Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны сайд Х.Нямбаатар “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухайн хууль”-ийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухайн хууль” буюу анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Монгол Улс 2005 онд НҮБ-ын авилгын эсрэг конвенцид нэгдсэн. Улмаар шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хуульчлах үүрэг хүлээсэн байдаг. Уг хуулийн төслийн гол зорилго нь шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, эрх зүйн байдлыг нь дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх зэрэг цогц харилцааг зохицуулна.
Монгол Улсын иргэн бүхэн гэмт, хэрэг зөрчилтэй холбоотой дуудлага, мэдээллийг эрх бүхий байгууллагад өгөх үүрэгтэй. Харин шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хохирол учруулж буй болон шударга бус өрсөлдөөний талаарх мэдээллийг мэдээлэх боломжтой.
Түүнчлэн нийтийн эрх ашгийн эсрэг хийж буй үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад, хор хохирлын хэмжээнээс нь хамаараад урамшуулахаар зохицуулж байгаа. Урамшууллын дээд, доод хэмжээ нь 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг байна.
Уг хууль батлагдсантай холбоотойгоор хэд хэдэн хуульд өөрчлөлт орно. ХЗДХЯ дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг гарсан. Мөн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулж, дэмжигдсэн тохиолдолд УИХ-д хэлэлцүүлэн батлуулна. Түүнчлэн Шүүх шинжилгээний байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлсон шинэ хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байна” гэв.