УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.19) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах өөрчлөлтийн талаар Ш.Раднаасэд гишүүн тодруулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны нийт эх үүсвэр 228 тэрбум төгрөг байсан, одоо эх үүсвэрт нь өөрчлөлт оруулж байгаа хэмээн тайлбарласан. Тодруулбал, дотоодын НӨАТ-ын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрт тооцдог байсан бол энэ удаа уул, уурхайгаас орох орлогыг нь нэмэгдүүлээд, дотоодын НӨАТ-ын эх үүсвэрийг хассан гэлээ. Урьд нь АМНАТ-ын орлогын 5 хувь Орон нутгийн хөгжлийн санд ордог байсан бол одоо 10 хувь болж нэмэгджээ. Ингэснээр нийт эх үүсвэр 40 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 253 тэрбум төгрөг болж байгаа гэлээ. Хуваарилалтын хувь, өмнө нь Төсвийн тухай хуулиар хүн ам, нутаг дэвсгэрийн алслалт, нягтрал, орон нутгийн хөгжлийн индекс, татварын идэвх, санаачилга гэсэн 4 төрлийн итгэлцүүрээр тооцдог байсан бол шинэ хуулиар 3 итгэлцүүрээр тооцож, хуваарилахаар болсныг тайлбарлав. Ингэснээр аймгуудад өмнө нь хуваарилагдаж байсан хувь хэмжээ буурахгүй гэдэг тайлбарыг Сангийн яамнаас өгсөн.
Мөн энэ үеэр төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн сүлжээний өөрчлөлтийн талаар хэд хэдэн гишүүн тодруулга авсан юм.
Төрийн албан хаагчдын 60-70 хувь нь эрүүл мэнд, боловсролын салбарт байдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ. Боловсролын салбарын тухайд энэ жилийн төсвийн шинэчлэлийн хүрээнд хувьсах зардал дээр өөрчлөлт орж байгаа гэдэг хариулт өгөв. Тодруулбал, өмнө нь боловсролын хүртээмжийн асуудалд ихээхэн анхаардаг байсан хандлагыг өөрчилж, чанарт анхаарал хандуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Сурагчийн, багшийн, сургуулийн чанар болон амжилтын дэвшлийг үндэслэж гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжүүлэх болно гэлээ. Боловсролын салбарын ажилтнууд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн авдаг цалин буурахгүй, харин хувьсах зардлын шинэ өөрчлөлтөөр урьд нь цалин дээрээ нэмж авдаг байсан орлого, үр дүнгийн урамшууллууд цалингийн нэг хэсэг болж нэмэгдэх бололцоо нээгдэж байгаа юм байна. Цаашдаа, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжих болно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд тайлбарласан.
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал, төслүүдийг дэмжиж байгаагаа Д.Тогтохсүрэн гишүүн илэрхийлээд Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг өмнө нь тэгшитгэн хуваарилдаг байсныг өөрчилж буйг дэмжиж байгаа гэлээ. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аймагт байгаль орчны нөхөн сэргээлт хийж иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогоос тодорхой хэсгийг тухайн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа аймгуудад нэмэлтээр тус тус хуваарилахаар өөрчлөлт оруулж байгаа нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас сумдын Орон нутгийн хөгжлийн санд хийх шилжүүлгийн суурь дүн 30 хувь байсныг 50 хувь болгон нэмэгдүүлсэн гэдгийг онцоллоо. Төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангахад тал бүрдээ анхаарах шаардлага байгааг Ж.Батжаргал гишүүн тэмдэглэсэн. Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний худалдан авалтыг дэмжих, зах зээлийг нь хамгаалах, борлуулалтыг дэмжих чиглэлд төр засгаас анхаарах, бодлогын арга хэмжээ авах шаардлага байгааг тэрбээр хэлж байлаа. Түүний энэ байр суурийг Х.Булгантуяа гишүүн дэмжиж, цар тахлын энэ хүнд нөхцөлд бизнес, аж ахуй эрхлэгчдээ дэмжих шаардлагатай, төрийн худалдан авалтыг дотоодоосоо хангах бодлогыг авч хэрэгжүүлэх хүлээлт бий. Харин төслүүд дээр энэ талаар огт дурдаагүй байгааг хэлж, цаашид энэ чиглэлээр бодлогын түвшинд зорилт тавьж, арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж үг хэлсний дараа санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 9 нь 69.2 хувийн саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
14 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.