Улсын онцгой комисс өчигдөр (2021.04.16) цахимаар хуралдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор дөрвөн эмнэлгийн орыг чөлөөлж, Covid-19-өөр өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх асуудлыг шийдвэрлэх тухай Эрүүл мэндийн сайдын саналыг дэмжсэн.
Тодруулбал, АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг , Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа сэргээн засах төв болон клиникийг ашиглахаар болжээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварын нийт тохиолдол 20655 болсон ба үүнээс 11450 хүн эдгэрээд байна. Харин одоогоор биеийн байдал нь хөнгөн 2060, хүндэвтэр 791, хүнд 223, маш хүнд 57 хүн байгаа аж. Мөн Covid-19-ийн шалтгаант нийт нас баралт 41 боллоо. Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүнд өвчтөн нэмэгдэх хэрээр нас баралт нэмэгдэж байгаа ажээ.