Хэрэв бүсгүй та өөрт амар хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл заавал үл хөдлөх хөрөнгө, хувьцаа гэлгүйгээр “Birkin” брэндийн цүнх авахад л болох гэнэ. Дэлхийн хамгийн үнэтэй мөн хамгийн ховор цүнх болох “Hermes”-ийн энэ брэндийг алт, зэс зэрэг ашигт малтмал, мөн хөрөнгийн бирж дэх 500 том компанийн хувьцаатай харьцуулан судлахад үнээ алдаагүй ганц зүйл нь “Birkin” л байжээ. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд компаниудын хувьцаа өсч буурч, алт түүхий эдийн ханш унаж боссоор маш их хэлбэлзэлтэй байсан бол “Birkin” брэндийн цүнх үнээ огт алдаагүй барьсаар байгаа аж. Тэр ч бүү хэл дээд зэрэглэлийн тансаг цүнхний үнэ цэнэ жилд 14 орчим хувиар нэмэгдэж байгаа нь “Baghunter”-ын хийсэн судалгаанаас харагджээ.
Мэдээж, найдвартай хөрөнгө оруулалт хийхийн тулд жинхэнэ брэндийн цүнхийг таньж авах нь чухал. Дэлхий дээр хамгийн их хуурамчаар хийгддэг эд бол брэндийн цүнх байдаг. Ялгахын аргагүй хийж, жинхэнэ гэдгийг “батлах” паспорт хүртэл дагалдуулдаг болсноор брэндийн цүнхийг хуурамчаас нь ялгахад бэрх болсон. Тиймээс жинхэнэ брэндийн цүнхийг ялгах шинж хэмээн өдий төдийгөөр нь дурддаг зүйлс бараг хэрэгцээгүй шахуу болсон гэж мэргэжилтнүүд хэлж байна. Хамгийн гол нь брэндийн цүнх маш ховор, бараг олддоггүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Захын дэлгүүрээс брэндийн цүнхийг тэр тусмаа “Birkin”-ийг олж чадахгүй бөгөөд нэрийн дэлгүүрт нь худалдан авахаар бүртгүүлээд зарим тохиолдолд хэдэн жилээр хүлээж байж сая нэг энэ цүнхний эзэн болох боломжтой байдаг.
Мөн маш өндөр үнэтэй байна гэдэг жинхэнэ брэнд гэсэн үг ч биш. 30 мянган долларын үнэтэй матрын арьсан “Birkin” цүнхийг ч хуурамчаар хийж, тэр үнээр нь зарах нь байдаг.
“Hermes” брэндийн нэрийн хуудас болоод байгаа ”Birkin” цүнх Холливудын оддоос эхлээд баян айлын эзэгтэй нарын хамгийн үнэтэй гоёл. Хийсэн материалаасаа шалтгаалаад 9000-150 мянга хүртэл ам.долларын үнэтэй ”Birkin” цүнх энэ асар өндөр үнээсээ хамаараад бүсгүйчүүдийн бэл бэнчинг ч давхар илтгэдэг. Оддоос Виктория Бекхэм ”Birkin”-ий бараг бүтэн цуглуулгатай гэж хэлж болохоор энэ цүнхэнд дурласан нэгэн.
Өдгөө дэлхийн бүх л хөрөнгөтэй бэлтэй бүсгүйчүүдийн мөрөөдөл, шүүгээнд нь заавал байх ёстой зүйлийн нэг болоод байгаа “Birkin” цүнхийг 1981 онд “Hermes”-ийн захирал Жан Луй Дюмас жүжигчин Жэйн Биркинд зориулан хийсэн юм. Тэд Парисаас Лондон руу хамт нисэх үед Жэйн Биркиний цүнх унаж хамаг эд зүйл нь асгарах үед эмэгтэйчүүдэд зориулсан томхон гар цүнх олдохгүй юм хэмээн жүжигчин бүсгүй халаглаж байжээ. Үүнийг сонссон загвар зохион бүтээгчид цэвэр арьсаар томхон гар цүнх хийх санаа төрж, улмаар цүнхний загвараа гаргахдаа Жэйн Биркинийг урьж, саналыг нь сонсчээ. Ингээд шинэ загвараа “Birkin” гэж нэрлэсэн нь өдгөө дэлхий дээр хамгийн их эрэлттэй, үнэтэй цүнхний нэг болоод байгаа билээ.
Б.Номун
20 минутын өмнө
33 минутын өмнө
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.