
Улс орон даяар шатахууны хомсдол үүсч, оочер дараалал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь бодит үнэн. Өнөөдөр нийслэлд 290 гаруй шатахуун түгээх станц бий. Бидний сурвалжлах баг нийслэлийн хэд хэдэн дүүрэгт байрлах шатахуун түгээх станцад очиж нөхцөл байдал ямар байгаа талаар иргэдээс тодруулахад “Ихэнх газрууд шатахуун өгөхгүй байна. Цөөн тооны өгч байгаа газрууд нь урт дараалал үүссэн байдалтай байна. Мөн зарим газрууд АИ-95 бензин өгч байна. Тэгээд яахав, аргагүйн эрхэнд өгч байгааг нь авч байна. Ер нь шатахуун авахын тулд нэгээс хоёр цаг дараалалд зогсож байгаа” гэдгийг жолоочид хэлж байлаа. Мөн шатахуун огт өгөхгүй олон газрууд байсан юм.


Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Иргэд шатахууныг ихээр авч нөөцлөөд байгаа учир шатахууны хомсдол бий болоод байна. Шатахууны нийлүүлэлт өдөр бүр нэмэгдэж байгаа. Сүүлийн дөрвөн хоног нийлүүлэлт эрс нэмэгдсэн. Ер нь шатахуун түгээх станцууд амралтын өдрүүдэдээр оочер үүсгэх гээд байдаг. Учир нь ихэнх агуулахууд амралтын өдөр ажилладаггүй.
Ард иргэддээ хандаж хэлэхэд, шатахууны импортын хэмжээ нэмэгдэж байгаа. БНХАУ-аас 7000 тонн АИ-92 автобензин авахаар гэрээ хийсэн. Одоогийн байдлаар 3500 тонн автобензин нь буусан байгаа.
Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, нийслэлд шатахууны хэрэглээ эрс нэмэгдэж хэрэглэгчид нөөцлөх байдал бий болоод байгаа нь хүндрэл үүсэх нэг гол шалтгаан болоод байгааг ойлгож хүлээн авахыг хүсье. Өмнөх жилүүдэд байсан хэмжээнээс илүү ихээр худалдан авах, нөөцлөх хандлагатай байгаа нь улсын нөөцийн сав багатай манай хэрэглээнд дарамт үүсгээд байна” гэв.

Манай улсын хувьд, шатахууны бүрэн хэрэгцээгээ 100 хувь хөрш орнуудаасаа импортолдог. Тэр утгаараа импортлогч орнуудын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан манай дотоод хангалтад өөрчлөлт ордог. АИ-92 автобензиний аравдугаар сарын ОХУ-аас авах импортын захиалга өмнөх жилүүдийнхээс багагүй хэмжээнд хийгдсэн. Харин БНХАУ-аас өмнөхөөс илүү хэмжээтэй захиалж, татан авалт хийсэн ч хүндрэлтэй байдал бүр мөсөн арилахгүй байгаа нь өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна.
Тиймээс салбарын байгууллагуудаас шатахуун хадгалах нөөцийн сав нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж эхэлжээ.
Учир нь нэг шатахуун түгээх станц АИ-92 автобензин хадгалах 5-10 мянган литрийн багтаамжтай савтай байдаг аж. Өөрөөр хэлбэл, энэхүү хүчин чадал нь өдөрт 200-400 автомашинд шатахуун олгодог гэсэн үг. Тиймээс өнөөдрийнх шиг урт дараалал үүсгэж, иргэдэд чирэгдэл үүсгэхгүйн тулд 3-6 сарын шатахуун хадгалах нөөцийн савтай болохоор ажиллаж буй талаар салбарынхан мэдээлэв. Харин энэхүү ажилд 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардагдах юм байна. Тиймээс эхний ээлжинд шатахууны нөөц хадгалах сав барих аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж буй гэнэ.
89084
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.