Б.Пүрэвдорж: Засгийн газар цалин, тэтгэврийг үе шаттай нэмэх, төсвийн тодотголыг долдугаар сард багтаж хийх шийдэлд хүрч байна

2023-05-19 Парламент

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.19/ хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах анхны хэлэлцүүлэг хоёр долоо хоногийн өмнө болсон. Үүний дараагаар гишүүд тойрогтоо ажилласан. Хөдөөгүүр ажилласан гишүүдэд иргэдийн зүгээс нэгдүгээрт, долоон жилийг таван жил болгох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг шаардаж байсан. Хоёрт, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох тухай. Гуравдугаарт, цалин тэтгэврийг нэмэхийг шаардсан. Энэ нь ч тодорхой үр дүнд хүрч эхэлж байна. Сангийн сайд Б.Жавхлан ямартай ч хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд бүрэн олгох шийдвэрийг гаргасан. Мөн Засгийн газар цалин, тэтгэврийг үе шаттай нэмэх, төсвийн тодотголыг долдугаар сард багтаж хийх шийдэлд хүрч байна.

Мөн долоон жилийг таван жил болгох хуулийн төслийг энэ намрын УИХ-ын чуулганаар 2024 оны Нийгмийн даатгалын төсвийн тухай хууль батлахаас өмнө батлахыг МАН-ын бүлгийн гишүүд, байнгын хорооны гишүүн П.Анужин, Х.Булгантуяа нартай тодорхой тохиролцоонд хүрсэн.

Ард иргэдийн шаардлага биелэлээ олж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухайд тойрог нь багталцахгүй маш олон гишүүн байгаа. Тиймээс өөрсдийн болон бусдын эрх ашгийн үүднээс 152 гэдгийг 126 болгож буулгаж байгаа. Дахин орон нутгаар явахдаа гишүүд цалин тэтгэвэр нэмэхээр болсон гэж ярьж очих байх. Тиймээс иргэд хэдэн төгрөгөөр цалин, тэтгэвэр нэмэхийг сайн асуугаарай. Тэгж байж эрх ямбаа нэмэгдүүлсэн нөхдүүдэд хариуцлага тооцож чадна. УИХ-ын гишүүд зөвхөн нэг талдаа өөрсдийн эрх ямбаа ахиулах, тоогоо нэмэх талаар ярьж байгаа. Нөгөө талд ард иргэдийн эрх ашгийн хүрээнд Үндсэн хуулийн хүрээнд нэмэлт өөрчлөлт хийх талаар огт ярихгүй байна. Тиймээс иргэдээс гишүүдийг тойрогтоо ажиллаж байхад шаардлага сайн, тодорхой тавихыг хүсье” гэлээ.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.