Боломж өг

2021-08-4 Амрах агшин


Сэтгэл зүрхтэй хэдэн сайхан охиныхоо уйлахыг харсаар байтал сэмэрч дуусах нь. Спорт гэдэг чинь өндөр хөгжилтэй зарим улсын хувьд шинэ хүн бүтээх шинжлэх ухаан болчихсон юм байна. Манайхан шиг төрмөл тамирчин, удмын бөх гэхээс өөр ганзагалааг нь дүүргэх бодлогогүй, уралдаан тэмцээн, бэлтгэл, хоол хүнс, өмсдөг пүүз, хувцсаа хүртэл өөрөө хариуцаж, бор зүрхээрээ бөртийтөл зүтгэж явдаг улс байхгүй. Пүүз хүртэл нум амраагчтай, булчин суллагчтай, хөлс сэврээгчтэй хийгддэг болсон байтал энэ хэдэд маань орчин цагийн технологийн болон бодлогын, хүн хүчний, зөвлөх, эмч, шүүгчийн хангамж байхгүй. Үүргэвч үүрч, хөлстэй хувцсаа чирч, заалнаас заалны хооронд мөрөөдлөө үүрээд л гүйгээд байхаас өөр юу байгаа юм? Хэдэн сайхан багш, дасгалжуулагчтай, тэд нь ч бас сэтгэлээрээ. Гэтэл сэтгэл байгаад ч спортод зориулан хэдэн арваараа ганц хүнийг тойрон ажиллаж, тодорхой нээлт дээр тулгуурлан бүтээсэн хагас хүн+хагас технологитой нүүр тулахын цагт яах ёстой юм бэ? Энэ талын бодлогоо эргэн харж, эргэцүүлэх цаг болсон байна даа. Анхцэцэг ч, Батцэцэг ч тэр, хэн хэн нь хийх ёстой бүхнээ тултал хийлээ. С.Батцэцэг бол Лондонгийн олимпийн хүрэл медалт тамирчин. Дэлхийн хоёр удаагийн аварга. Яах аргагүй хүчтэй өрсөлдөгч.

Түүний бүх мэх, барилдааны арга техникийг маш сайн судалсан нь харагдаж байна шүү дээ. Мэх, хөдөлгөөн болгоныг нь урьдчилан тооцоод, гаргаахгүй хөдөлж байна. Батцэцэг гэдэг хүнийг нэвт уншиж, нэг бүрчлэн хариулж бөйна. Өрсөлдөх бөхийнхөө мэхийг байтугай идэх хоолныхоо орцыг шинжлэх ухаанаар шийддэг болсон энэ хөгжингүй орны тамирчдын өмнө алийн болгон бор зүрхээ үүрсэн божин бор энэ хэд маань сэтгэлээ тэврээд, далбаагаа тас атгаад зогсож байх ёстой юм бэ? Тэгсэн хэрнээ бараг 100 шахам хүн зуудаг нохой шиг спортынхны зардлаас хулгайлаад, Ерөнхий сайдыгаа долоогоод хамт мордсон ч байх шиг, Токиод селфидхээсээ ч ичиж үхдэггүй юм уу? Сэтгэл, мэх, чадвар, төрмөл шинж манай тамирчдад байна уу, байна. Төр бодлогоор дэмжээд өгсөн бол хүрэл байтугай алтад ойрхон төрсөн улс юм гэдгийг нь олноороо харлаа, орой болгон харууслаа. Энэ чинь л баялаг. Эл баялгийг эх орных болгоод өлгийдөж аваад, өргөөд явмаар байна.

Монголын төр спортын салбараа өөр бодлогоор хөгжүүлэх болсныг Анхцэцэгийн нулимс, Батцэцэгийн харууслаар Токиогоос бидэнд харууллаа.

Батцэцэг бол чансаатай тамирчин, чанга ч бүсгүй. Цаашдаа тив дэлхийд монгол хүний дотоод хүчийг харуулах бүрэн чадалтай. Түүнд өөрийнхөө гараар, туршлагаар өөр цагийн залуу бөхчүүдийг бэлтгэн гаргах боломж олгохоос л энэ бүхэн эхэлнэ. Өдгөө 31 настай, Дэлхийн хоёр удаагийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медалт, Токиогийн олимпийн дөрөвдүгээр байрын шагналт энэ бүсгүй чөлөөт бөхийг чөлөөтэй хөгжүүлэхэд илүү ихийг чадна шүү, илүү боломж л олго! Тив дэлхийг шуугиулан эхний байруудад эрвийж дэрвийхээрээ гарч ирсэн хэдэн сайхан тамирчныхаа сэмрэхийг харж, сэтгэлээ асгаж суух чинь хэцүү юм, хэдхэн оноо, хэдхэн кг, хэдхэн хормын дутуу…төр бодлогоор дэмжсэн бол төө илүүрхэх байлаа.

Нийтлэлч Р.Эмүжин

<

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.