УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг удаа дараа үйлдэл гаргасан тул намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдууллаа. Ингэснээр АН-ын бүлэг өнөөдрөөс 8 гишүүнтэй болж байна. Намаас хасах шийдвэрийг Үндсэн дүрмийн хорооноос гаргаж, намын удирдлага баталсан.
Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам дээр шат шатны шүүхийн шийдвэр гарч, ямар нэгэн маргаан байхгүй болсон. Ардчилсан нам бол хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байна гээд Ардчилсан намын бүлгийн дарга надад чиглэл өгч, тогтоол хүргүүлсэн. Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 27, 28 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Н.Ганибал Ж.Батсуурь, Ц.Туваан нар нь Ардчилсан намын дүрмийн 3.9.1.15, 3.9.1.18, 3.9.1.20 заалтууд болон дүрмийн 6.2, 2.4, 6.2.6 заалтуудыг зөрчиж, намын эсрэг үйл ажиллагаа удаа дараа явуулсныг тогтоож, үндсэн дүрмийн дагуу намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийдвэр гаргасан. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг явуулсан байна лээ. Манай Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй болж байна. Гурван гишүүн дөрвөн жилийн хугацаатай сахилгын шийтгэл авч, намаасаа хасагдсан” гэлээ.