Бэлгийн замын мөөгөнцөр гэж юу вэ?

2024-01-24 Амрах агшин

 

Бэлгийн замын мөөгөнцөр нь ихэвчлэн кандида мөөгөнцрөөр үүсгэгдэх эмгэг юм. Энэ нь хүний биед байх мөөгөнцрийн нэг хэлбэр ба тодорхой шалтгааны улмаас тоо ихсэх үед биед таагүй шинж тэмдгээр илэрнэ. Өвчний үед үтрээ болон гадна бэлэг эрхтэн дээр тууралт гарах, үтрээний ялгадас өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгээр ажиглагддаг. Эмэгтэйчүүдийн 75%-д нь амьдралын туршид дор хаяж нэг удаа тохиолддог. Харин эрэгтэйчүүдийн 3-11% нь энэхүү эмгэгээр өвчилдөг байна.

Шинж тэмдэг:

-Үтрээний ялгадас их хэмжээгээр ялгарах, ээдэм, тараг хэлбэрийн ялгадас гарах, өнгө, үнэрт өөрчлөлт орох
-Үтрээ болон гадна бэлэг эрхтэнд загатнах, өвдөх, хорсох
-Бэлгийн харьцаанд ороход тавгүй мэдрэмж төрөх
-Гадна бэлэг эрхтэн хавагнах, шарх, шалбархай үүсэх
-Бэлэг эрхтний дотор болон гадна хэсэгт хурц улаан тууралт гарах бөгөөд заримдаа умдаг, цавь, гуяа зэрэг хэсгүүдэд өргөн тархана
-Цөөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдана
-Шинж тэмдэг нь хэдэн цаг, эсвэл хэдэн өдөр, долоо хоног, ховор тохиолдолд сар үргэлжилж болох юм. -Түүнчлэн бэлгийн харьцаанд ороход шинж тэмдэг даамжирна.

Зөвлөгөө:
-Дархлаагаа дэмжиж, тэнцвэртэй тэжээллэг хооллох
-Сул чөлөөтэй хувцас өмсөж, нийлэг бус даавуун дотуур хувцас хэрэглэх
-Дотуур хувцсаа индүүдэж өмсөж хэвших
-Бэлэг эрхтэн орчимд химийн найрлагатай, хурц үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх
-Давстай усанд орох. Савангаас зайлсхийж, бэлэг эрхтнийг угаахдаа савангүй цэвэрлэгч эсвэл усан суурьтай тос хэрэглэх
-Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх
-Эрүүл ахуйн шаардлага хангаагүй ариун цэврийн өрөө, бассейнд орохгүй байх
-Бэлгийн замын мөөгөнцөр нь дахих хандлагатай байдаг тул эмчилгээг эмчийн заавраар тууштай хийх шаардлагатай
-Гэдэсний микрофлорийг сэргээж ашигтай бактери уух
-Бэлгийн хавьтагчийг эмчилгээнд заавал хамруулах
-Хагас жил тутамд эмчийн үзлэгт хамрагдаж хэвших

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.