Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хамт УИХ-д өргөн мэдүүллээ.
Үндсэн хуульд оруулсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зохицуулалтын хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагыг байгуулахаар болсон.
Мөн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Цахим үндэстэн” болох бодлогыг хэрэгжүүлж, иргэн, төр, хувийн хэвшлийн хамтарсан “Цахим Монгол” системийг хөгжүүлэн хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгзэг цахимжуулах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хзвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна хэмээн мэдэгдсэн. Тиймээс 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгажээ. Иймд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ.