УИХ: Т.АЮУРСАЙХАН, Д.БАТ-ЭРДЭНЭ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.НАРАНБААТАРЫГ авч үлдлээ

2023-03-30 Парламент


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн бол Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн УИХ дахь МАН-ын бүлэг болон холбогдох байнгын хорооны хуралдааны гишүүд дэмжсэн.

Өчигдөр найман цагийн турш хаалттай хэлэлцсэн Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.

Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил “УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Халдашгүй байдлын дэд хорооноос гаргалаа. Нэгдүгээрт, гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлсэн гурван гишүүний гэм буруутай нь тогтоогдож байгаа зүйл биш. Энэ бол хууль хяналтын байгууллага мөрдөн байцаах ажиллагаагаа түргэн шуурхай явуулах боломжийг хангаж байна.

Хоёрдугаарт, мөрдөн шалгах ажлыг шуурхай явуулж гэм буруутай гэж үзвэл шүүхэд шилжүүлэх, гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх саналыг түргэн хугацаанд УИХ-д оруулж ирэх саналыг Ерөнхий прокурор болон хууль хяналтын байгууллагад хүргүүллээ. Дэд хорооны гишүүд санал нэгтэйгээр энэ шийдвэрт хүрсэн. Дараагийн процессын тухайд эхлээд Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хуралдана. Ерөнхий прокурор тус хорооны гишүүн бүрт саналаа танилцуулна. Халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлтээ танилцуулна. Гишүүд Ерөнхий прокурор болон Халдашгүй байдлын дэд хорооноос асуулт асууж, хариулт авна. Нэр холбогдсон гишүүд өөрсдийн санал бодлоо хэлнэ. Нэр холбогдсон гишүүдээс байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авна. Хоёр байнгын хороо тус тусдаа нууц санал хураалт явуулна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр УИХ-ын нэгдсэн хуралдаан шийдвэр гаргана” гэлээ.

Тэгвэл өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хаалттай хэлэлцэж, гурван гишүүний нэгийг нь буюу Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв. Харин Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурийг олонх дэмжиж, саналаа өгчээ.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.