Өмнөговьд усархаг бороо орж, 18 айлын гэр хашаа, гурван байгууллага усанд автжээ

2024-09-30 Uncategorized

Өмнөговьд усархаг бороо орж, 18 айлын гэр хашаа, гурван байгууллага усанд автжээ
Өмнөговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автжээ. Алба хаагчид 18 айлын гэр, хашаа, гурван аж ахуйн нэгж усанд автсан байсныг 15 цаг ажиллаж, усыг соруулж, аюулгүй болгожээ.

Тодруулбал, Өмнөговь аймаг, Цогтцэций суманд 09.28-ны 18.00 цагаас эхлэн орсон борооны улмаас айлын гэр, байшин, хашаа, аж ахуй нэгж, байгууллага усанд автсан тухай нийт 20 дуудлагыг 09.29-ний өдрийн 10.00 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Цагдаагийн хэлтэс, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн албан хаагчид хамтран 17 айлын хашаа, 3 аж ахуй нэгж, байгууллага усанд автсан байсныг 11 цаг 24 минут ажиллаж усыг соруулж, аюулгүй болгосон байна.

Мөн Даланзадгад суманд 09.28-наас 09.29-нд шилжих шөнө үргэлжлэн орсон борооны улмаас айлын гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 10:16 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 5 км замыг туулан 12:26 цагт очиж 16 дугаар гудамжинд тогтсон 400 тонн усыг 4 цаг 26 минут ажиллан соруулж, аюулгүй болгожээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.