ОЛОН УЛС СУДЛААЧ П.НАРАНБАЯР: ХЯТАД ХИЛЭЭ ХААГААД БАЙГАА НЬ БЭЭЖИНГИЙН ОЛИМПТОЙ ХОЛБООТОЙ

2021-12-20 Нийгэм
   


Гадаад харилцаа болон цаг үеийн асуудлаар Олон улс судлалын доктор П.Наранбаяртай ярилцлаа.


-Монгол Улсын гадаад харилцаа, гадаад бодлого ер нь ямар чиг хандлага руу явж байна. Судлаач хүний хувьд алдаа дутагдал ажиглагдаж байна уу?

-Манай улсын хувьд тогтвортой гадаад бодлого баримталдаг орнуудын нэг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар солигдлоо гэхэд өмнөх бодлогоо үргэлжлүүлэх үүрэг хүлээж байдаг. Нөгөөтэйгүүр Үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг бол гадаад бодлого. Тэр утгаараа тогтвортой явах ёстой. Бодлогын тухайд бол хэд хэдэн зарчим бий. Түүний нэг нь олон тулгуурт гадаад бодлого. Нэг үе АНУ, ЗХУ гэсэн хоёр туйл байлаа. Манай улс ЗХУ-ын лагерь дотор орж гадаад бодлогоо томьёолж байсан түүхтэй. Энэ алдаа, сургамж дээрээ үндэслээд олон тулгуурт гадаад бодлогыг Монгол Улс тунхагласан. Өдийг хүртэл энэ бодлого дээрээ бат зогсож байна гэж харж байгаа. Гадаад бодлогын номлол бол огт өөрчлөгдөхгүй ингэж явах ёстой. Жижиг буурай орны хувьд энэ бодлогыг хамаагүй савлуулж бас болдоггүй.

-Тэгэхээр яг энэ зарчмаа бариад гадаад бодлогоо тодорхойлж явж чадаж байна уу?

-Ер нь бол гадаад бодлогын номлол өөрчлөгдөөгүй. Энэ талаараа сайн. Нөгөө талдаа гадаад бодлого дээр алдаа гарсан уу гэвэл гарсан. Хоёр хөршийн бодлого суларсан гэж хардаг. Томилсон Элчин сайд нар нь цэргийн хүмүүс байсан, нэг үе. Ийм байж болохгүй. Энэ албанд том туршлагатай, нэр хүндтэй, дипломатч хүн очно уу гэхээс цэргийн хүн биш. Цэргийн хүн томилсон нь буруу болжээ гэж боддог.

-Манай улсын хоёр хөрштэйгөө харилцах бодлого алдагдсан гэж ярилаа. Тодорхойлж хэлбэл юуг хэлээд байна вэ?

-Цар тахлаар далимдуулж хилээ хааж байна. Хойд хөршөөсөө эрчим хүч, бензин, шатахуунаараа хараат байгаа байдал зэрэг дээр бодлого алдагдсан нь харагдаж байгаа юм. Эрчим хүч гэдэг бол чухал. Хөгжлийн үндэс нь эрчим хүч. Хэр зэрэг эрчим хүч үйлдвэрлэж чадаж байна, тэр хэмжээгээ тухайн улсад хөгжих боломж нь нээлттэй байдаг. Энэ хүрээнд гэж ярихад усан цахилгаан станцын асуудлаар оростойгоо тохирч чадахгүй байна. Энэ мэт эзнээ, шийдлээ хүлээж байгаа гадаад бодлогын тулгамдсан асуудлууд байна шүү. Оросын Холбооны Улсад өөрийн үндэсний эрх ашиг байна. Тэр нь Монгол Улс өөрөөс нь эрчим хүчний хувьд хараат байх явдал. Энэ бол Оросын эрх ашиг. Харин Монголын үндэсний эрх ашиг бол эрчим хүчний хараат байдлаас гарах. Ингэхээр хоёр улсын эрх ашиг хоорондоо зөрчигдөж байгаа биз. Тэгэхээр зөрчилдөөнийг судлах гэдэг бол гадаад бодлогын үндсэн чиглэл юм. Гадаад харилцааг тойрсон өнөөгийн энэ хандлагаас нэг зүйл ажиглагдаж байна. Тэр нь их гүрнүүдийн харилцаа хүйтэрч байгаа явдал. Тухайлбал, Хятад улс дэлхийн хоёр дахь эдийн засаг болж хувирлаа. Дэлхийн худалдааны байгууллага дотор Хятад өөрсдийгөө хөгжиж буй орны хөнгөлөлт, чөлөөлөлтийн эрхээ эдлэхгүй гэдгээ зар-лачихлаа. Ийм маягаар Хятад хүчирхэгжиж байна гэдэг бол АНУ-тай шууд зэрэгцэхэд хүргэж байгаа юм. Олон улсын нөхцөл байдал нэг туйлт байдлаасаа олон туйлт руу орох магадлалтай болчихлоо. Улс орнууд Хятадаас зээл авч байна. Монгол Улс ч бас зээл авсан. Зээлээ төлж чадахгүй найман улсын нэг гэж АНУ-ын судлаач зарлачихлаа. Ийм маягаар их гүрнүүдийн харилцаа хүйтэрч байна. Тэр дундаа Орос Америк, Хятад Америкийн харилцаа хүйтрэх нь ардчилсан үзэл суртлыг хүлээж авсан орнуудад их таагүй нөхцөл байдал үүсгэх юм.

