Монголбанк тайлбар хийжээ

2017-05-30 Банк, санхүү
 

Алтны арилжаанаас үүсэлтэй нэр бүхий компанийн хариуцах авлагыг эрсдэлийн сангаас хаасан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн зарим цахим хуудсанд гарч байгаатай холбогдуулан Монголбанкны зүгээс дараах тайлбарыг өгч байна.

2001-2007 оны хооронд Монголбанкнаас алт олборлогч Монполимет, Эрдэс холдинг, Монгол газар, Хайлааст зэрэг компаниудтай алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх, компаниудын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор тэдний өгсөн захиалгын дагуу алт худалдах, худалдан авах нөхцөлтэй алтны үнэд суурилсан санхүүгийн үүсмэл хэрэгсэлийн хэлцлийг гадаадын банк, санхүүгийн байгууллагатай хийсэн бөгөөд тухайн үеийн Монголбанкны удирдлага, компани аль аль нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж Монголбанкинд алдагдал үүссэн.

Дээрх хэлцлээр Монполимет компанийн 882.7 сая  төгрөг, 3.9 сая ам.доллар, Эрдэс холдинг компанийн 36.8 сая төгрөг, 7.2 сая  ам.доллар; Хайлааст компанийн 87.9 сая төгрөг, 1.78 сая ам.доллар; Монгол газар компанийн 513.6 сая төгрөг, 5.06 сая ам.долларын өр төлбөр тус тус Монголбанкинд бүртгэлтэй байгаа болно.

Монголбанк уг өр төлбөртэй холбоотой хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. Монполимет компанийн хариуцах төлбөртэй холбоотой Монголбанкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Монголбанк холбогдох хууль тогтоомжийн дагуу эрсдэлийн сангаас хаасан. Бусад компанийн өр төлбөрийг авлага барагдуулах үйл ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр хянан шийдвэрлүүлэх үйл ажиллагаа явагдаж байна.

МОНГОЛБАНК

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.