Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг баталлаа

2022-04-29 Парламент

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг батлав.

Энэ удаагийн төсвийн тодотгол гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлттэй байгаа энэ хүнд цаг үед иргэдийнхээ бодит орлогыг хамгаалахад чиглэж буй юм. Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө, орон нутагт бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зохицуулалтыг тусгасан болно. 2022 оны төсвийн жилээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу орон нутаг дахь ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, театр, чуулга, музей, номын сан, сумын соёлын төв зэрэг байгууллагын байрны үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн албан хаагчдын цалинг ялгаатай эх үүсвэрээс олгодог болсноор салбар, салбарын хэмжээнд ажиллагсдын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, түүнтэй уялдсан цалин хөлсний бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн тул үйлчилгээний албан хаагчдыг үндсэн байгууллагадаа харьяалагддаг байх өөрчлөлтийг тусгасан юм. Түүнчлэн төсвийн тодотголд тусгасан төрийн өмчийн засаглалын шинэчлэл, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн бодлогуудыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн төслийг дагалдуулж тогтоолын төслүүдийг боловсруулжээ.

Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголд Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлыг 425.5 сая төгрөгөөр нэмэх, гадаадын зээл тусламжийн ашиглалтын зардлыг 16 тэрбум 400.2 сая төгрөгөөр бууруулах, улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх төсөлд жагсаалтад өөрчлөлт хийснээр хөрөнгийн зардал 15 тэрбум 974.6 сая төгрөгөөр нэмэх болжээ. Энэ нь зарлагын болон алдагдлын дүнг нэмэхгүй байх хуулийн шаардлагыг хангаж байгааг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор чуулганд танилцуулав.

 

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.