Хүн бүхэн хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсдэг. Тэрхүү сайн хүнийг бий болгоход эцэг эхчүүдийн өөрсдийнх нь төлөвшил, биеэ авч явах байдал чухал нөлөө үзүүлдэг тул та хүүхдэдээ эзэмшүүлэхийг хүсдэг сайн чанаруудыг өөрөө ч бас эзэмшсэн байх нь чухал юм. Учир нь хүүхэд эцэг эхийгээ хорвоо дээрх хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн сайн хүмүүс гэж боддогоос гадна үлгэр дуурайл авах хамгийн ойрын хүн нь та байдаг. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” болгон дэлхий нийтээрээ 1998 оноос тэмдэглэж ирсэн.
Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Болормаа:
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр бол “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын тэмдэглэлт өдөр” юм. Энэ өдрийг анх 1998 онд Америкийн Нэгдсэн Улсаас санаачлаад 2001 оноос олон улсууд нэгдэж тэмдэглэдэг болсон бөгөөд Монгол Улс 2006 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэлт өдөр хэмээн тодорхой ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн. Тухайлбал: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2018 оноос эхлэн “Хүүхдэдээ зөв үлгэрлэе”, “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” гэх мэт аян, арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Цагдаагийн байгууллагаас аливаа хэлбэрийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой ажлуудыг тогтмол болон өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг.
Хүүхдийн эрхийн тухай Конвенцид нэгдсэн улс орнууд 1998 оноос, манай улс Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаас явуулсан судалгаагаар дэлхий дээр жил бүр 133 саяаас 275 сая хүүхэд эцэг эхийнхээ харгис, хатуу зан авирын гэрч болдог болох нь тогтоогджээ.
Улсын хэмжээнд 2022 оны эхний нэгдүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 50 хүүхэд хохирч, 25 хүүхэд гэмтсэн. Насанд хүрээгүй хүүхдээс 312 гэмт хэрэгт 346 хүүхэд холбогдож, 532 хүүхэд хохирч, 169 хүүхэд гэмтсэн байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг:
Хүүхдийг зодох, бие махбодын болон сэтгэл санааны шийтгэл үзүүлэх нь энэ нийгэмд амьдрах чадвартай хувь хүн болон төлөвших, эргээд эцэг эх болох, үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх гэх мэтчилэн гинжин холбоотой байдаг. Хүүхдийг буруу зүйл хийвэл, алдаа гаргасан тохиолдолд зоддог юм байна, зодож болдог юм байна гэдэг ойлголтыг өгдөг. Ялангуяа хүүхдийг цохиж, зодлоо гэхэд хүмүүс ямар ч сэтгэл хөдлөлгүй гар хүрдэггүй, уурласан үедээ насанд хүрсэн хүмүүс биеэ хянаж чадахгүйгээс болж хүүхдээ илүү ихээр гэмтээх, амь насанд нь ч хор хөнөөл учруулах тохиолдол гарах юм.
Хүчирхийлэл нь зөвхөн нэг хүүхэд, нэг л гэр бүлийн асуудал биш бөгөөд үүнд нийгэм тэр чигээрээ өртөж байдаг бөгөөд хүчирхийлэлд өртсөн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын баяр баясгалангүй, итгэлгүй болж, өөрөө хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг ба улмаар нийгэмд баялгийг бүтээгч бус, улс орны хөгжлөөс хойш татдаг иргэд бий болж хүмүүжсэнээр үйлдвэрлэл буурах төдийгүй эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг. Зодуулж шийтгүүлдэг хүүхэд үзэл бодлоо илэрхийлэхээс айж, өөртөө итгэлгүй, өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхдэг, бусдыг даган дуурайгч болон төлөвшдөг. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийн хийсэн алдаатай үйлдлийг засахдаа тэдэнтэй ярилцаж, буруу хийсэн зүйл нь юу байсныг нь ойлгуулж, туслах нь чухал юм.
Эцэг эхчүүд:
Дараагийн үр удмаа зодож цохих нь аюултай, зодуулсан хүүхэд хүчирхийллийг багаасаа үзэж байгаа учраас хэн нэгэнд ч мөн адил тийм зан гаргана. Түүний оронд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ уурласан хэдий ч дараа нь уучлалт гуйх, болж өгвөл ярилцах хэрэгтэй. Бидний үе биш шүү дээ. Нийгэм одоо ямар болсон билээ гэдэг талаас нь харах хэрэгтэй.
Сонгинохайрхан дүүргийн 158 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Адъяасүрэн:
Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргын хамгийн энгийн арга бол хүүхдээ сонсох, ярилцах. Манай эцэг, эхчүүдийн хамгийн түгээмэл алдааны нэг жишээ гэвэл өглөө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч байгаа байдлыг л харахад хүүхдээ чирсэн байдалтай, яарсан байдалтай байдаг. Хүүхдэд ямар нэгэн хэрэгцээ байгаа түүнийг нь асуух, мэдэх, ойлгох хэрэгтэй. Хүүхдийн бие махбодын онцлог өөр өөр байдаг тиймээс багш нар хүртэл хүүхэдтэй яаж харьцах, эцэг эхчүүдтэй нь ярилцах хэрэгтэй юм.
Ямар нэгэн хүчирхийллийн үед, зодож шийтгэх арга ашиглах үед хүүхдэд айдас, түгшүүр үүсэж байдаг. Хүүхдийг ямар нэгэн байдлаар цохих, зодох бүрд стрессийн даавар буюу кортизол гэх дааврын хэмжээ нэмэгддэг төдийгүй кортизол байнга их байх нь сурах чадвар, ой тогтоолт, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг бууруулдаг нь судалгаагаар нотлогдсон. Энэ нь урд тархины агших буюу мэдрэлийн эсийн холбоос нь багасах, эсүүд үхэхтэй холбоотой байдаг гэж судлаачид үздэг. Мөн хүүхэд насанд хүрэгчтэй харьцуулбал стресст өртөх магадлал нь даруй арав дахин их байдаг байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг: Хүүхэд насны нэг онцлог нь бүх зүйлийг хийж сураагүй байдаг, бүх зүйл хүүхдэд цоо шинэ ертөнц байдаг. Тиймээс хүүхдэд өөрийнх нь чадахгүй, мэдэхгүй байгаа зүйлийг тайлбарлаж хэлэх хэрэгтэй. Тэд буруу зүйл хийнэ гээд алдаж хийдэггүй, тэд өөрсдөө чадахгүй, мэдэхгүй байгаа учраас л алдаа гаргадаг. Хүүхдэдээ маш сайн зааж зөвлөж, дагуулж сурган, давтан хийлгэх хэрэгтэй. Ингэхдээ нэг бүрчлэн зааж, маш сайн ойлгуулах, эелдэг харилцах нь чухал.
Насанд хүрсэн хүн стресс, бухимдалтай үедээ гадуур алхах, дуртай зүйлээ хийх, өөртөө цаг гаргах, спортоор хичээллэх, зураг зурах гэх мэтээр стрессээ зөв зохицуулах үйлдлийг хийдэг бол хүүхдийн хувьд стресстээд байгаагаа мэдэхгүй, түүнийгээ яаж зохицуулахаа мэдэхгүй байдаг учраас үүнээсээ болж тархины хөгжил нь удааширч байнга зодуулж шийтгүүлсэн тохиолдолд байвал өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй, өөртөө итгэлгүй хүн болох эрсдэлтэй байдаг. Тиймээс цохиж, зодох, алгадах нь хүүхдэд маш их сөрөг нөлөөтэй тул хүүхдээ зодож шийтгэлгүйгээр аль болох хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж занших хэрэгтэй юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Б.Цэрэгбаатар:
Хүүхдийг цохиж, зодно гэдэг бол сурган хүмүүжүүлэх хэлбэр биш юм. Тийм учраас эцэх эх, асран хамгаалагчид хүүхэдтэй аль болох зөөлөн хандаж харьцах, зөвлөн тусалж хүүхдүүдэд ойлгуулбал илүү үр дүнтэй байх болно.
Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Болормаа: Хүүхэд хамгааллын тухай хуулинд хүүхдийг сурган хүмүүжүүлэхдээ, асран хамгаалахдаа багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч нар хүчирхийллийн бус аргаар хүүхдэд боловсрол олгох, асран хамгаалах үүргийг биелүүлнэ гэж заасан байдаг. Аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл зүйн хувьд асар их цочрол өртөж цаашид бие даан шийдвэр гаргах чадваргүй болдог.
Хүчирхийллийг нуун дарагдуулбал цаашид даамжрах аюултай учир ямарваа хүчирхийллийн талаарх мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд заавал мэдээлэх, зодож шийтгэх зэрэг ямар ч хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцах, зөв хүмүүжил төлөвшилд зааж сургах, хүүхэд хүчирхийлэлд өртсөн эсэхийг байнга анхаарч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
15 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.