БОАЖ-ын сайд Д.Оюунхорол сүүлийн өдрүүдэд сошиол ертөнцөд нэлээд шуугиан тариад буй билээ. Өнөөдөр тэрбээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад энэ асуудлаар тайлбар хийсэн юм. Энэхүү хурлыг тодруулан хүргэж байна.
-Таны ажлын байрандаа гитар тоглож байгаа зураг олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Зарим жиргээчид таныг согтуу байна гэж ч үзэж байгаа. Таны энэ үйлдэл хэр ёс зүйтэй байна вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Үүнд тайлбар хийнэ үү?
-Олон нийтийн сүлжээгээр яваад байгаа энэ зураг бол аль сонгуулийн өмнө авсан кадр байгаа юм. Тухайн үед зураг авсан газар бол Төрийн ордны болон яамны өрөө биш. Байгуулсан сургуульдаа охиныхоо өрөөнд ороод амсхийх зуураа гитар тоглосон л агшин.
-Тэгэхээр энэ зургийг хэн авсныг мэдэж байгаа хэрэг үү?
-Тийм ээ, тухайн үед хэн орж ирээд, ямар хүн зураг авсныг мэдэж байгаа. Тэнд архи дарс уусан зүйл байхгүй. Би ер нь ядарсан үедээ ч юм уу, чөлөөт цагаараа гитар тоглох дуртай. Улстөрч боллоо гээд гитараа хэзээ ч орхидоггүй. Надад олон ч гитарын цуглуулга бий. Тоглох ч дуртай.
-Уучлаарай, таны гарын хөдөлгөөн их эвгүй харагдаж байсан. Магадгүй гарын тань хөдөлгөөнөөр таныг согтуу байсан болов уу гэж дүгнэх хүн цөөнгүй байна?
-Тэр өрөөнд орж ирээд зураг дарахад нь би “Битгий зураг дар” гэж гараараа хаалт хийсэн. Яг тэр хэсгийг гаргаад тавьж байгаа нь Монголд өнөөдөр хүн чанарын хэлтэрхий хаашаа явж байгаа юм, бид бие биенийгээ хэмлэж идэх аян дайнд мордсоны л нэг жишээ юм гэдэг нь саяын олон нийтийн сүлжээгээр гарсан зураг харууллаа. Би Монголын төрд 20 жил зүтгэхдээ албан өрөөндөө архи дарс ууж байгаагүй. Миний бие организм архи гэгч зүйлийг огт хүлээж авч чаддаггүй. Тиймээс архи хэрэглэдэггүй. Гэхдээ найз нөхөдтэйгөө суусан үедээ ижилхэн төвшинд дуугаа дуулаад хамтраад сууж чаддаг. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, энэ зургийг олон нийтийн сүлжээнд тавьсан хүн нь ийм сенсаацитай юм болно гэж бодоогүй юм шиг байна.
–Сүүлийн өдрүүдэд иргэдийн дургүйцлийг хүргэсэн бас нэгэн асуудал бол бүлэг жуулчдыг эх нутагтаа хөнгөлөлттэй визээр аялуулах тухай асуудал. Тэгэхээр бүлэг жуулчин гэдэгт хэдэн хүнийг тооцож байна вэ. Жилд ирдэг жуулчдын хэдэн хувь нь бүлгээрээ ирдэг юм. Визний хөнгөлөлтийг хэзээнээс үзүүлэх чигтэй байна вэ?
–2013 оноос эхэлж бүлэг жуулчинд хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх гэдгийг олгоод нэвтрүүлсэн байдаг. Нэг удаагийн зориулалттай үнэмлэх олгодог. Энэ үнэмлэхээр ОХУ, Мьянмар, Вьетнам, Лаос, Хойд Солонгос зэрэг орнуудад зорчих боломжтой гэж Хятадууд өөрсдөө тодорхойлсон байгаа. Манай улсын хувьд 15-30 хүртэлх хүний тоонд байгааг бүлэг жуулчид гэж үздэг. Сүүлийн үед цахимд өрнөөд байгаа шиг хятадуудыг визгүй зорчуулах тухай асуудал байхгүй. Буруу ойлголт яваад байна. Тодруулбал,15 хүн орж ирчихээд 14-үүлээ гарах гэвэл нэг хүнээ олж ир гээд хилээр гаргахгүй, зогсоочихно. Энэ бол хатуу шалгууртай, шаардлагатай үйл ажиллагаа. Энэ асуудал дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тэгээд ч Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 2015 онд 13900 хятад жуулчид аяласан байдаг. Энэ үнэмлэхээр нэвтэрч байсан жуулчдыг 2016 оны хоёрдугаар сараас зогсоосон. Монголд АСЕМ-ын уулзалт болохтой холбоотойгоор энэ үед дээрх шийдвэр гаргаж зогсоосон юм билээ. Энэ асуудлыг сэргээх тухай асуудлыг л ярьж байгаа, энэ бол шинэ зүйл биш.
С.Гэрэлсүх
87308
30074
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.