-Таны хэлдгээр эрчим хүч бол хөгжлийн үндэс. Тэр утгаараа бид өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлээд явъя гэхээр оросууд нь таатай хүлээж авахгүй байна. Үүнийг нь манай гадаад харилцаа, гадаад бодлого тодорхойлдог нөхдүүд тэр улсынхаа байр суурийг ойлгох хэрэгтэй гэхээс илүү дорвитой хариулт өгдөггүй. Бид ер нь хоёр хөршөө ойлгох албатай юу. Бид бас хөгжмөөр байна шүү дээ?

-Гадаад харилцаан дээр манайд мэргэжлийн өндөр ур чадвар дутагдаж байна. Ялангуяа судалгаа, шинжилгээ дутагдаж байгаа юм. Тухайлж нэг жишээ хэлье л дээ. Зүүн өмнөд Азид Мэгүм гэж гол байдаг. Энэхүү гол олон улс орны нутаг дэвсгэрийг дайрч урсдаг. Энд усан цахилгаан станц баригдсан. Бас л байгаль орчин, экологийн тэнцвэр гэж ярьдаг. Уг голын доор нь байж байгаа улс орнууд эсэргүүцэж ярьдаг байсан. Гэхдээ л станцаа барьсан байдаг. Үүнээс жишээ аваад, тэр голын усан цахилгаан станцыг яаж барив, гадаад бодлого нь яаж явав, бусад улс орнуудтайгаа хэрхэн ойлголцов гэдгийг сайн судлах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр манай Гадаад харилцааны яамны дэргэдэх судалгааны хүрээлэн үүнийг маш анхааралтай ажиглах ёстой. Бид хоёр хөрштэйгөө мөнхийн байгаагүй шүү дээ. Монгол Улс хоёр хөрштэй болсон нь ХХ зууны л асуудал.

-Та хоёр хөрштэй болсон талаар түүх сөхөж ярих гэж байна уу?

-Тийм. Яахав, Манж Чин гүрнээс тооцоод үзвэл 17 дугаар зуунаас эхлэлтэй байх. Тэрнээс өмнө монголчууд хэзээ ч ийм хоёр улсын дунд оршин байгаагүй. 360 гаруй жилийн өмнө Оросын Сибирь лүү хийсэн түрэлт Буриадыг өөрийнхөө харьяанд оруулснаар Орос гэдэг улс манай хойд хөрш болж байгаа юм. Тухайн үед Чахундорж Түшээт ханын Орос руу явуулсан гадаад бодлого их зөв байсан. Хэрвээ тэр бодлогыг явуулаагүй байсан бол Оросын энэ түрэлт урагшаа Сэлэнгэ рүү орох байсан. Буур хээрийн гэрээгээр энэ түрэлт зогссон. Манж Чин гүрэн Монголыг өөрийнхөө харьяанд оруулсан. Тэгэхээр тухайн үед хөрш улс зөвхөн Орос л байсан, ийм түүхтэй. Тэр утгаараа хоёр хөршөө бид мөнхийн юм шиг боддог. Энэ хэзээ ч өөрчлөгдөж болно. Одоо манайхан зуу, зуун жилээр ой тэмдэглэж байна. Тухайлбал, 1921 онд анхны сургууль байгуулагдсан мэтээр 100 жилээ тэмдэглэлээ. Гэтэл 1911 онд анхны бага сургууль Хүрээнд байгуулагдаж байсан. Тэр утгаараа 109 жилийн ой гэж тэмдэглэх учиртай. 1921 онд Оростой анх дипломат харилцаа тогтоосон гээд ярьж байх жишээтэй. Үүнийг яг дипломат харилцаа гэж үзэхэд хэцүү. Тухайн үед Болшевик засгийн газар Монголын Ардын төр засгийн газартай гэрээнд гарын үсэг зурсан түвшингээс эхлээд өөр. Үнэндээ тухайн үед ЗХУ Монголыг де факто хүлээн зөвшөөрсөн болохоос биш де юре хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс хойш явсаар байгаад де юре хамтын ажиллагаа буюу дипломат харилцаа тогтоосон үйл явдал 1945 оны Ялтын хэлэлцээр. Тэгэхээр дипломат харилцаа тогтоосны 100 жил гэхээс илүү гадаад харилцаа тогтоосны 100 жил гэвэл арай өөр.

