БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томиллоо

2017-06-9 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Г.Чулуунбаатарыг томиллоо. Түүнийг томилохыг 94,2 хувийн саналаар дэмжлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд шинэ сайдад салбарынх нь тулгамдсан асуудал болон хэд хэдэн зүйлд анхаарч ажиллахыг захисан юм. Тухайлбал, Ё.Баатарбилэг гишүүн  “Та цаашид их дээд сургуулийн менежментийг сайжруулаарай. Элсэлт авахад анхаараарай. Бүгд хуульч, гадаад хэлтэй мэргэжилтэн болно гээд туульшраад байна. Мөн Их дээд сургууль төгссөн ажилгүйчүүд байна. Дөрвөн жил сургуульд цаг зав, мөнгөө төлж байгаа учраас чанартай мэргэжил эзэмших ёстой. Мөнгө нь орчихоод байхад барилга нь баригдахгүй байгаа объект бий” хэмээв. Харин академич Г.Чулуунбаатар “Би өөрчлөлтийг эхлүүлэхийн төлөө ажиллана. Дээд боловсролын агуулгыг алдагдуулахгүй, улам сайжруулж ажиллана” гэдгээ тодрууллаа.

Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Салбарын сайд улс төрч, менежер байх ёстой. яамныхаа уялдаа холбоог мэдэрч ажиллахгүй бол болохгүй шүү.  Улаанбаатар хотын захын хорооллын сургууль, цэцэрлэгийн ачаалал хэд дахин илүү байгаа. Багш, ажилчдын ажлын нөхцөл хэцүү байдаг учраас зуны амралтаар танилцаж, ажиллаасай гэж хүсэж байна. Боловсролын салбарт дутагдаад байгаа зүйл бол мэргэжилтэй боловсон хүчин, бүтээгч төгсгөх хэрэгтэй байна. Энэ засгийн газар өнөөдөр бүтээх салбарт анхаарал тавьж байгаа. Тиймээс энэ чиглэлээр мэргэжил эзэмшүүлэхэд анхаараарай. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг сайд болгон оролдсон. Хүүхдүүдийнхээ хүмүүжлийн бодлогоор оролддог сайд манайд байхгүй” гэдгийг тодотгосон бол Д.Ганболд гишүүн “Монгол Улсын хөгжлийн үндэс бол боловсрол юм. Энэ бодлого өндөр түвшинд байх ёстой. Нөгөө талдаа энэ олон их дээд сургуулийг цэгцэлмээр байна. Эцэг эхчүүд мөнгө санхүү бүх зүйлээ зориулж хүүхдээ сургадаг. Гэтэл сургууль төгсөөд ТҮЦ, лангуунд худалдагч хийгээд сууж байгаа тохиолдол их байна” гэдгийг анхаарууллаа.

Ийнхүү тус боловсролын салбар хариуцах эзэнтэй, тэр тусмаа мэргэжлийн боловсон хүчнээр удирдуулахаар боллоо.

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарын товч анкетыг хүргэж  байна:

–  1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн

–  2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал

–  2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал

–  2007-2011 онд НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн есдөх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал

–  2000-2008 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх

–  1997-2009 онд Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал

–  2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

–  ШУА-ийн Тэргүүлэгч гишүүн (одоог хүртэл)

–  Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн

–  2004-2008 онд УИХ-ын дэргэдэх Судалгааны төвийн захирал

Г.Чулуунбаатар нь 1997 оноос ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тус Бага чуулганы дэргэдэх философи, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хамгаалуулах зөвлөлийн дарга (2014 оноос), МУИС, СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрдмийн зөвлөлийн дарга, Удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга (2008 оноос) Нийгмийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, 2014 оноос Философи, шашин судлалаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байжээ.

О.МӨРӨН

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.