Архангай аймгийн Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн багш хүүхэдтэй зүй бусаар харьцаж, гар хүрч байгаа бичлэг өчигдөр нийгмийн сүлжээгээр цацагдсан.
Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдэж буй талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад “Яг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа чиг үүргээрээ хариуцлага тооцох эрх мэдэл нь аймгийн Засаг даргад байдаг. Бид Боловсролын багц хуулийн төсөлд энэ тогтолцоог яам нь шийддэг болгох тухай өөрчлөлтийг оруулахаар тусгасан. Тиймээс одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу тус асуудлын талаар аймгийн ЗДТГ-аас энэ талаарх мэдээллийг тодруулах хэрэгтэй” гэлээ.
Харин Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас тодруулахад “Журмын дагуу тус цэцэрлэгт Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хүүхдийн байцаагч, Ёс зүйн зөвлөлийн гишүүд гээд гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, цагдаа прокурор зэрэг мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Өнөөдөр тус цэцэрлэгт ажиллан дүгнэлтээ гаргаад, үдээс хойш дахиад хуралдаж, ямар хариуцлага тооцох болсноо танилцуулна. Одоогоор багш, цэцэрлэгийн удирдлагуудад ямар хариуцлага тооцох талаар албан ёсны шийдвэр гараагүй байна” хэмээсэн юм.