-Тантай урд хөршийн талаар голлож ярилцах гэсэн юм. Хятад бүх хилээ хаалаа. Үүнээс шалтгаалж манай улсын эдийн засаг, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хомсдол гээд асуудал эхнээсээ гарч эхэллээ. Хятад хилээ хаасан нь цар тахлын нөхцөл байдал гэж дүгнэж байгаа ч цаад зорилго нь манай улсыг өөрийн эрх ашигтаа нийцүүлэх санаа явж байна уу?

-Манай улсын импортын бараа бүтээгдэхүүний 80 хувь нь Хятадаас хамаарч байгаа. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихсэн асуудал шүү. Аль нэг улсаас хамаарсан эдийн засгийн нөхцөл байдлыг 30 хувиас хэтрүүлэхгүй байна гэсэн заалт байдаг. Тэгэхээр Хятад улс 80 хувьд хүрчихсэн байгаа нь Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх асуудал. Давчихсан хэрнээ яваад л байдаг. Нөгөөтэйгүүр ийм болтол явсан нь бидний арчаагүй байдалтай л холбоотой. Замын-Үүд яаж хөгжив, Эрээн яаж хөгжиж байна. Манайхны хийж байгаа халдвар хамгааллын хаалга нь ямар байна. Эрээнд ямар байна. Энгийн жишээ л энэ. Энэ бүх зүйлээс харвал Монгол Улс авлигад дээрээсээ доошоо нэвт орсон гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Төмөр замаа хөгжүүлж чадаагүй нь бидний буруу. Аливаа тээвэрлэлтийг төмөр замаар явуулъя гэхээр төмөр замаа цахилгаан болгож чадаагүй нь бидний буруу. Монголын хилээс Хятадын хил рүү төмөр зам шууд гараад явчихаж чаддаггүй. Заавал ачиж буулгах асуудал үүснэ. Ковидоос шалтгаалж ямар нэгэн тээвэрлэлтийг алсын зайнаас буюу төмөр замаар явуулахыг шаардаж байна. Тэгээд төмөр замаар явуулъя гэхээр манайд төмөр зам нь хөгжөөгүй. Энэ бидний л буруу. Одоо болтол гаальтай 69 автомашинаар тээвэрлэлт хийж байна гэдэг бол ёстой онигоо. Хятад хилээ нээхгүй байж байж нэгхэн өдөр нээгээд хилээ хаачихсан. Хятадын зүгээс танай талын хорио цээрийн дэглэм чинь болохгүй байна гэдэг. Тэгээд ганц өдөр хилээ нээхэд хэний бараа таваар орж ирж байна. Дандаа тансаг хэрэглээний томчуудын бараа таваар нь орж ирж байгаа юм. Засгийн газар нь “Өнөөдөр Хятадаас тэдэн чингэлэг бараа орж ирлээ” гэж зарладаг, ийм хэмжээнд хүртлээ бид жижгэрчихсэн байна. Энэ бол өнөөгийн Монголын гамшиг. Тиймээс хэн нэгнийг буруутгахаас илүү өөрсдийгөө буруутгах ёстой. Бид хөгжих хэрэгтэй байна. Тээвэр ложистикээ бид хөгжүүлэх ёстой байжээ. Үүнийг татварын бодлогоор дэмжих ёстой байж. Хувийн оролцоог нэмэх байж, төмөр замуудаа тавих байж.

