Б.БАЯРСАЙХАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖСӨН Ч ГАР УРЛАЛ ХЭЗЭЭ Ч ҮНЭ ЦЭНЭЭ АЛДАХГҮЙ

2019-07-10 Made in Mongolia

 “Дархчуудын дунд та чансаагаараа хэдэд орох вэ” хэмээн асуухад “Би бол жирийн л нэг дархан шүү дээ” хэмээн даруухан хариулах энэ хүн өнөө цагт олон хүний амнаас гарах дуртай “болохгүй байна”, “бүтэхгүй байна” гэсэн авиаг барагтай л бол хэлдэггүй, өөдрөг нэгэн бололтой … Эмээлээр гаршсан Б.Баярсайхантай хөөрөлдсөнөө уншигч танд хүргэе.

-Дархан гэдэг гар урлалын нэгэн төрөл. Тэгвэл эмээл урлах нь дархан дотроо ямар төрөлд багтдаг юм бол?

-Та гар урлалын ямар чиглэлээр голдуу Би шугам зургийн багш мэргэжилтэй. Багын гартаа жаахан уртай байсан гэх үү дээ. Түүнийгээ дагаад дарх хийж эхэлсэн. Миний багш Алтангэрэл гэж хүн бий. Дамбын гэдгээр нь хүмүүс андахгүй. Багш маань цутгуураар голдуу юм хийдэг байсан болохоор би ч гэсэн энэ чиглэлээр дагнаад, эмээл хийж эхэлсэн.

-Бусад эдлэл дээр олон нэр төрлийн хийц яригддаг. Тэгвэл эмээл дээр өөр хоорондоо ялгарахуйц хийцүүд байх уу?

-Хуучин цагт газар газрын дархчуудын хийц ялгагддаг байсан. Одоо бол өөр хоорондоо төдийлөн ялгагдахаа больжээ. Миний хийсэн эмээлүүдэд Хэнтийн Батноров хийцийн уламжлал давамгайлдаг.

-Сайхан эмээлүүд голдуу Хэнтий аймгаас гаралтай байдаг. Зүүн аймгууд хурдан морьтой болохоор түүнийгээ дагаад эмээлийн бизнес хөгжсөн гэж ойлгож болох уу?

Ер нь бол уламжлалаа дагаж хөгжсөн. Зүүн тийшээ Батноров, Дарьганга гээд хээгээрээ андашгүй танигддаг, алдартай хийцүүд байдаг. Батноров хийц нь Тожил хийцээс үүсэлтэй.

-Хэдий хугацаанд эмээлтэй нөхөрлөж, хичнээнийг урлав. Нэг эмээл хийхэд хэр их хугацаа зарцуулдаг вэ?

-Сүүлийн 16 жилийн туршид ойролцоогоор 300 орчим эмээл хийжээ. Нэг эмээл хийхэд дунджаар 2 сарын хугацаа орно. Заримдаа 3 сар, түүнээс ч урт хугацаа зарцуулах нь бий.

-Үйлчлүүлэгчдээсээ нэр дурдаж болох уу?

-Ерөнхий сайд асан С.Баяр, “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар гээд олон хүн үйлчлүүлж байсан. Сүүлийн үед хотынхон эмээл авах эсвэл захиалгаар хийлгэх нь их болжээ.

-Нууц биш бол хамгийн их үнэ хүргэж чадсан эмээлийнхээ талаар сонирхуулаач?

-Зарим дархны хийсэн эмээл 50-60 сая төгрөг хүрлээ гэж сонсч байсан. Миний хувьд эмээлээ дунджаар 10 саяар үнэлдэг. Дээд тал нь 20 саяар зарж байсан юм байна. Морьны нуруун дээр боломжийн төмөр хүлэгтэй дүйцэхүйц үнэтэй эмээл тохчихдог юм байна.

-Манайхан морийг хүндлэн дээдлэдэг болохоор эмээлд нь үнэ хайрадаггүй болов уу?

-Өндөр үнэтэй эмээлд ойролцоогоор 100 лан мөнгө ордог. 1 лан мөнгө одоогоор 40 мянган төгрөг гэж бодоход, зөвхөн мөнгөний орц нь дангаараа 4 сая хүрч байна. Түүнээс гадна гөлөм, дөрөө, хазаар, ташуур гээд бүрэлдэхүүнд нь орж байгаа эд зүйлс бүгд хуучны бөгөөд чанартай материалаар хийгдсэн байдаг. Гөлөм гэхэд л дангаараа 5 саяын үнэтэй байх жишээтэй. Материалаасаа гадна асар их хөлс хөдөлмөр, ур чадвар шаардагддаг болохоор өндөр өртгөөр босдог. Мэдээж, малчид өдөр тутмынхаа уналганд ийм үнэтэй эмээл тохоод байхгүй байх. Уяач нар болон хурдан морь сонирхдог бизнесмэнүүд л эмээлэнд үнэ хайрладаггүй. Байнга хэрэглээд байхгүй болохоор гэртээ сувинер маягаар тавих нь бий.

-Гадныхан эмээлэнд ийм их үнэ хаядаг болов уу?

