Эрх баригчдын бүдүүн даргын төлөөх тэмцэл төрийн түвшинд хүрч, байнгын ажиллагаатай парламент хүлээлтийн байдалтай байна. Өнгөрөгч баасан гарагт 126 гишүүнтэй парламент анх удаа хуралдаанаа цуцлав. Парламентын түвшинд Байнгын хороод ирцийн бойкотоос болж хуралдаж чадахаа больж, Засгийн газрын яамдын ажил үндсэндээ хүлээлтийн байдалд шилжлээ.
Энэ зуур парламент дахь сөрөг хүчин ч амаа үдэж, гараа хумхисангүй. Эрх баригч намыг дотоод зөрчлөө нэг мөр шийдэгдэх хүртэл УИХ-д өргөн баригдсан Монгол Улсын ирэх оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах, төслөө эргүүлэн татахыг шаардав. Мөн авлига, албан тушаалын хэрэгт нэр дурдагдсан УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг олон нийт итгэх хэмжээний тайлбар, мэдүүлэг өгтлөө парламентыг удирдах эрхгүй хэмээн үзэж УИХ-ын чуулганы хуралдааныг орхин гарч, төрийн ажил бүр ГАЦАН ПАД болсон.
Харин энэ долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулахаар товложээ. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ УИХ-ын даргын зүгээс ямар акц гаргаж, Ерөнхий сайдын тавьсан сум байгаа онох эсэхийг харах л үлдлээ…
Аан бас нэгэн сонирхолтой үйл явц эл өдрүүдэд өрнөх нь тодорхой байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатарын “фэн”-үүд энэ өдрийн хуралдаанд үг хэлж, үйлдлээ бататгаж таарна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох болсноо мэдэгдсэний хариуд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Хяналтын дэд хороог хуралдуулж, Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргасан. Харин Б.Энхбаяр үүнд уурлаж, тэр даруй сөрсөн базаа хийв. Мөн намынх нь нэр бүхий гишүүд түүнийг өмөөрч мэдээлэл хийсэн. Эл багт УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Б.Хэрлэн, Б.Заяабал, З.Мэндсайхан, Д.Бум-Очир нар Хяналтын ерөнхий хороо Б.Энхбаярыг намын гишүүнлэлээс хасах шийдвэрээ эргэж харахгүй бол “Бид ч бас намаасаа гарна” хэмээн мэдэгдээд байгаа. Юутай ч УИХ-ын гишүүн Б.Заяабал, З.Мэндсайхан нар өнгөрөгч оны УИХ-ын сонгуулиар Д.Амарбаясгалантай нэг баг болж, Баруун бүсээс сонгогдсон гишүүд гэдгийг тодотгох нь зүйтэй. Харин нөгөө тав нь MCS группын угшилтай гэгдэх гишүүд юм.
Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн зүгээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг “Ард иргэдийг төөрөгдүүлж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байна” хэмээн огцруулахыг шаардаж хэвлэлд хандав. Харин УИХ-ын даргад албан ёсоор хаяглагдах ямар нэгэн тодорхой акц эхлээгүй байна.
Энэ мэтчилэн ужиг үргэлжлэх улс төрийн ширүүхэн процесс тийм ч амархан төгсөхгүй л болов уу. Өдгөө Ерөнхий сайдыг огцрууллаа гэхэд УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих, нөгөө талаар УИХ-ын даргад хариуцлага тооцож огцруулах бичиг ч төслийн хэмжээнд бэлэн болсон гэх мэдээллүүд байгаа юм. Юутай ч хүйгэх намрын сэрүүн өдрүүдэд улс төр буцалж байна.
Эх сурвалж: Newsmedia.mn
2025-10-6
2025-10-6
2025-10-6
2025-10-3
2025-09-30
2025-09-30
89019
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.