Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өчигдөр (2023.01.18) хуралдлаа.
Хуралдааны эхэнд Түр хорооны дарга Б.Баттөмөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ 2020.04.29-ний өдөр баталж, энэ хууль 2 жил 8 сарын хугацаанд хэрэгжээд, үйлчлэх хугацаа нь 2022.12.31-ний өдрөөр дуусгавар болсон. Иймээс өнөөдрийн Түр хорооны хуралдаанаар энэ хуулийн хэрэгжилт, биелэлт, зарцуулсан төсөв санхүүжилт, хуулийн хүрээнд төрийн албанд томилсон, чөлөөлсөн зэрэг мэдээллийг холбогдох байгууллагуудаас сонсохыг тэмдэглэв.
Хуралдаанд Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Эхлээд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг цар тахлын үед эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийв.
Мэдээлэлдээ, дэлхийн болон Монгол Улсын өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөрөнгө оруулалт, санхүүжилт, сургамж, саналыг танилцуулсан. Тэрбээр, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан, хэрэгжүүлснээр шуурхай шийдвэр гаргуулах эрхзүйн орчин бүрдсэн, эрүүл мэндийн салбарын урсгал төсөвт тодотгол хийх, эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр зардлын зориулалт арга хэмжээ, зардал хооронд шилжүүлэх боломжийг хангаж, санхүүжүүлэх боломж бүрдсэн, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, дуусаагүй барилга байгууламжийг дуусгах, ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн тодотголоор шийдвэрлэгдсэнийг тэмдэглэв.
Мөн, санхүүжилтийн гүйцэтгэл /тэрбум төгрөгөөр/-ийн тухайд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ болон “Эрүүл мэндийн салбарын чадамжийг сайжруулах” хөрөнгө оруулалтад нийт 1,617.3 тэрбум төгрөгийн зарцуулалт хийгдсэн гэлээ. Сургамж, саналын талаар эм эмнэлгийн хэрэгсэл нөөцлөх агуулах бэлэн болсон ч худалдан авах эрх зүйн орчин бүрдээгүй байсан, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж буюу хувийн хэвшлийн байгууллагаас бүрэн хамааралтай байсан, өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах шаардлагатайг харуулсан, дараагийн цар тахал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдлыг хангах шаардлагатай эрсдэлийн санг бий болгох шаардлагатай нь харагдсан хэмээн танилцууллаа.
Дараа нь Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцуулав. Манай улсад КОВИД-19 батлагдсан тохиолдол 1.007.843 бүртгэгдэж, 2136 хүн нас барсан талаар түүний танилцуулсан мэдээлэлд дурдагдлаа. Мөн, Монгол Улсын Засгийн газар цар тахал анх дэгдсэн үеэс эхлэн шуурхай хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн талаарх мэдээлэлдээ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах чиглэлээр 2020-2022 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, зарцуулсан нийт санхүүжилт, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн мөнгөн хандив зэрэг тоон мэдээллийг танилцуулсан. Монгол Улсад КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтыг 2021.02.23-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд Засгийн газар гадаад харилцааны шугамаар болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудын дэмжлэг, оролцоотойгоор 4 төрлийн вакцины нийт 8.620.950 тунг татан авч, хүн амыг вакцинжуулсан талаар мөн тэмдэглэв.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлдээ, иргэнийг төрийн албанд томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах суурь зарчмыг баримталж, төрийн албаны сул орон тоог нөхсөн. Харин хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй иргэнийг томилсон томилгоог Төрийн албаны тухай хуульд заасан суурь зарчим зөрчигдөж байна хэмээн үзэж, томилгооны зөрчлийг хууль тогтоомжид нийцүүлэх шаардлага, хугацаатай үүрэг, даалгаврыг холбогдох төрийн байгууллага, салбар зөвлөлүүдэд өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан гэв. Тэрбээр мөн 2020-2022 оны сонгон шалгаруулалт, төрийн албанд түр томилогдсон болон чөлөөлөгдсөн албан хаагчдын талаар тоон мэдээллийг танилцуулсан. Хууль хүчин төгөлдөр үйлчилсэн 2020.04.29-ний өдрөөс 2022.12.31-ний өдөр хүртэл 2808 иргэн төрийн албанд томилогдсоноос хуульд заасан тусгай болон албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй 794 иргэн чөлөөлөгдсөн, 823 иргэн чөлөөлөгдөөд, сонгон шалгаруулалтад орж, жинхэлсэн. Шаардлага хэрэгжүүлээгүй, томилгооны зөрчилтэй 194 иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгосон гээд цаашид төрийн албаны бүтэц, чиг үүрэг, ажиллах хэлбэрийг төрийн албаны цахимжилт, технологи ашиглалттай хослуулах зайлшгүй шаардлага гарч байна. Үр ашиггүй нүсэр бүтэц, бүтээмж багатай, өрсөлдөх чадваргүй төрийн албан хаагчийг хөгжүүлэх, шинэлэг арга барилаар ажиллах хөрвөх чадвартай болгох нь төрийн албаны шинэтгэлийн хамгийн чухал асуудал байх болно гэлээ.
Хуулийн биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын хийсэн танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан гишүүн Б.Бейсен, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд байгууллагуудын мэдээлэл зөрүүтэй байгааг хэлж, яагаад зөрүүтэй байгаа талаар болон олон улсын байгууллага, иргэдээс хандивласан мөнгөний зарцуулалтын задаргааны талаар, мөн цар тахлын санхүүжилтийн зарцуулалтаас “мөнгө угаасан” гэж олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын дэвшүүлж байгаа асуудлын талаар тодруулж, хариулт авлаа. Түүнчлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын түргэвчилсэн оношлуурын жагсаалтад байдаггүй оношлуур оруулж ирсэн, энэ оношлуураар КОВИД-той өвчтөний 10 тохиолдлын 2-ыг илрүүлсэн, 8 тохиолдлыг илрүүлж чадахгүй байсан. 25 ам.долларын үнэ бүхий “Файзер” вакциныг 39 ам.доллараар авсан, мэргэжлийн байгууллагын тооцоо судалгаа, хяналтгүйгээр их хэмжээний вакцины нөөцийг бий болгож, нийтдээ 198,2 мянган тун вакцин устгалд оруулж, үргүй зардал гаргасан тухай аудитын байгууллагын дүгнэлттэй холбогдуулан асуулт, асууж хариулт авсан юм.
Гишүүдийн асуултад Түр хорооны хуралдаанд мэдээлэл хийхээр ирсэн ажлын хэсэг буюу Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, дэд сайд С.Энхболд, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон аудитын байгууллага зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд хариулт өглөө.
Төгсгөлд нь Түр хорооны дарга Б.Баттөмөр, Түр хороо тайлант хугацаанд 14 удаа хуралдаж, хуралдаанаараа Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний комисс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон бусад холбогдох байгууллагуудын нийт 31 удаагийн мэдээллийг сонсож, хуулийн хэрэгжилттэй холбогдуулан холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч ажилласан талаар болон Түр хорооны тайланг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
12 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.