Түүхэн болон уламжлалт үнэт зүйлсийн судлалыг орчин үеийн хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, нийгмийн харилцааны жам ёсны зарчмаар уялдуулан авч үзэж, ирээдүйн манлайлагчдын байнгын түншлэлийг бэхжүүлэн, хамтын ажиллагааны цар далайцыг тэлэх зорилготой “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт маргааш эхэлнэ. “Жендерийн эрх тэгш байдал ба Тогтвортой хөгжил” сэдэвт энэ удаагийн чуулга уулзалтын салбар хэлэлцүүлгээр Алтай судлалын орчин үеийн чиг хандлагыг ярилцаж, Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулах юм.
Энэ хүрээнд өнөөдөр (2023.06.12 ) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Түрэг угсааны улс орнуудын парламентын ассамблей буюу ТУРКПА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мэхмэт Сурейя Эр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, манай улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд БНТУ-тай түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй гэдгийг онцолсон юм.
ТУРКПА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мэхмэт Сурейя Эр, манай хоёр орон хэл, соёл, түүхийн нийтлэг үнэт зүйлстэй гэдгийг цохон тэмдэглээд, өнө эртний найрсаг харилцааг улам бэхжүүлэн түүх, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд энэ удаагийн чуулга уулзалт өндөр ач холбогдолтойг дурдав.
Зөвхөн газарзүйн байршлаар хязгаарлагдах бус төр, нийгмийн бүлгүүд, эдийн засгийн болон нас, хүйсийн хүрээллээр оролцоог жигд хамруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ард түмнүүдийн түүх, уламжлал, оюун сэтгэхүйн онцлог, нийгмийн дэвшлийн чиг хандлагатай нь уялдуулах боломж бүрдэж буй гэдэгтэй талууд санал нэгдлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.