СЗХ-ны ээлжит хуралдаан боллоо

2022-03-24 Банк, санхүү

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Компанийн засаглалын кодекс”-ийг шинэчлэн баталллаа. Мөн даатгалын багц дүрмийн холбогдох хавсралт журмуудад ногоон даатгалтай холбоотой зохицуулалтуудыг нэмж тусгасан тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Ингэснээр ногоон даатгалын бүтээгдэхүүнийг тусад нь бүртгэх, даатгалын компаниудад ногоон бондод хөрөнгө оруулах боломж бий болж байна. Тодруулбал, олон улсын хэмжээнд хэрэгжиж буй тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх гол арга болсон ногоон санхүүжилтийн экосистемийг бүрдүүлэхэд даатгалын салбарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Ногоон даатгалын бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрснээр цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол зэргийг бууруулахад дэмжлэг болохын сацуу иргэд, даатгуулагчдын  байгаль орчинд ээлтэй, бүтээгдэхүүн үйлчилгээ авах, хүрээлэн буй орчны бохирдолттой тэмцэх дадал, хэвшлийг суулгах ач холбогдолтой. Мөн хөрөнгийн зах зээл дэх ногоон санхүүжилтийг дэмжих улмаар ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд нэмэгдэх юм.

Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн жилүүдэд дотоодын шилдэг, томоохон аж ахуй нэгжүүдийг олон нийтэд үнэт цаасаа санал болгож гаргах ажиллагааг дэмжих чиглэлд анхаарч ажиллаж байна. Энэ хуралдаанаар ч “Волтам” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Тус компани нийт хувьцааныхаа 25 хувийг нийтэд санал болгож 17 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн хуралдаанаар хоёр компанийн бонд гаргах хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийн хүүгийн нөхцөлд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олголоо.

Мөн зохицуулалтын салбаруудад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд:

– Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллага эрхлэх-1

– Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх-2

– Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх 4 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн нэг хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж,  хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр, гурван компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар хуралдаанаар зөвшөөрлөө гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.