-Хятад хилээ хаасныг өөр өнцгөөр харж байгаа судлаачид байна. Тухайлбал, манай улсыг ШХАБ-д элсээгүй болохоороо Хятад улс соёлтойгоор цар тахал гэдэг байдлаар хилийн хориг тавиад байна уу гэж ярьж байна. Энэ асуудлаар та судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Соёлтойгоор хориг тавилаа гэж бас буруу томьёолж байна. Ковидтой байна. Хятад өөрөө ямар дэглэмтэй улс билээ. Хятад улс тэг халдварын тохиолдол гаргахгүй байх хэмжээнд хатуу бодлого барьж байгаа. Нөгөөтэйгүүр Хятадад байгаа Монгол Улсын Элчин сайд ажлаа хэр зэрэг сайн хийж байна вэ. Үүнд хариуцлагын асуудлыг ярих ёстой. Улс орны эрх ашиг, тэнд байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах зорилгоор л Элчин сайдууд томилогдон очдог. Дээр нь нэмээд Элчин сайд гэдэг хүн мэргэжлийн хүн байх ёстой. Олон жил дипломат албанд нухлуулсан тийм хүнийг томилох хэрэгтэй. Өмнө нь Хятад улс төрийн зорилгоор хилээ хааж байсан. Монголд Далай лам айлчлал хийх үед хилээ хааж байсан удаатай. ШХАБ-д элсээгүй гээд хилээ хаасан гэж би харахгүй байна. Энэ байгууллагад элсэж ороо гэж хамгийн их шахдаг улс бол Орос шүү дээ.

-Хятад хилээ хаагаад удвал манай улсын эдийн засаг, бараа бүтээгдэхүүний хомсдол ёстой гамшгийн асуудалд хүрэхэд ойрхон байна. Тиймээс хилээ нээгээч ээ гэдэг шаардлагыг бид тавихаас өөр аргагүй юм. Нөгөөтэйгүүр хилээ нээхгүй байгаа энэ асуудлыг олон улсын байгууллагад хандаж, олон улсын анхааралд оруулахын тулд бид ямар байгууллагад хандах ёстой юм бол?

-Дэлхийн худалдааны төв байгууллагад бид хандаж болно. Хятад хилээ хаагаад байгаа нь Бээжингийн олимптой холбоотой л гэж харж байна. Бээжингийн өвлийн олимпийг ямар нэгэн байдлаар бойкотлох, эсвэл амжилтгүй зохион байгуулах юм бол Си Жиньпиний засаглалын нэр хүндэд маш том сөрөг нөлөөтэй. Тиймээс Бээжингийн олимпыг дуустал хатуу чанга бодлого барьж байгаагийн нэг илрэл бол энэ хилийн асуудал байх аа.

-Улстөрч хүний хувьд эрх баригчдын бодлого, тэр дундаа давхар дээлийн асуудлыг хэрхэн харж байна. Давхар дээлтэй гишүүдийг нэмье гээд Үндэс хуулийн өөрчлөлтийг яриад эхэллээ шүү дээ?

-Ард түмний сонголт гэж бий. Үүгээрээ Засаглах эрхээ хэрэгжүүлдэг. Парламентын гишүүдийг сонгодог. Пар-ламентаасаа Засгийн газар нь мэндэлнэ. Улмаар Засгийн газар бие дааж үйл ажиллагаагаа явуулна. Үүнээс нэг зүйл харагдаж байгаа юм. Ард түмнээсээ сонгогдсон парламентын гишүүн хүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэдэг зүйл. Энэ бол Английн парламентын систем. Эндээс угшилтай. Өөрөөр хэлбэл, чамайг сонгоогүй байхад засаглах эрхийг хэн өгсөн бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ асуултыг УИХ-ын гишүүн биш сайдаар ажиллаж байгаа хүнээс асууж болно. Тэр хүнийг ард түмэн сонгоогүй. Тэгсэн хэрнээ Засаглах гээд байдаг нь ямар учиртай юм. Засгийн газарт ажиллаж байгаа дан дээлтэй буюу УИХ-ын гишүүн биш сайд нарыг ард түмэн сонгоогүй гэдэг л ойлголт. Тэр утгаараа дан дээлтэй сайд нарын нэг нь ч сайн ажиллаж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр манай Үндсэн хууль үүн дээр алдаатай ажиллаж буй нь харагдаж байгаа юм. Тэр утгаараа хэний ч сонголтоор гарч ирээгүй хүн сайд хийгээд явж байна. Тэр нь ямар ч хүчгүй, нөлөөгүй хүн байдаг. Ард түмний сонголтоор гарч ирээгүй болохоороо ямар хүч байхав дээ. Парламентын гишүүдийг нэмэх хэрэгтэй. 76 гишүүн байж байгаад 18 нь сайд болчихвол хачин юм болно. Нөгөө эрх мэдлийн тэнцвэр алдагдаж эхэлнэ. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж, давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх нь зөв гэж бодож байна.

Эх сурвалж “Өдрийн сонин”

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.