Чуулган: Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авав

2025-09-24 Парламент

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр болж, хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр “Халзанбүрэгтэйн ордыг хэрхэн ашиглах талаар нийтийн сонсгол өчигдөр боллоо. Эдийн засгийн хүрээнд ямархуу байдлаар ашиглах юм гэсэн ач холбогдолтой хэлэлцүүлэг болно гэж үзэж УИХ-аас ач холбогдол өгсөн. Гэтэл хэлэлцүүлэг маань юу болоод өнгөрөв, дүгнэлт хийгээд харчихмаар санагдаж байна. Хэвлэл мэдээллээр тэр ордыг ашиглах, ач холбогдлын талаар мэдээлэл явсангүй. Нэгнээ айлган сүрдүүлсэн, дарамталсан, эдийн засгийг боомилсон зүйл яригдлаа. Хэвлэл мэдээллийн цензур гэж байна уу, хэдүүлээ энийг бодвол яасан юм. Ажлаа хийгээд явж байгаа хүнийг нэр зааж, нүд рүү тугалга цутгана ч гэх шиг. Эрүүгийн нөхцөл байдал өнөөдөр ямаршуу байгаа билээ яаж залуужаад байгаа билээ.

Орд газраа ашиглах тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол болохоо байжээ. Энэ асуудлыг бүлэг, УИХ бодож ажиллахгүй бол хүн шиг амьдрах боломж бололцоогоор хангая гэдэг асуудлыг ярих нь зүйтэй байх” гэлээ.

Ийнхүү “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцэн хүлээн авлаа.

Чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний 74.5 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Ерөнхийлөгч хориг тавих үндэслэлдээ “Тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлого баримтлах ёстой. Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл боломж бүрдүүлсэн байна.

Монгол төрийн бодлогоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулдаг. Түүнчлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчин, ой, усны сан бүхий газрыг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон экосистемд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан.

Иймд байгаль орчны талаарх төрийн бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй” гэсэн юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.