Социализмын үед, 1990 оноос өмнө улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон. Тавантолгойн ордоос хамгийн өндөр чанарын 460 сая тн коксжсон нүүрстэй , хамгийн өндөр ашигтай Ухаахудагийн хэсгийг 2009.03.19-ны өдөр С.Баярын Засгийн газар ердөө ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭМДЭГЛЭЛ гэгчийг үйлдээд “Энержи ресурс” хэмээх хувийн компанид өгчээ. Гэрээнд “Энержи ресурс” компанийг төлөөлж Эм – Си Эс-ийн Ж.Оджаргал, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл, “Шунхлай групп”-ийн П.Батсайхан, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар, анхны Ерөнхийлөгч П.Очирбатын “Тэнгэрийн цаг” компаниуд гарын үсэг зуржээ.
Өнөөгийн нүүрсний ханшаар тооцвол 132 их наяд төгрөгийн нүүрсэнд тэд эзэн суусан гэсэн үг. Энэ үйл ажиллагаанд Ашигт малтмалын газрын анхны дарга Дугарын Жаргалсайхан гэгч гол үүрэг гүйцэтгэсэн. Д.Жаргалсайхан 1997 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга болонгуутаа “Майн инфо” ХХК-ийг байгуулж, 1999 оны 10-р сард уг компанийхаа нэр дээр Таван толгойн нүүрсний ордын 1900Х, 1901Х дугаартай хайгуулын лицензүүдийг хууль зөрчин авчээ. 2004 онд ажлаа хүлээлгэж өгсөн Д.Жаргалсайхан 2005 онд Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ерөнхий сайд асан Сү.Батболд, MCS-ийн Д.Оджаргал, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд асан Ц.Цэнгэл, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар, “Шунхлай”-н Г.Батхүү агсан, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсан, УИХ-ын гишүүн асан Ц.Идэвхтэн, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр нартай хамтран өөрийн компани дээрээ авсан Таван толгойн ордын лицензүүдээ ашиглахаар “Энержи ресурс” ХХК-ийг байгуулсан түүхтэй.Тухайн үеийн улс төр бизнесийн олигархи бүлэглэл Тавантолгойгоос Ухаахудагийг хулгайлахад нэгдсэн нь энэ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Тэнгэрийн цаг” компаниараа, хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабанди Петровистой ойрын харилцаатай бол Ерөнхий сайд С.Баярын АНУ-д авсан гэх 7 хаус ч Петровисын хувьцаа эзэмшигчидтэй холбогддог.
Энэ тухай экс Ерөнхийлөгч Н. Энхбаяр хэлэхдээ “Тухайн үед Сү.Батболд над дээр ирээд Тавантолгой дээр Ц.Элбэгдорж, С.Баяр, М.Энхболд, Бадамжунайгаар дамжуулаад бүгд ороод ирсэн. Та ч гэсэн ороод ир. Бүгд орчихвол хэл үг, хэрүүл тэмцэл гарахгүй шүү дээ. Дарга аа” гэж хэлсэн тухай ярьсан байдаг.
Харин УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ “Тухайн үед Шунхлайгийн П.Батсайханы төрсөн ах, УИХ-ын гишүүн Г. Батхүү манай АН-ын бүлгийн гишүүдэд Ухаа худагийг авах талаар лобби хийж явсан” гэдгийг баталдаг. Ингээд Тавантолгойгоос Ухаахудагийг тасалж авсан дээрхи улс төр бизнесийн бүлэглэлийнхэн өөр өөрсдийнхөө мөнгийг авч гараад Энержи ресурс комани Эм Си Эс т үлдсэн түүхтэй. Өнгөрсөн 10 гаруй жил Ухаахудагийг олборлож нүүрс экспортолсон ч орлого нь Эм Си Эс гэх ганцхан компанид очсноос Монголын ард түмэнд ямар ч хүртээл байхгүй.
Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар 7 жил ажилласан Д.Жаргалсайхан Монголын стратегийн хамгийн том нүүрсний орд Тавантолгойгоос Ухаахудагийг хувьд авахад гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй Стратегийн 16 ордоос цайрын ганц орд болох Төмөртийн овооны ордын хувь эзэмшигч юм. Сүхбаатар аймгийн Төмөртэйн овооны цайрын ордыг эзэмшигч “Цайрт минерал” ХХК-ийг “Металл импэкс” ХХК эзэмшдэг. Харин “Металл-Импэкс” ХХК-ийг эзэмшигч нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын анхны дарга Дугарын Жаргалсайхан гэгч ажээ.
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
2025-02-18
87556
31096
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.