гээд нүүгээд явна, бүр ч илүү таатай газар тухлах биз. Та нар Туулыг алсан, бид нэмж гэгээн цагаан өдөр алмаар байна, ингээд хамсаатан алуурчид болцгооё гэж уриалж байгаагаас ёс зүйн хувьд ялгаа алга. Цаашдаа хэн дуртай нь, Яармаг, Сонгино, Тэрэлж орчмоор энэ яргаллыг үйлдэх эрх нээгдэх үү, бүгд хамсаатан болох уу?
3. Уг замыг барихаар шалгарсан гэх Хонконгийн Хао Юань гэх компани нь уг тендерийг зарласнаас хойш нэг сарын дараа бүртгүүлсэн, ажлын түүх, туршлагагүй байх юм. Энэ юу гэсэн үг вэ?
4. Туулын гэх энэ замыг барих өртөг ердийн зам тавих үнээс 73 дахин өндөр, 1км замыг 73-160 тэрбумаар барихаар байна. Монголын төр 2.3 их наядын өрөө төлж дуустал барьсан замаа хятадууд өмчлөх юм уу?
5. Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны 7 дугаар сард оффшор буюу хууль бус мөнгө угаадаг бүс нутгийн хамаарлаас Сингапур, Гонконгийн харъяаллыг гаргасан журам баталсан байна, үүний цаана 23.8 их наяд төгрөгөөр зам барих нэрээр ил, далд мөнгө угаахаар тохируулга хийсэн байж болох уу?
6. Асар өндөр өртөгөөр, Монголын эдийн засгийг хэдэн жилээр бул хар чулуу мэт доош чангааж, үндсэндээ дэнжигнүүлэх энэ төслийн үр өгөөж юу вэ, түгжрэл 10 хувь ч бууруулахгүй орц, гарцтай, Туул голын аминд хүрэхээр хийсэн нь зориудын хорлон сүйтгэх ажиллагаа, эдийн засгийн хэт их дарамтанд улсаар нь удаан хугацаанд барих гэсэн оролдлого мөн үү?
7. Яагаад гэр хорооллын хамгийн их түгжрэлтэй хэсгийг мартаад байгаа юм бэ? Тэнд зам хэрэгтэй, өөрчлөлт хэрэгтэй байна. Энэ замын 11км нь Туул голын татам дотор, 8км орчим нь бөглөрөлгүй хэсгээр дайрч байна, түгжрэл бууруулах гол зорилгоо огтхон ч биелүүлж чадахгүй байгааг юу гэж ойлгох вэ?
8. Байгал орчин, усны нөлөөллийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн байна, хоёр хүний гарын үсэг дуурайлгаж зурсан талаар хүмүүс нь өөрсдөө үгээ хэллээ, одоо болтол Усны газарт бүх баримт нь бүрэн ирээгүй, мэргэжлийн дүн шинжилгээ хийгдээгүй байна, гэтэл яагаад улайран зүтгэж, хулгайч шиг шөнөөр бургас хядна вэ? Үүний цаана ямар ашиг сонирхол байна вэ?
9. Сэлбэ голын тохижилтыг 2024 оны намар хүлээлгэн өгнө гэсэн, ямар байгааг та яваад үз. Дунд гол ямар болсныг хар, гэтэл араас нь Туул гол? Урсаж байгаа голын усыг хэмждэггүй, хэмжих боломжгүй эл зардалд өнөөг хүртэл Сэлбэ голд 19.5 тэрбум, мөс зөөхөд 2.8 тэрбум, Дунд голын бургас хядахад 9.0 тэрбум, өдгөө Туул голоор зам тавихад 2.38 их наяд…Нямбаатарын гаргаж байгаа энэ бүх үр дүнгүй зардлыг шалгуулж болох уу, Засгийн газар яагаад дуугарахгүй байна вэ?
10. Монгол уул нурууд, тэндээс эх авдаг гол мөрний талаар судалсан Герман, Японы эрдэмтдийн судалгаа, дүгнэлт, монголчуудын цэвэр усны эмгэнэлт ирээдүйг та олж үзэв үү, юу бодогдож байх юм?
11. Гол дотор босгох хэдэн зуун баганын цементийн зуурмаг 50 жилийн настай гэсэн, хожим Хатан Туул байж гэмээнэ, усан дотроос тэр их хогийг бидний үр хүүхэд хэдэн их наядын зардлаар чирч гаргаж, зөөж хаях вэ?
12. Оюун-Эрдэнийн баталсан, Нямбаатарын шалгаруулсан энэ төслийг туршлагагүй, сураггүй компаниар эхлүүлбэл, тэр тусмаа хатан Туулыг үмхий үнэртсэн намаг болговол 2027, 2028 оны нийслэлийн дүр төрх, нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч, МАН ялагдахад том нөлөө үзүүлнэ, үүнд та болон танай баг бэлэн үү?
Дүү нарынхаа зуурсан бантанг үүрээд дүүгүүрийн чулуу шиг шидүүлэхэд бэлтгэсэн үү? Араас чинь хэн гарч ирж, хэрхэн санасандаа хүрэхийг бод бод, сайн бод!
Нийтлэлч Р.Эмүжин
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
2026-03-24
2026-03-24
2026-03-24
35071
25806
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.