-Монголчууд бид нүүдэлчин соёлтой, байгальтайгаа ойр байсан болохоор “натур” болон үнэ цэнэтэй эд зүйл их хэрэглэж ирсэн. Одоо ч гэсэн бусад ард түмэнтэй харьцуулахад иймэрхүү хэрэглээ өндөр түвшинд байгаа. Манайхнаас өөр мориндоо ийм их үнэтэй эмээл тохдог ард түмэн гэж би лав сонсоогүй юм байна. Эртний эдлэлүүд харьцангуй өндөр үнэтэй байдаг.

-Үнэхээр хийцийн хувьд илүү, давтагдашгүй байдаг уу эсвэл өнө эртнээс өвлөгдөж ирсэн гэдэгтээ үнэ цэнэ нь оршдог юм болов уу?

-Хийцэндээ л байдаг. Дээр үед нэртэй дархчууд хамтарч байгаад ноёд, баячуудын эд хэрэглэлийг хийдэг байж. Тэр хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйлс өнөөдөр үндэсний маань баялаг, соёлын өвийн нэгээхэн хэсэг болоод байна.

-Манайд СУИС-аас өөр дархчуудыг бэлтгэх мэргэжлийн сургууль байдаг уу?

-Одоогоор байхгүй. Гэхдээ шинэ дархчуудыг төрүүлэхэд шавь сургалт л хамгийн үр дүнтэй, сайн сургалт гэж би боддог. Ардын хувьсгал ялснаас хойш буюу өнгөрсөн зууны дунд үеэс ерээд оныг хүртэл хэсэг хугацаанд гар урлал бараг тасарсан гэж хэлж болно. Учир нь тэр үед хүмүүс хувиараа дархан хийх юм бол шуналтай хөрөнгөтөн, феодаль болж хувирах байлаа. Багш маань хааяа ажлаа тараад, оройн цагаар, гэртээ нууцаар юм хийдэг байснаа ярьж байсан. Тухайн үед ээмэг, бөгж, аяга гэх мэт нийтлэг хэрэгцээг хангаж үйлдвэрлэдэг “Зоос гоёл” хэмээх улсын үйлдвэр дангаараа энэ салбарт ноёрхож байсан. Гэсэн хэдий ч гар урлалын уламжлал бүр тасарчихаагүй байсан тулдаа өнөөдөр өдий зэрэгтэй хөгжиж байна.

-Урд хөршөөс оруулж ирсэн бэлэн хэвэнд цутгаад, ээмэг бөгж хийдэг хүмүүсийг дархан гэж нэрлэж болох уу?

-Тэр хүмүүсийг дархан биш гэж хэлж болохгүй байх. Сүүлийн үед маш олон хүн дархан хийж байгаа нь үнэн. Тэр хэрээрээ өрсөлдөөн үүсээд чанаржиж байна. Дарханы ажил гэдэг бол цэвэр байгалийн шалгарал байдаг.

-Ажлын нөхцлийн хувьд эрүүл мэндэд хортой биз?

-Ерөнхийдөө хортой нөхцөлд орно. Гэхдээ одоо юм, юм хөгжиж байгаа болохоор бензинээр гал өрдөхийн оронд газ ашиглах жишээтэй, нөхцөл байдал арай дээрдэж байгаа. Таны хэрэглэж байгаа багаж хэрэгсэл уламжилж ирсэн үү эсвэл худалдаж авсан уу? Дархан хүний нэг онцлог нь ажлын багажнаасаа эхлээд бүх зүйлийг өөрийн гараар хийдэг. Өөрөө зургаа гаргаад, хэвээ хийнэ, тэр хэвэндээ цутгах жишээтэй.

-Та хэвээ юугаар хийдэг вэ?

-Хэвийг чулуугаар, шавраар, модоор гээд хүн бүр өөрийн сурсан, өөрт эвтэй материалыг сонгож хийдэг. Миний хувьд хэвээ чулуугаар хийдэг. Олон нарийн нугалаатай хээ угалзны дүрс чулуун дээр гаргаж байгаа болохоор цаг их орно. Гэхдээ нэг хийгээд авсан хойно хэдэн ч удаа ашиглаж болдгоороо цутгуур урлал давуу юм даа. Харин хөөмөл урлал бол тухайн эдлэл, тоноглол болгоныг шинээр цохиж хийнэ гэсэн үг. Тэгэхээр ямар нэг гайхамшигтай бүтээл хийлээ гэж бодоход яг тэр зүйлээ хийхэд хүндрэлтэй байх талтай. Бүх салбарт технологийн дэвшил гарсаар байна.

-Та бүхний гараар урлаад байгаа эд зүйлийг машинаар олноор үйлдвэрлэдэг болчихвол яах вэ?

-Хазаар, олом гэх мэт хэрэглээ өндөртэй зарим зүйлийг, олон тоогоор, хямд өртөгтэй нийлүүлэхийн тулд үйлдвэрлэлийн аргаар хийж болох юм. Хэдий техник технологи хөгжсөн ч гар урлал хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. Ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад гар урлал илүү үнэд хүрээд байгаа. Хийдэг хүн нь ховордчихсон болохоор аргагүй шүү дээ.

Танд баярлалаа

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.