Д.Амарбаясгалан: Нүүрстэй холбоотой есөн гэрээг нууцаас гаргасан. Цаашид Засгийн газар нэг ч нууц гэрээ байгуулахгүй

2022-12-9 Засгийн газар

Засгийн газар өнөөдөр /2022.12.09/ ээлжит бусаар 09:00 цагт хуралдаж, цаг үеийн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Тэрбээр “ҮАБЗ-ын зөвлөмжөөр нууцад хамааруулсан байсан есөн гэрээг ил болгохоор Засгийн газар шийдвэрлэлээ. Гэрээг ил болгож, Авлигатай Тэмцэх Газарт өгч шалгуулах, УИХ дээр байгуулагдсан түр хороонд шилжүүлэх зэрэг үүрэг өгсөн.

Эдгээр гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн гэрээ юм.

Нууцаас гаргасан гэрээг нэрлэвэл,

  1. Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл
  2. Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл
  3. Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төсөл
  4. Богдхан төмөр замын суурь бүтцийн төслийн ажил
  5. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил
  6. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулах гэрээнүүд (энд гурван төсөл багтаж байна)

Эдгээр төслүүд нь Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах зорилгоор хийгдэж байна. Гэхдээ авилга, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгана. Цаашдаа бүтээн байгуулалтын төслүүдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсооно. Өөрөөр хэлбэл, Засгийн газар цаашид бүтээн байгуулалтын төслүүдийг нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоож, нэг ч нууц гэрээ байгуулахгүй, батлахгүй гэсэн зарчмын шийдэлд хүрсэн.” гэв.

Мөн Засгийн газраас орон нутгийн өмчит Тавантолгой компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилжээ. Хилээр хоосон гарсан гэж мэдүүлээд нүүрс тээвэр хийсэн байж болзошгүй маш олон зөрчлийг шийдвэрлэх зорилгоор Хуул зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг Тавантолгой компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилсон байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.