Д.Энхбатыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо

2023-11-30 Парламент


УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг УИХ-аас нэр дэвшүүлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Ингэснээр УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох шаардлагатай болсон юм.

УИХ-ын тухай хуулийн 45.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг УИХ-ын даргын санал болгосны дагуу УИХ томилж, чөлөөлнө” хэмээн заажээ. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргад Д.Энхбатыг нэр дэвшүүлэв. Түүнийг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Д.Энхбатыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ.

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатын товч намтрыг танилцуулъя.

Д.Энхбат нь 1997 онд нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
2009-2017 онд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх,
2017-2022 онд ЗГХЭГ-ын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт,
2022 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос УлИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм.
Д.Энхбат нь төрийн албанд 15 жил, үүнээс 11 жил УИХ-ын Тамгын газарт ажиллажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.